Залуу найрагчид шүлэгэн хүлгээ сойжээ

Залуу яруу найрагчдын “Цагаан уул” наадам энэ сарын 13-нд зохион байгуулагдахаар тов зарлагдаад буй. Тус наадамд оролцож шилдгээр шалгарсан залуу яруу найрагчид цаашид “Болор цом” наадамд амжилт үзүүлдэг нь бичигдээгүй хууль юм. Тухайлбал, шилдэг оролцогч Г.Мөнхцэцэг, А.Эрдэнэ-Очир, Д.Болдхуяг, Л.Моломжамц нарын яруу найрагч “Болор цом”-ын эзэд болсон бол залуу яруу найрагч С.Начин, Ч.Ууганбаяр нар тусгай байрт орж байсан удаатай. Энэхүү наадмын анхны цомын эзнээр МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь тодорч байсан түүхтэй.
Залуу шүлэгчдийн аяны дөрөөнд сүү мялааж, Монголын яруу найрагт өөрийн нэрийг тунхаглах залуу явъяастнууд төрөн гарахад үнэтэй хувь нэмрээ оруулдаг “Цагаан уул” наадмын эхний шалгаруулалт энэ сарын 21-ээс эхэлсэн бөгөөд одоогоор 20 гаруй материал хүлээн аваад байгаа аж. Наадмын бичгийн шалгаруулалтын бүртгэл орон нутагт энэ сарын 8-ныг хүртэл, Улаанбаатар хотод энэ сарын 10 хүртэл явагдах юм. Харин наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр “Боса холдинг” ХХК-ны “Хүн бүрийн хайрын амт Bon o Bon”, дэмжигч байгууллагаар “Байгаль бүтээж бид баталгаажуулна” “Тэрэлж” цэвэр ус ажиллаж байна. Мөн энэ жилийн “Цагаан уул” хайрын шүлгийн наадмыг МҮОНРТ хамтран зохион байгуулж буй бөгөөд уг наадмын тухай нэвтрүүлэг бэлдэн сар шинийн өдрүүдэд MNB1, MN2 сувгаар цацах юм.









