И.Штраус оргилуун дарс балет маргааш тоглогдоно

2015 оны 1 сарын 23

УДБЭТ 2015 оны нэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд вальс хөгжмийн хаан гэгддэг Австрийн алдарт хөгжмийн зохиолч И.Штраусын 15 хөгжмийн бүтээлүүдийг нэгтгэсэн “Оргилуун дарс” нэртэй шинэ балетыг дэглэн тоглуулж байна. “Оргилуун дарс” балет нь нэгэн үзэсгэлэнт бүсгүйн сэтгэлд ургасан төсөөлөл, түүний баяр баяслаар дамжуулан залуу хүний дотоод ертөнц, амьдралын сайхан талыг орчин үеийн сонгодог бүжиг болон вальс бүжгийн гайхамшигт хослолоор харуулахыг зорьж буйгаараа онцлог юм. 

 И.Штраус нь 6 настайдаа анхны вальсын хөгжмөө бичсэн бөгөөд 74 насныхаа 55 жилийг уран бүтээлд зориулсан хөдөлмөрч, хөгжөөнтэй нэгэн байжээ. И.Штраус бүжгийн нийт 500 орчим хөгжим бичсэний тэн хагас нь вальсын аялгуу байдаг. Түүний “Цэнхэр дунай”, Венийн шугуйн үлгэр”, “Жүжигчний амьдрал”, “Хаврын дуун” зэрэг олон бүтээл нь дэлхий дахинаа алдаршиж, бүх улс үндэстний сонгодог хөгжмийн урын санд орсон байдаг.

“Оргилуун дарс” балетын цомнол, найруулга, дэглэлтийг УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва хийсэн бөгөөд симфони найрал хөгжмийг ерөнхий удирдаач УГЗ Н.Туулайхүү удирдан тоглуулна. Гол дүрүүдэд:УДБЭТ-ын балетын гоцлооч СТА Б.Саруул, А.Эрдэнэболд А.Билгүдэ, О.Анужин зэрэг залуу бүжигчид тоглоно. Тус тоглолтонд бүжигчид тайзан дээр хормын дотор хувцсаа солих, өвөрмөц үзүүлбэр, илбэ зэрэг сонирхолтой зүйлүүдийг бэлтгэсэн байгаа юм. УДБЭТ-ын хамт олон уг тоглолтын үеэр сонгодог урлагийн үзэгчиддээ зориулан шинэлэг сонирхолтой хөтөлбөрүүдийг бэлтгэж байгаагаа дуулгахад таатай байна. Үзэгч та энэ үдэш манай театрт ирж ажлынхаа алжаалыг тайлах боломжийг бид олгож байна. Та бүхэн тоглолт эхлэхээс 1 цагийн өмнө УДБЭТ-т ирж, сонгодог орчинг мэдэрч, бидний бэлтгэсэн шинэ, содон хөтөлбөрүүдийг сонирхоорой. Хэрэв та УДБЭТ-ын “Оргилуун дарс” балетыг үзэхээр шийдсэн бол хар, цагаан өнгийн хувцсаар гоёхыг зөвлөж байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16360
0 эможи
keyboard_arrow_up