Заавал мэдвэл зохих 10 шүлэг

2015 оны 1 сарын 10

Монголын орчин үеийн утга зохиолын үндсийг тавигч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж 1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, эдүүгээгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд төржээ.

1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэж байв.
Д.Нацагдорж ЗХУ болон Германд хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцжээ.
Монголын зохиолчдын байгууллагын анхны нарийн бичгийн дарга нарын нэг Д.Нацагдорж “Уушандар”, “Сандо амбаны харгис явдал” жүжиг “Учиртай гурван толгой” дуурь, “Миний нутаг”, “Од”, “Октябрь” зэрэг олон арван шүлэг, “Хуучин хүү”, “Цагаан сар ба хар нулимс”, “Харанхуй хад” зэрэг өгүүллэгүүдээрээ алдаршжээ.
Д.Нацагдорж оросын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж А.С.Пушкиний “Гилберийн хатан”, “Буудалцсан нь”, Эдгар Погийн “Алтан цох” зэрэг зохиолуудыг орос, герман хэлнээс орчуулжээ.
Д.Нацагдоржийн зохиол гадаадын олон хэлнээ орчуулагдсаны гадна түүвэр зохиол нь ЗХУ, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгджээ.

Миний нутаг

Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд  

Үргэлжлэл бий......................

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд
Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд
Хvн малын ундаа болсон тойрон бvрд уснууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Орхон, Сэлэнгэ, Хөхvйн онц сайхан голнууд
Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал, хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрханууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдамууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдагууд
Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хангай,Говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
Гөрөөс, араатан авласан урт урт шилнvvд
Хvлэг морьд уралдсан хөндий сайхан хоолойнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Салхины vзvvрт найгасан соргог нарийн ногоотой
Саруулд талд яралзсан сонин янзын зэргэлээтэй
Сайн эрс цугласан байц бэрх газартай
Сvлд тахилга улирсан сvмбэр их овоотой

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сvлжих тэнэгэр сайхан нутагтай
Дөрвөн цагийн улиралд дураараа нvvх нутагтай
Таван зvйлийн тарианы хөрс шороот газартай

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Yр, ач, хvvхдийн vржиж өссөн газар
Таван хошуу мал тал дvvрэн бэлчсэн нутаг
Монгол хvн бидний сэтгэлийг сорсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бvрхээд
Болор шилийн өнгө гялтганаж, гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жигvvртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Алтай, Хянган хоёрын завсарт атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хvннv, Сvннvгийн vеэс хөгшид өвгөдийн нутаг
Хөх Монголын цагт хvчирхэг болсон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бvрхсэн нутаг

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өссөн төрсөн бидний vндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл vтэр өшиглөн хөөнө
Хувьтан энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хvндтэй гавьяаг байгуулъя

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

2. Б.Ринчен: Монгол хэл

Б.Ринчен 1905 онд Хиагтын нутагт Бул Сарай хэмээх газар төржээ. Түүний төрж өссөн гэр бүл хуучны сэхээтэн албан хаагч бөгөөд бичиг соёлыг эрхэмлэн үздэг, орос хэлнийг чадамгай эзэмшсэн, хуучин уламжлал, ардын билгэ зүйг эрхэмлэн хүндэтгэдэг байсан нь балчир хүүд эртнээс нөлөөлжээ.

Монгол хэл

Чихину чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн Магтмуу би

Урьдын бэрх цагт Монгол улсын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригий мину сэргээсэн
Өөдлөн дэвихиин төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн бадархын шинж нь бүрдсэн өвөгдийн минь хэл

Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндийцээжинд орогч бүгдийг хэвтэрхчадалт
Хагжим мэт яруу баясгалант Мохгол хэл минь

Өсөх наснаас өтлөх насан хүртэл
Өдөр бүр үгсийн эрдэний чинь баярлан түүнэм
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн магнайн үрчлээ тэниинэм


Түгшүүрт бэрхийг даван туулсан баатббр түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулхын гэгээн улирал нээгдсэнд
Сэлбэлгүй сэцэн оюутан хэл вүгээн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдам уу үсэн буурал өтгөс би

Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авъаст хөвгүүд дүү нар халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан Монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж 
Энхрийлэн бадаруулахын бат зориг төгс юутай сайхан

Чихину чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн Магтмуу би


3.Цэндийн Дамдинсүрэн: Хоёр настай Ро

Эрдэмтэн зохиолч. Одоогийн Дорнод аймгийн Матад суманд 1908 онд төрсөн. 1938 онд Ленинградын дорно дахины дзэд сургууль, 1950 онд тус сургуулийн аспирантурыг дvvргэжээ. 1957 онд профессор цол, 1961 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишvvнээр сонгогдож, 1971 онд хэлбичгийн ухааны докторын зэрэг хvртжээ. «Буурал ээж минь», «Гологдсон хvvхэн», «Хачин хурим» зэрэг ном, тvvвэр хзвлvvлжээ. 1946,1947,1951 онд Монгол Улсын төрийн шагнал, 1986 онд Монгол Улсын ардын уран зохиолч цол хvртжээ. 


Хоёр настай Ро шүлгийн гол баатрууд хэн бэ?
1933 онд оюутан Ц.Дамдинсүрэн Ленинград хотноо анд Уртнасан, гэргий Сурмаажав, тэдний 2 настай охин Роза буюу Батнасангийн ойн баярт ирэхдээ энэ шүлгийг гардуулжээ
Ц.Дамдинсүрэн гуайн босоо монгол бичгээрээ мутарлан үлдээсэн эх ноорог эзэндээ буюу 2 настай Ро нэрт Батнасан бууралд хадгалаастай бий.
Түүхээс... “Майн нэгнийг тохиолдуулан 1935 оны 4-р сарын 27-нд монгол үсгээр бичиж Ленинградын Дорно Дахины Хүрээлэнгийн “ИВ Штурм” нэртэй ханын сонинд гаргасан шүлгийг Д.Цэдэв гуай 1969 онд тус хүрээлэнгийн номын сангаас хуулан авчээ. Ц.Дамдинсүрэн гуай залуу цагийнхаа хүрэн бор өнгийн гэрэл зургийн ард монгол бичгээр бичсэн “Зургийг минь үзвээс...” эхлэл бүхий шүлгийг, дээрхтэй ижил гэмээр гэрэл зургийн ард “Уртнасан, Сүрмаажав нарт”гэж хандаж мөн монгол бичгээр бичсэн “Биеийн дүрс хэмээгч...”гэж эхэлсэн бадгийг буулгав...
Ц.Дамдинсүрэн “Хоёр настай Ро” шүлэгтээ
Дээшилж яваа Монголын
Дэвшиж яваа У-гийн
Дэлгэрч яваа Сү-гийн
Өсөж яваа Ро-гийн хэмээн гардагийн У-гийн гэдэг нь Уртнасан, Сү-гийн гэх нь Сүрмаажав, Ро-гийн гэх нь Роза гэдгийн товчлол болно. Уртнасан, Сүрмаажав нарын охин, хожим Батнасан нэртэй болсон Розагийн хоёр насны ойд очихдоо Ц.Дамдинсүрэн 1935 онд уг гэрэл зургаа Уртнасан, Сүрмаажав нарт дурсгаж өгсөн ажээ.”

Хоёр настай Ро

Дээшилж яваа Монголын
Дэвшиж яваа У-гийн
Дэлгэрч яваа Сү-гийн
Өсөж яваа Ро-гийн
Нүд нь дүгрэг бөгөөд харавтар
Тунгалаг толийн гэрэлтэй
Шүд нь хурц бөгөөд жижиг
Цагаан лавайн өнгөтэй
Үс нь нарийн бөгөөд хархан
Зөөлөн мяндасын ширхэгтэй
Зүс нь бор бөгөөд хөрслөг
Сайхан Монголын шинжтэй
Ариун тунгалаг ухаантай
Аз завшаан ихтэй
Алив хүсэл нь бүрдсэн
Амраг хөөрхөн дүү минь
Ангаахайн чинээ амандаа
Алим үмхээд бувалзана
Аягын чинээ гэдсээ
Амтат жимсээр дүүргэнэ
Толинд байгаа дүрстэйгээ
Тоглон инээн наадна
Тохойн чинээ биеэрээ
Бүжиг хийх гээд дэвхцэнэ
Аятай харагдсан бүгдийгээ
Ай е е гэж дуудна
Аав ээжээ харахдаа
Ааваа, маам аа гэж байна.
Балга хүрэхгүй шөлийг
Барж ядан ууна
Үмх хүрэхгүй махыг
Үлтэлж ядан иднэ
Үдээс үдэш болтол
Үүргэлж бүр ядарчихна
Үргэлж юм оролдсоор
Нойр нь бүр хүрчихнэ
Тэнд энд гишгэсээр
Тэнтэр тунтар явна
Тэвдэж яарч явсаар
Тээглэж бүдэрч ойчно
Бөгтөгнөж байгаад мөлхөнө
Бондгонож байгаад босно
Муу муу гээд заана
Хош хош гээд хараана
Боргоцой гараа сарвайгаад
Боов боов гэж бархирна
Өгөхгүй бол уйлж гарна
Уйлаад унжаад ирэхлээр
Нүүр нь улайн үрчийгээд
Нүд нь онийн гурвалжилаад
Нулимс нь ундран дуслаад
Нус нь бөнжигнөн гоожоод
Бий чадлаа шавхаад
Бияа бияа гэж бархираад
Аав ээжээ маажлаад
Аргадаж авахыг горьдоно
Эрээн мярааныг харуулбал
Ингэж уйлахаа больчихно
Ээж нь аваад аргадвал
Мээмээ хөхөөд тайвширна
Тохойн чинээ биетэй
Ханцуйн чинээ дээлтэй
Бээлийн чинээ малгайтай
Балчир нялх дүүгийн минь
Аавдаа алт болсон
Ээждээ сувд болсон
Энхрий булбарай бие нь
Эсэн мэндээр хүмүүжиг
Бага жаахан бие нь
Батжин сайнаар торниг
Бадамлянхуа цэцэг мэт
Бадран сайнаар дэлгэрэг
Ай хөөрхий Ро минь
Эрэгтэй хоёрын дээр
Эмэгтэй гурвын хамт
Тааруухан таван дүүтэй болоорой
Хуучин цагийн сүүлд
Хувьсгалт цагийн эхэнд
Харанхуй үеийн өнгөрөхөд
Гэгээн замын нээгдэхэд
Тохиолдож төрсөн зол байна
Олны үзэх гайхамшиг байна
Эрдмийг сурах завшаан байна
Энхжин жаргах заяа байна.
Арвидах шинийн сар шиг
Дэлгэрэх хаврын цэцэг шиг
Өдөр бүр өсөж байгаа
Цаг бүр чадалжиж яваа
Эрхэм янаг дүүдээ
Захих захиа, хэлэх үг
Заах сургаал, бэлэглэх ерөөл минь
Арав шахам наснаасаа
А, Б гээ холбосоор
Ахих шатаа дамжаарай
Арав тавыг нийлүүлсээр
Дөхөх замаа олоорой
Бэх цаас учруулсаар
Бичгийн эрдмийг сураарай
Эрдэм ажлыг хосолсоор
Эрхэм гавъяаг байгуулаарай
Хоёр хүрээгүй нялхдаа
Туурайт морины давшгүй
Тураг шувууны дэвшгүй
Түмний газар хүрчиж дээ
Гар нь ганзаганд хүрвэл
Гадаад далайг туулах байх
Хөл нь дөрөөнд хүрвэл
Хөрст дэлхийг тойрох байх
Ээ хөөрхөн Ро минь
Аэропланаар энд тэнд нисэж
Галт тэргээр газар бүр зугаацаж
Газар усны гайхамшгийг үзээрэй
Түүнээс Монголдоо буцаж
Төв журмаар явж
Түвшин голомтыг байгуулж
Түгээмэл ихээр жаргаж
Таван ханатай гэр барьж
Тал дүүрэн мал билчээж
Зуун адуу ууландаа хурааж
Мянган хонь гаднаа хотлуулж
Тогоо дүүрэн сүү хөөрүүлж
Торх дүүрэн өрөм хурааж
Суулга бүгддээ тараг бүрж
Сав бүгддээ аарц шүүж
Шинэ ааруул хүүдийгээр гаргаж
Шилдэг айраг хөнөгөөр сөгнөж
Шимийн архи аягаар бялхуулж
Шингэн зөөхий хувингаар уудалж
Аав ээждээ өргөн дэвшүүлж
Ах дүүдээ өгөн хүндэлж
Халуун зуураа найрлан цэнгэж
Харь олныг зочлон хуримлаж
Эцэг өвгөдийн сайшаалыг сонс
Эмгэд хөгшдийн ерөөлийг дуул
Ард олондоо их тус бол
Амар жаргалыг ихээр эдэл

4. Ч.Чимэд : Би Монгол хүн

Би Монгол хүн

Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
Цэнхэр манан суунагласан
Алсын барааг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь
Үнсээд ч байгаа юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд ч байгаа юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг.

Өргөн сайхан нутгийнхаа
Өвчүүн дээр нь төрөөд
Өнөр уудам талынхаа
Өнгөт амьдралын төлөө
Амь биеэ зориулдаг
Ариун нандин заншилтай
Өвгөд хөгшид дээдсийн минь
Үрээ гэж найдаад
Үлдээж надад өгсөн
Өнөр Монгол орны
Нар нь намайг гийгүүлж
Нарийн салхи нь үлээж
Найртай сайхан орон минь
Надтай хувь нэг байдаг тул
Унасан энэ нутгаа би
Эхийн сүү шиг санадаг
Энэ нутагтаа би эзэн нь юм
Энхрийлэлд нь өссөн хүү нь юм
Ирээдүйг нь түмэнтэйгээ босголцох
Их үүргийг хүлээсэн юм
Хэрэв хүн эх орноо
Хамгаас үнэтэй гэдэг бол
Хээр тал нутгаа юунаас ч илүү санадаг бол
Ажиллах хөдлөх бүрдээ
Ард түмнийхээ төлөө
Алхах гишгэх болгондоо
Аугаа орныхоо төлөө бол
Алтан шороо руугаа дайрсан
Атаатны хорт сумыг
Аюуш шиг цээжээрээ таглаж
Амиа өгөхөөс буцахгүй бол
Энэ хүн Монгол хүн
Эх орондоо хайртай хүн
Энэ хайр нь монголчуудад
Эртнээс хэвшсэн хайр билээ
Би Монгол хүн болохоор
Биндэрьяа нутгийнхаа төлөө
Бие амь бүх насаа
Авч байгаа амьсгалаа
Оргилж байгаа зоригоо
Алины нь ч хайрлалгүй зориулдаг
Төрөлх нутгаа гийгүүлсэн
Нарны туяанд хайртай би
Төвшин талдаа цуурайтсан
Эгшигт дуунд дуртай би
Ханагар чөлөөт нутгаа
Харах тусмаа баясаж байна
Халуун амиа хайрлахгүй
Зүтгэх зориг нэмэгдэж байна
Онгирч хөөрсөн сэтгэлээс биш
Оргилсон баярт сэтгэлээ
Орчлон дэлхийн өмнө
Одоо дахиад давтах юм бол
Би Монгол хүн болохоор
Нарлаг Монгол нутгийнхаа
Найдварт хөгжлийн төлөө
Насаа зориулсан улс аа
Анд нөхөдтэйгээ
Алаг бяруу шиг номхон байна гэж
Алалдах дайсан учирвал
Арслан бар шиг догшин байна гэж
Зөвхөн үг хэлээрээ зогсоогүй
Зүрх сэтгэлээрээ монголжсон
Зүг зүгийнхээ ах дүү нарын өмнөөс
Зүглэж хэлэхэд бэлэн байна


5. Б.Явуухулан - Би хаана төрөө вэ?
/1929-1982/

Тэрээр Завхан аймгийн Алдархаан суманд 1929 онд төрсөн. 1949 онд санхүүгийн техникум, 1959 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. "Би хаана төрөө вэ?", "Мөнгөн хазаарын чимээ", "Тэхийн зогсоол", "Хар-Ус нуурын шагшуурга", "Хээр хоносон сар" зэрэг бүтээл туурвижээ. 1964 онд Монгол Улсын төрийн шагнал, 1979 онд соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртжээ.

Б.Явуухулан : Би хаана төрөө вэ?

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд
Орсон буурийн шүд өвөл хангинах хоолойд
Yлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Yүр шөнийн завсар шүүдэр буух навчинд
Yрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зүрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд
Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй
Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны үе дамжсан домогт
Хүчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

6. Морин хуур /М.Цэдэндорж/ (1932-1982) 

1932 онд Говь-Алтай аймгийн Наран сумын нутагт (Бурхан буудай уулын өвөрт) нэрт яруу найрагч Мишигийн Цэдэндорж мэндэлжээ
1951 онд (19нас) Багшийн сургууль төгссөн
1953 оноос (21нас) уран бутээлийн гараагаа эхэлсэн.
1964 онд (32 нас) Морин хуур шүлгээ бичсэн
1970 он орчим Зөвлөлтийн шилдэг яруу найраг орчуулгийн 2 боть ном гаргасан.
1982 онд (50 нас) таалал болсон


Унаган xөлгөө дурсан
Уран хуураа татаж
Утгын яруу дуундаа
Уярч xатуужиж сууxдаа

Xорвоогийн xамаг явдлыг
Xоёрxон чавxдасаар ярьдаг
Xосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай

Жонон xараа амилуулсан
Жороо xоёр чавxдас нь
Бөмбөмзүүлэн тэшээд гараxаараа
Дөрвөн цагийн гишгидэлтэй

Xорвоо гэдэг өргөн ч
Xотол гэдэг олон ч
Xолбож яаж дуулаxаараа
Xоёрxон чавxдасанд багтана вэ

Дөрвөн туурайн төвөргөөн
Дөxсөөр дөxсөөр тодорно
Xоёрxон чавхдасанд дээгүүр
Хойнохтоос нь ч зуйрайна

Xоёрxон чавхдасанд дээгүүр
Урдах зам нь дурайна
Алаг зүрхний минь цохилт
Арван хурууны авьяасанд

Xоёр чавхдасаар лугшин
Xонгор амрагаа мөрөөднө
Xоёр чавхдасаар лугшин
Xүслийн далайд умбана

Xоёрхон чавхдасны эгшигэнд
Xорвоо юундаа уярана вэ
Xоёрхон чавхдасны эгшигэнд
Xорвоо юундаа баясана бэ

Буурал xорвоогийн түүхийг
Буманолны хүслийг
Xолбож яаж дуулахаараа
Xоёрxон чавxдасанд багтана вэ

Xорвоо гэдэг хоёрхон өнгө
Xар цагаан хосолсон
Xотол гэдэг хос амраг
Зовлон жаргал хосолно

Өргөн орчлонд хоёрхон чавхдас бий
Өдөр гэж бий шөнө гэж бий
Өнөр олонд хоёрхон тохиол бий
Учрал гэж бий хагацал гэж бий

Xорвоо гэдэг өргөн ч
Xотол гэдэг олон ч
Xоёрхон чавхдасанд багтааж
Xолбохийн учир энээ

Дөрвөн туурайн төвөргөөн
Дөxсөөр дөxсөөр тодорно
Xоёрxон чавхдасанд дээгүүр
Хойнохтоос нь ч зуйрайна

Xоёрxон чавхдасанд дээгүүр
Урдах зам нь дурайна
Алаг зүрхний минь цохилт
Арван хурууны авьяасанд

Xоёр чавхдасаар лугшин
Xонгор амрагаа мөрөөднө
Xоёр чавхдасаар лугшин
Xүслийн далайд умбана

Xорвоогийн xамаг явдлыг
Xоёрxон чавxдасаар ярьдаг
Xосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15502
2 эможи
keyboard_arrow_up