Урлаг, спортынхонд ээлтэй 2014 он

2014 оны 12 сарын 31

Өнгөрч буй 2014 он урлаг, спортынхны хувьд амжилт бүтээл, уран бүтээлийн олз омог өндөр байлаа. Спортынхны хувьд дэлхийн аваргуудтай болж, Сумогийн дэвжээг эзэгнэж, багийн спортын хөгжлийг тодорхойлсон жил байв. Харин урлагийнхны тухайд Холливудад нэрээ гаргаж, “Дэлхийн мисс”-д Монголоо нутгаа сурталчилж чадсан он жил өнгөрч байна. Ингээд урлаг, спортын салбарын оны шилдэгүүдийн талаар тоймлон хүргэж байна.

19 настай дэлхийн аварга С.Цэрэнчимэд

Чөлөөт бөхийн ДАШТ Узбекийн Ташкент хотноо болсон. Энэхүү тэмцээнд эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан Залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмжээний хүрэл медальт, ОУХМ С.Цэрэнчимэд алтан медалийн төлөө Азарбейжаны бөх Раткевичтай барилдаж, 12:3-аар ялж, алтан медалийн эзэн болсон юм. С.Цэрэнчимэдийн хувьд 19 настайдаа дэлхийн аварга хүртэж байгаа нь энэ юм. Мөн спортод онцлох үйл явдал болсон нь ОХУ-ын Чилябинск хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 60 кг-ын жинд хүч үзсэн Г.Болдбаатар Оросын бөх Беслан Мудрановыг нутагт нь ялж, дэлхийн аварга болсон явдал байлаа. Ингэснээр тэрээр Монголоос жүдо бөхийн гуравдахь дэлхийн аварга болсон юм. Энэ жилийн хувьд жүдо бөхөөр Г.Болдбаатар, Ө.Дүүрэнбаяр нар, чөлөөт бөхөөр С.Цэрэнчимэд, А.Батцэцэг нар ДАШТ-д манлайлж, спортын төрөлд онцлох үйл явдлыг түүхэнд үлдээж чадлаа.  

Сумо бөхийн дэвжээг Монгол хүү эзэгнэлээ

Японы Фүкүока хотноо болсон сумо бөхийн арваннэгдүгээр сарын башёд Монголын сумочид эд хав, уран барилдаанаараа өрсөлдлөө. Мэргэжлийн сумогийн арваннэгдүгээр сарын тэмцээнд ёкозүна Хакүхо М.Даваажаргал түрүүлж, 32 дахь түрүүгээ хүртсэнээр Тайхо аваргын дээд амжилттай зэрэгцэж ирсэн юм. Тэрээр сумогийн дэвжээнд дээд амжилтыг тогтоож чадав. Сумо бөхийн түүхэнд домог болон үлдсэн 48 дахь ёкозүна Тайхо Коки хамгийн сүүлд 1971 оны нэгдүгээр сарын башёд түрүүлсэн түүхтэй байдаг. Түүнийг 32 дахь түрүүгээ авсны дараагаар Япон улсын иргэншил болох асуудал яригдаж эхэлсэн. Гэвч тэрээр иргэншилээ солихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Түүний хувьд энэ жил 29 настай бөгөөд дахин нэг түрүүлж, дээд амжилтыг ганцаар эзэмшиж, улмаар 40 түрүү рүү тэмүүлэх боломж бий. Ийнхүү Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээг Монгол хүү эзэгнэсээр байгаагийн тод жишээг тэрээр харуулсан юм.

Монголд багийн спорт хөгжиж байгааг сагсчид харууллаа

XVII Азийн наадамд 45 улс өрсөлдсөнөөс манай улс 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн амжилтаар 16-р байрт орсон юм. Энэ бол Монгол Улсын спортын салбарт гаргасан томоохон амжилтын нэг. Монгол Улс багийн спортоор хэрхэн амжилт үзүүлж байгааг сагсан бөмбөгийн шигшээ багийнхан харуулж, 2014 оны түүхэнд бичигдлээ. БНСУ-ын Инчон хотноо зохион байгуулагдсан Азийн зуны спортын XVII наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд амжилт үзүүлж, шилдэг найман багийн нэгээр шалгарсан амжилтыг үзүүлэв. Үүгээрээ Монгол Улсад сүүлийн жилүүдэд сагсан бөмбөгийн спорт эрчимтэй хөгжиж, манай сагсдын ур чадвар өндөр болж байгааг илтгэсэн явдал байлаа.

А.Сүхбат аварга бөхийн дэвжээнээ дахин зодоглов

Их Монгол Улс байгуулагдсны 800 жилийн ойн их баяр наадмаар наадамчин олны сэтгэлийг гонсойлгон байж зодгоо тайлсан хүн бол А.Сүхбат аварга. Тэрээр найман жилийн дараа 2014 оны зун наадмын дэвжээнээ дахин зодоглолоо. Энэ бол үндэсний бөхийн түүхэнд онцлох явдал юм. Үндэсний их баяр наадмын өмнөхөн тэрээр даян аварга Г.Өсөхбаярын хамт “Дархан аварга” цол хүртсэн.

Монголын мотоцикльч нэрээ мөнхөллөө

“Дакар ралли-2014”уралдаанд Монголын тамирчин Д.Болдбаатар Ази тивээс ганцаараа 60 дугаарт шалгарсан. Монголын мотоцикльч Д.Болдбаатарын хувьд Ази тивээс “Дакар ралли”-д хоёр дахь удаагаа бичигдэж байгаа нь энэ. Уг уралдаанд анх Японы тамирчин эхний 50-д үлдэж байсан юм байна.

Жүжигчин Б.Амарсайхан Холливудын улаан хивснээ

Монгол жүжигчин Б.Амарсайхан Холливудад данстай жүжигчин болж нэрээ үлдээж, Монголын нэрийг Холливудын улаан хивсний ёслолын үеэр таниулж чадлаа. Монгол Улсын жүжигчид, уран бүтээлчид Холливудад гарах үүд хаалгыг тэрээр бусаддаа тавьж өглөө. Тэрээр “Нетфликс” компанийн бүтээл “Марко поло” цувралд Ариг бөхийн дүрийг бүтээсэн юм.

“Хонхны дуу” Төрийн соёрхолт хүртлээ

Монголын ард түмнийг ардчилан нийгэмд уриалан дуудсан “Хонхны дуу” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхолт хүртэв. Энэхүү дууг дуулж, амь оруулсан “Хонх” хамтлагийн ахлагч С.Цогтсайхан агсны хүү Ц.Түшиг, гэргий Н.Наташа, ах С.Майнбаяр, хамтлагийн дуучин Энхбаяр нар шагналыг гардаж авсан юм.

Сорхагтани хатны бүжгийг дэлхийд гайхуулав

“Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн мисс Т.Батцэцэг оролцсон. Тэрээр дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах 64 дэх удаагийн тэмцээнд “Бүх дэлхийн бүжиг”-ийн салхийг хагалж, Сорхагтани хатны бүжгийг дэлхийд гайхууллаа. Үндэсний урлаг, үндэсний хувцсаа сурталчилж чадсан бүсгүй юм. Хэдийгээр шилдэг 25-д шалгарч чадаагүй ч, монголчуудыг “Дэлхийн мисс”-д анхаарлаа хандуулж, Монголоо гэх нэг зүрх, зорилгын төлөө хөдөлгөж чадсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14920
0 эможи
keyboard_arrow_up