Оскарт ч бас “бодлого” бий

2015 оны 2 сарын 24

Өчигдөрхөн кино урлагийн шилдгүүд тодорч, алтан баримал эзэддээ очлоо. Оскарын шагнал гардуулах ёслол кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоод зогсохгүй нийгэм, улс төрийн үйл явцыг зарим талаар тусгаж байдгийг хэд хэдэн жишээ харуулсан гэхэд хилсдэхгүй биз ээ.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа эхлэхэд хөтлөгч Нейл Патрик Харрис “Энэ үдэш бид бүхэн Холливуудын хамгийн шилдэг, хамгийн “цагаан”.. оддыг төрүүлэх болно”хэмээсэн бөгөөд үүнийгээ нэн даруй залруулсан юм. Юутай ч тэрээр Оскарт нэр дэвшигчидтэй холбоотой зарим нэг үр дүнд нэлээд шүүмжлэлтэй бөгөөд егөөч байдлаар хандсан бололтой.

Тодруулбал, 1929 онд Академийн шагнал гардуулж эхэлснээс хойш “шилдэг эрэгтэй дүр” номинацид нэр дэвшсэн хар арьст жүжигчдийн ердөө долоон хувь нь ялалт байгуулж байжээ. Харин 2002 онд жүжигчин Хэлли Берри “Араатны цэнгүүн” кинонд бүтээсэн дүрээрээ шагнал хүртэж, “шилдэг эмэгтэй дүр” төрөлд ялалт байгуулсан цорын ганц Африк-Америк гаралтай эмэгтэй болсон юм. Мөн тэр жил Дензель Вашингтон “Бэлтгэлийн өдөр” киногоороо “шилдэг эрэгтэй дүр” номинацид ялалт байгуулсан байдаг.

Тэгвэл өнгөрсөн жил “Арванхоёр жилийн боолчлол” кино есөн төрөлд нэр дэвшсэнээс “шилдэг кино” номинацийг оролцуулаад гурван ч Оскарын эзэн болж байсан юм. Гэвч энэ жилийн тухайд нэр дэвшигчид тодорсон цагаас хойш сошиал ертөнцөөр 1998 оноос хойшхи хамгийн “цагаан” Оскарын шагнал гардуулах ёслол болох нь гэсэн шүүмжлэл тасраагүй байна.Учир нь энэ жил Оскарт нэр дэвшигчдийн ердөө зургаан хувь нь өнгөт арьст уран бүтээлчид байсан бөгөөд шилдэг жүжигчдийг шалгаруулдаг дөрвөн номинацид нэг ч хар арьст болон ази гаралтай жүжигчин нэр дэвшээгүй юм.

Гэтэл өнгөрсөн онд арьс өнгөөр ялгаварлан гадуурхахаас үүдэлтэй Фергюсон хотын жагсаал газар авч АНУ-ын 120 хотод эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэж байсан билээ. Мөн хар арьст залуу Латин америк гаралтай хоёр цагдаагийн аминд хүрч олон нийтийг цочирдуулсан. Хэрэв энэ бүхнийг үнэхээр санамсаргүй тохиолдол гэж үзвэл тун ч “хатуухан” давхцал үүсчээ.

Түүнчлэн шилдэг найруулагч, шилдэг кино номинацид олон шүүмжлэгч, кино сонирхогчид  “Boyhood”, “The Theory of Everything” хоёрын аль нэгийг шалгарна хэмээн таамаглаж байсан ч аль алийг нь “Хүн шувуу” хамаж одлоо. Үүгээр ч зогсохгүй хоёр жил дараалан Мексикийн уран бүтээлчид “шилдэг найруулагч” номинацид ялалт байгуулсан тохиолдол болж байна. Өнгөрсөн жил Альфонсо Куарон “Gravity” киногоор нэр дэвшиж шилдэг найруулагчаар тодорсон бол энэ жил түүний найз Алехандро Гонсалес Иньяритту “Хүн шувуу” киногоор шагналын буухиаг үргэлжлүүллээ. Тэрээр шагнал гардаж авахдаа АНУ дахь Мексик цагаачдын талаар “Тэд цагаачдад өмнө ирсэн хүмүүсийн нэгэн адил элэгсэг, хүндэтгэлтэй хандаж гайхамшигтай цагаачдын улс орныг бүтээн байгуулна гэж найдаж байна” гэсэн юм.

Ер нь үе үеийн АНУ-ын Ерөнхийлөгчдийн хувьд цагаачдын асуудал толгойны өвчин байсаар ирсэн. Харин Барак Обама энэ асуудлыг эцэс болгохын тулд Цагаачлалын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар “зүтгүүлж” байгаа ч конгресс төдийлөн дэмжихгүй байгаа юм. Тэрээр өнгөрсөн арваннэгдүгээр сард таван сая гаруй цагаачид тус улсад оршин суух хууль ёсны эрх олгох шийдвэр гаргасан билээ.

Оскарын “бодлого” энэ бүхнээр төгсгөл болсонгүй. Шилдэг баримтат киноны төрөлд АНУ-ын тусгай ажилтан Эдвард Сноудэний тухай өгүүлэх “Иргэн дугаар дөрөв” кино шалгарсан нь бүр ч сонирхолтой. АНУ-ын дайсан төдийгүй баатар гэгддэг тэрээр найруулагч Лора Поитрастай анх холбоо тогтоохдоо “Иргэн дугаар дөрөв” хэмээх нэрийг ашиглаж байсан бөгөөд хожим энэ нь баримтат киноны нэр болжээ. Тус бүтээл нийгэм, улс төрийн ач холбогдлын хувьд ч хэд хэдэн онцлогтой.

Эдвард Сноудэн Лора Поитрас болон Их Британийн “Гвардиан” сонины сэтгүүлч Гленн Грийнволд нартай холбоо тогтоосныхоо дараа уг баримтат киноны зураг авалтыг 2013 оны зургаадугаар сард Хонконгийн нэгэн зочид буудалд авч байжээ. Үүний дараа Эдвард Сноудэн Оросоос улс төрийн орогнол хүсч, Лора Поитрас аюулгүй байдлаа бодон Европт амьдрах болсон байдаг.

Найруулагч Лора Поитрас 2001 оны террорист халдлага АНУ хийгээд дэлхий нийтэд хэрхэн нөлөөлснийг тусгасан гурван цуврал баримтат кино хийсэн ба “Иргэн дугаар дөрөв” бол эдгээр баримтат киноны сүүлчийнх нь юм. Эхнийх нь 2003 онд гарсан АНУ-ын түрэмгийллийн дараах Иракийн дүр зургийг харуулсан “Миний эх орон, миний эх орон”, харин дараагийнх нь АНУ-ын Куб дахь Гуантанамогийн шоронд хоригдож байсан хүмүүсийн тухай өгүүлдэг “Тангараг” нэртэй баримтат кино билээ. Эдгээр цуврал бүтээлүүдийг кино шүүмжлэгч болон улс төр судлаачид АНУ-ын гадаад бодлогыг тод томруунаар харуулах сайн бүтээл болсон хэмээн үнэлдэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18031
0 эможи
keyboard_arrow_up