Оны онцлох 9 сайн үйлсийн аян

2014 оны 12 сарын 31

 "Олны хүч оломгүй далай" хэмээх үгийн үнэ цэнийг сануулсан “Сайн үйлсийн аян”-ууд цөөнгүй байна. 


1.    Б.Билгүүдэй хүү

Орцны жижүүрийн байранд халуун тогоо буудсанаас гал гарч, угаарын утаанаас хоёр хүүгээ дагуулан зугатаж байсан Ц.Булган шатаар буухдаа хөл алдаж хоёр настай Б.Билгүүдэй хүүгээ шатны уруу унагажээ. Шатны төмөр бариул дагасан цахилгааны утсанд масс үүсэж, бяцхан хүү цээж, гуя, шилбэ гээд нэлэнхүйдээ түлэгдсэнийг Монголд хөлийг нь тайрахаас өөрөөр тусламж үзүүлэх боломжгүй учир Хятадыг зорьцгоосон. Харийн орны эмчилгээний зардал 70-80 сая төгрөг хэрэгтэй болсны дийлэнхийг Өвөрмонголчууд, түүн дотроо манай улсад нэвтрэх эрхээ хасуулаад байсан Ө.Оюунчимэг санаачлан цуглуулсан билээ. 

2.    “Дулма лин” халамжийн төв

Орон гэргүй 70-80 хүнийг нэг өдөрт халуун шөлөөр хооллодог тус төвийн талаар манай сайт сурвалжлан хүргэж байсан. Сайхан сэтгэлт олон хүн, “Монголын буддист залуучуудын холбоо” хамтран энэ сарын 23-ний өдөр тус төвийн шинэ жилийн баярыг тэмдэглэлээ. Энэ үеэр дулаан хувцас, өвлийн гутал зэргийг тараан өгчээ. 

3.    Завханы Ц.Гантулга

Аймгийн төв орох замдаа ангийн андтайгаа дайралдсанаар умгар овоохойдоо ганцаараа амь зуудаг, хоёр хөлөө хөлдөөсний улмаас тайруулсан Ц.Гантулга олны анхаарлын төвд өртсөн. Түүнд нутгийн зөвлөл, ангийн найзууд нь хоол хүнс, хувцас хэрэглэл, аймгийн төвд таван ханатай гэр, хашаа бэлдэн саяхан төвхнүүлсэн билээ. 

4.    Хорлоо эмээ

Цай чанаж, Бөмбөгөр худалдааны төвд борлуулан өргөмөл хүүтэйгээ хамт  амьдралаа залгуулдаг 90 настай Хорлоо эмээд туслах аян эрчимтэй өрнөлөө. Аяныг санаачлагч “Монгол тусгал” ТББ-ын залуус сайхан сэтгэлт ард түмэндээ хандан хандив цуглуулснаар Хорлоо эмээг сувилалд эмчлүүлэн, хувцас хэрэглэл, гэрийн тавилга, шинэ байшингаар тусалж чадсан юм. 

5.    Улаанчулуут дахь  сургалтын төв

“Зүрх бүхний төлөө” төслийн ялагч жүжигчин И.Одончимэг Мобиком корпорацийн ивээн тэтгэсэн 80 сая төгрөгөөр Улаанчулуутын хогийн цэг дэх хүүхдүүдэд боловсрол олгох сургалтын төв байгуулсан. 16-аас дээш насныхан суралцаж байгаа гэх шүүмжлэл дагуулаад байгаа ч сургалт албан ёсоор 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэх ажээ. 

6.    Жүжигчин Асигийн эмчилгээний зардал

“Шинэ үе” продакшны жүжигчин Р.Алтансүх цус харваснаас бие нь тааруудаж, Солонгос улсад эмчилгээ хийлгэх зайлгүй шаардлагатай болсон. Тиймээс хамтлагийнхан нь  болоод МУГЖ Т.Ариунаа, С.Жавхлан нар хамтран хандивын тоглолт зохион байгуулж 45 сая төгрөг цуглуулан хандивлажээ. 

7.    Хоёр настай хүүгээ дагуулсан Д.Эрдэнэцэцэг бүсгүй

“Түр хамгаалах байр”-наас хоёр ой гарантай хүүгээ дагуулан .Эрдэнэцэцэг бүсгүй манай сайтын байранд ирсэн билээ. Тэд орон гэр, хүүхдийн цэцэрлэг, ажил олж өгөхийг хүсэн NTV телевизийн “Үндэсний мэдээ” мэдээллийн хөтөлбөрт хандсаны дагуу 120 гаруй хүн ямар нэгэн байдлаар туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Т.Даваасүрэн эгч гэртээ амьдруулан, эрхэлдэг ажилдаа туслалцуулан цалинжуулахаар боллоо. 

8.    Торт хийн зарж эмчилгээний зардал цуглуулж буй бүсгүй

Шөрмөс таталт, булчин сулрал өвчнөөр өвдөн АНУ-д эмчлүүлж буй Э.Алигэрмаа охиныхоо эмчилгээний зардалд нэмэр болохоор напелон торт хийж, зарж буй ээжид сайхан сэтгэлтэй олон хүн тусалж байна. Зардал мөнгөний асуудлаар бяцхан охиноо ганцааранг нь АНУ-ын буяны CCM /Children"s Circle Mission/ байгууллага руу явуулаад хоёр жилийн дараа эрүүл саруул болоод эргээд ирэхийг нь хүлээн сууна. 

9.    Хүүхдүүдийг ортой болгох аян

Хүйтний улирал эхэлснээр дүүргийн эмнэлгүүдийн ачаалал ихэст, хүүхдүүд шалан дээр хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс “Тумбааш далайд дусал” ТББ-ын залуус “Ор” сайн үйлсийн аяныг эхлүүлжээ. Есөн дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдэд 99 эвхдэг ор бэлэглэхээр төлөвлөсөн бөгөөд 35000 төгрөгийн үнэтэй оронд нийт 3.4 сая төгрөг шаардлагатай байгаа юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14952
0 эможи
keyboard_arrow_up