Морин хуурчид Улаанбаатарт чуулна
Энэ сарын 26-ны өдрөөс ирэх тавдугаар сарын нэгэнд “Морин хуурын олон улсын IV наадам-уралдаан 2014” Улаанбаатар хотноо болно.
Энэ наадмыг ССАЖЯ, Дэлхийн морин хуурын холбоо, Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сан зэрэг байгууллага хамтран зохион байгуулдаг. Эдгээр байгууллага нь “Морин хуурын олон улсын IV наадам - уралдаан 2014” арга хэмжээ бол монголчуудын соёлын хосгүй үнэт өв морин хуурыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байгаа юм.
Монгол улсын Ерөнхийлөгчийн “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй уг наадамд манай морин хуурчдаас гадна Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Герман, Францын 100 гаруй морин хуур суралцагч, сонирхогч, урлаач, эрдэмтэн судлаачид оролцох санал хүсэлтээ ирүүлжээ.