Соёл урлагийн салбарын 2014 оны онцлох үйл явдлууд

2015 оны 1 сарын 05

Монголын соёл урлагийн салбарт өнгөрсөн 2014 онд тохиосон томоохон үйл явдлууд нэрлэж байна.

Удаан хүлээсэн шагналын эзэд

Монголын рок, попын салбарт өнгөрсөн 2014 онд удаан шагналын хур буусан юм. Гэхдээ эдгээр шагналуудыг тэдний фенүүд  удаан хүлээсэн учраас шагнал бүр үнэ, цэнэтэй байлаа. Ингээд  2014 онд 25 жилийн ойгоо тэмдэглэсэн монголын рок, попын амьд домог болсон “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн “Монгол Улсын Гавьяат жүжигчин” цолоор энгэрээ мялаасан юм. Түүнийг төрийн ордонд шагналаа гардан аваад төв талбайд гарч ирэхэд үе үеийн рок, попын төлөөллүүд болон фенүүд нь угтан авч талбай дүүрэн алга ташилтаар мялаан шагналын үнэ цэнийг илүүтэй мэдрүүлсэн. Мөн өнгөрсөн жил 20 жилийн ойгоо тэмдэглэсэн “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаярын энгэрт гялалзсан “Монгол Улсын Гавьяат жүжигчин” цол ч эзнээ олсон шагнал байлаа. Оны “отгон” шагналын эзнээр монголын видео урлагийн үндэс суурийг тавьсан анхдагч “On'n Off” продакшны Ерөнхий захирал, найруулагч С.Ононбат тодорсон юм. Тэрээр “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цолоор энгэрээ мялаасан бөгөөд  монголын видео салбарын анхны гавьяат болсоноороо онцлог байлаа.

Монголын алтан хоолойтнууд “Большой театр”-т

Хагас зуун жилийн түүхт монголын сонгодог урлагийн салбарынхан энэ жил уран бүтээлийн олз омог дүүрэн байлаа. Тэд өнгөрсөн арваннэгдүгээр сард “Монголын алтан хоолойтнууд” тоглолтоо ОХУ-ын Москва хотын алдарт “Большой театр”-ын тайзнаа эгшиглүүлэн сонгодог урлагын салбарт ямархан байр суурьтай яваагаа дэлхий нийтэд харууллаа. Сүүлийн жилүүдэд монголын сонгодог урлагийн салбарын уран бүтээлчид олон улсын томоохон уралдаан, тэмцээнд амжилт гарган эх орныхоо нэрийг гаргаад байгаа юм. Мөн тэд өнгөрсөн арванхоёрдугаар сард өөрийн тайзнаа Аргентинаас гаралтай, хурц шийдэмгий хөдөлгөөнтэй танго бүжгийг, сонгодог бүжигтэй хослуулсан "Төгсгөлгүй" танго балетыг үзэгчиддээ толиуулсан нь өндөр үнэлгээ аваад байгаа билээ. Түүнчлэн шинэ жилийн үдэш ДБЭТ-ын тайзнаа Гавьяат жүжигчин, алдарт Бостон балетын гоцлооч Д.Алтанхуягын шинэчлэн найруулан тавьж гол дүрд нь тоглосон “Цөмөөхэй” балет хүүхэд бүрийн сэтгэлд дурсамж болон үлдсэн юм.

39 киног тэргүүлсэн “Үргээлэг”

Монголын киночид өнгөрсөн 2014 онд үзэгчиддээ нэгэн том давалгааг мэдрүүлсэн. Тэдний уран бүтээл лхөнгөн гэхээсээ илүү амьдралын үнэт зүйл, хүн чанар, сэтгэл зүйн драмыг дэлгэн харуулсанаараа онцлог байлаа. Өнгөрсөн онд хамгийн их ашиг, орлого олсон киногоор найруулагч, зохиолч Ж.Сэнгэдоржийн “Үргээлэг”  кино шалгарсан юм. Кино багийнхан монголын нийгэмд тулгамдаж буй асуудлууд болон монголд ажиллаж амьдарч буй хятад иргэдийн тухай онцлон өгүүлсэн уг кино 433 сая төгрөгийн орлого олсон байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өнгөрсөн оноос эхлэн Монгол киноны орлогын мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж байгаа билээ. Энэ дагуу энэ онд дэлгэцнээ гарч, олны хүртээл болсон уран бүтээлүүдийг орлогоор нь жагсаасан юм. Жагсаалтын хоёрдугаарт “Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь бүтээл “Зүрхээр наадагч” 424 сая төгрөгийн ашиг орлогоор жагссан бол “Fantastic production”, “F-Studio”-ийн бүтээл “Аз жаргалын шок” инээдмийн уран сайхны кино 371 сая төгрөгийн орлогоор жагсаалтыг удаалжээ. 2014 онд нийт 39 Монгол кино үзэгчдийн хүртээл болж тус салбарын зах зээлд дөрвөн тэрбум орчим төгрөг эргэлдсэн гэсэн тооцоог ч ШӨХТГ-аас гаргасан байна.

Найруулагчдын халаасны жүжгүүд

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн “Бэсрэг жүжгийн төсөл” хэрэгжиж  байгаа билээ. Уг төслийн хүрээнд драмын долоон найруулагч тус бүртээ шинээр жүжиг найруулан театрын тайзнаа тавьсан юм. Анх “Найруулагч нарын халаасны жүжгүүд” хэмээн нэрлэж байсан энэхүү төсөл нэг бүтээл хийх хэмжээний төсвөөр хэрхэн чанартай олон урган бүтээлийг өөр өөр өнцгөөс үзүүлж болох вэ гэдгийг харуулсан юм. Төслийн хүрээнд Төрийн соёрхолт УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар Г.Пинтер “Өчигдөр”, Ардын жүжигчин Б.Мөнхдорж А.Ванпиловын “Хэрээт төгөл”, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг өөрийнхөө зохиол болох “Бүүвэй”, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж Дарио Фогийн “Чөлөөт хос”, найруулагч Ч.Түвшин Люсиль Флетчерийн “Уучлаарай, та дугаар андуурч”, найруулагч Э.Ёндоншаравын найруулга Ардын жүжигчин А.Очирбатын зохиол “Буруугүй буруутан” жүжиг, найруулагч Ч.Батнайрамдал Николай Колядагийн “Манекен” зохиолуудыг тус тус сонгон авч, тайзнаа амьдруулсан юм.

Г.Мэнд-Ооёо дэлхийн яруу найргийн наадмын дээд шагнал хүртлээ

Уянгын яруу найргийн их мастер хэмээн алдаршсан Румын улсын суут яруу найрагч Михай Эминескугийн олон улсын академиас өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулсан “Дэлхийн яруу найргийн наадам”-ын дээд шагналыг яруу найрагч Г.Мэнд-Ооёо хүртсэн юм. Дэлхийн нэр цуутай 50 гаруй яруу найрагч оролцсон энэ наадмаас монгол хүн дээд шагналыг хүртсэн нь нэр төрийн хэрэг байлаа. Румыний Крайова хотын урлагийн музейд болсон наадмын нээлтийн ёслолын үеэр өнөө цагийн хамгийн агуу уран барималч гэгддэг Винченцо Бианки өөрийн гараар урласан цомоо Г.Мэнд-Ооёод гардуулсан юм. Шагналыг гардаж авахдаа тэрээр “Монголын их утга зохиол, тэр дундаа манай үндэсний яруу найргийг өнө эртний соёлт Европ тивд хэрхэн өндрөөр үнэлж хүлээн авч байгаагийн тод илрэл гэж үзэж байна” хэмээн хэлжээ.

Ази номхон далайн триеннальд монголчууд оролцоно

Монголын дүрслэх урлагийн салбарт тохиосон томоохон үйл явдал бол монголын дөрвөн уран бүтээлч Австралийн Куйнслэндийн Орчин үеийн урлагийн галерейгаас гурван жил тутамд зохион байгуулах наймдугаар Ази номхон далайн триеннальд Монгол Улсаас анх удаа оролцох гэж буй явдал юм. Монголын уран бүтээлч залуус болох Б.Баатарзориг, Г.Гэрэлхүү, Б.Номин, Д.Үүрийнтуяа нар оролцохоор шалгараад байгаа юм. Эдгээр уран бүтээлчид сонголтод шалгарсан хамгийн эхний 15 уран бүтээлчдийн тоонд багтаж чадсан нь бахархалтай. 2015 оны арван нэгдүгээр сард эхлэх энэхүү олон улсын триеннальд нийт 25 орны 75 орчим уран бүтээлчдийг оролцуулах аж. Тус триеннальд Монголоос уран бүтээлчид оролцуулах зохион байгуулалтын асуудлаар “976” Арт галерей, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо хамтран ажиллаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15012
0 эможи
keyboard_arrow_up