Адуучин, дуучин С.Дэлгэртөр МУСТА боллоо

2015 оны 1 сарын 08

Өнгөрөгч 12 сарын 25-нд гэхэд Соёл спорт, аялал жуулчлалын яамнаас тус салбарт хоёргүй сэтгэлээр, үнэнч зүтгэж яваа хэсэг хүмүүсийг шагнаж, цол тэмдэгээр энгэрийг нь мялаасан юм. Эдгээрээс эзнээ олж, энгэрт нь гялалзахыг удаан хүлээсэн гэмээр нэгэн шагнал бол урлагийн салбарт 9 жил зүтгэж буй дуучин Сэрээнэнхоролын Дэлгэртөрд олгосон МУСТА хэмээх эрхэм хүндтэй, цол тэмдэг байлаа.
 
Түүний хувьд “Бэлхийн голын дуу”, “Ээжээс минь ирсэн ааруул”, “Үнэнээс яаж нуугдах билээ” зэрэг олон сайхан “найр, хайр”-ын дуугаараа дуунд дуртай ард түмнээ баярлуулж яваа нэгэн. Тэрбээр бусадтай адил нэр алдар хөөгөөд явдаггүй, гүндүүгүй нэгэн хэдий ч дуулсан дуундаа бол зүрх сэтгэлээ шингээдэг нь хийсэн уран бүтээлүүдээс нь мэдрэгддэг.  

С.Дэлгэртөрийг зөвхөн дуу гэлтгүй бусад дуучдын олон клипийг хийснээр нь салбарынхан нь андахгүй. Эвлүүлэгч, зураглаач бол дуучны маань олдмол авъяас гэхэд болно. Саяхнаас л гэхэд монгол адууны тухай “Тэнгэрлэг Монгол адуу”хэмээх нэвтрүүлгийг “Малчин” телевизтэй хамтран хийж байгаа гэнэ лээ.

Түүний тухай найз нөхөд нь “...Морь гэхээр л цөс нь  хөөрөөд явчихдаг, ёстой л жинхэнэ Монгол эр хүн дээ” хэмээн тодотгон ярих юм билээ. Юутай ч төр, түмэндээ хүндлэгдэнэ гэдэг сайхан. Харин тэдний итгэлийг алдахгүй байна гэдэг түүнээс ч том үүрэг. Ингээд Арын сайхан хангай нутгаараа овоглосон “Адуучин, дуучин” С.Дэлгэртөрдөө  уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15316
0 эможи
keyboard_arrow_up