“Утгын чимэг” наадамд таван үеийн төлөөлөл оролцож байна

2014 оны 12 сарын 11
“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам ирэх баасан гарагт болох гэж байгаа билээ. Наадмын талаар Монголын зохиолдчын эвлэлийн гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн Г.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
 
-Утга зохиолын салбарт томоохон жин дардаг  “Болор цом”, “Утгын чимэг” гэсэн хоёр наадам бий. Уран үгийн чуулган гэж нэрийддэг “Утгын чимэг” наадмын энэ жилийн гол онцлог юу байгаа вэ?

- “Утгын чимэг” наадам маань 1990 оноос зохион байгуулагдсан. Энэ жил 17 дахь удаагийнхаа наамдыг энэ сарын 12-ны өдөр хийхээр төлөвлөчихсөн явж байна. Энэ наадамд үргэлжилсэн үгийн төрлөөр бичдэг зохиолчид жил бүр авъяас, онгодоо сорьж байдаг. Ер нь маш богино хэмжээний өгүүллэг бичнэ гэдэг зохиолчоос авъяас билэг, мэдрэмж, ур хийц шаарддаг төрөл гэж хэлж болно. Энэ наадам манай зарим нэг том бичдэг зохиолчид орж чаддаггүй тохиолдол бий. Яагаад гэвэл, их томоор бичдэг хүн чинь заримдаа жижгээр бичиж чаддаггүй юм байна л даа. Тиймээс “Утгын чимэг” нь зохиолчдын ур чадварыг  сорьсон наадам байдаг. Өгүүллэг төрлөөр бичдэг зохиолчид наадамдаа хүндэтгэлтэй хандаж, жил бүр бүтээлээ ирүүлдэг. Түүнчлэн шалгарсан өгүүллэгүүдийг жүжигчид уншиж, олон нийтэд хүргэдэг. Иймээс ч гурван талын хөдөлмөр орсон гэсэн үг. Дэлхийн бөмбөрцгийн хаана нь ч ийм наадам болдгийг би мэдэхгүй юм байна. Тиймээс өвөрмөц төрөлтэй наадам юм. Гадныхан ч  гайхдаг. Танайхан яагаад ийм хэмжээний зохиол бичдэг, жүжигчид нь уншдаг вэ гэж асуудаг. Энэ жилийн наадам 17 дахь удаагаа Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ гуайн 85 насны ойд зориулж байгаагаараа онцлог. Бид өгүүллэгээ хавар авсан. Наадмаа зохион байгуулах гэж олон удаа хичээсэн. Ямартай ч ондоо багтааж хийхээр болсон. Улсын эдийн засаг хүнд, хямрал нөлөөлж байгаа нь яалт үгүй үнэн. Гэхдээ бид зохиолчдынхоо сэтгэлийн тэнхээн дээр тулгуурлаад хийх гэж байна. Энэ жил манай Зохиолчдын эвлэлийн 85 жилийн ой мөн тохиож байгаа. Манай эвлэл хэмээх энэ айлтайгаа цуг олон сайхан зохиолчдын мэндэлсний ой тохиож байдаг юм байна. Саяхан Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 85 насны ойгт тэмдэглэлээ. Мөн Завхан нутагаас төрөн гарсан Хутагтуудын том цэнгүүнийг ч зохион байгууллаа. Ер нь зохиолч хүн өвөг дээдсээ дурсан, дээдлэн гэдэг нь өөрсдийнхөө бүтээлээр тэдэнд өргөл болж энэ наадмуудыг хийж байгаа. Энэ жилийн наадамд 80-аад хүний өгүүллэг ирсэн. Өгүүллэгүүдийн даацыг харж байхад, Төрийн соёрхолт, Урлагын гавъяат зүтгэлтэнгүүд гэх мэтээр Монголын утга зохиолын таван үеийн төлөөлөл зохиолчид бүтээлээ ирүүлсэн харагдаж байна. Манай үндэсний төвийнхөн шүүж, сүүлийн шатанд үлдсэн арван өгүүллэгийн авч үлдсэн. Шүүлтүүр сайн болсон байх гэж бодож байна. Олны танил  томоохон уран бүтээлчид, шинэ залуу үеийнхний бүтээлийг шүүнэ гэдэг, ер нь утга зохиолын төрлийг бүтээлийг шүүнэ гэдэг маш том зориг. Шүүхгүй байхын арга байдаггүй зүйл бидэнд тохиодог. Бид наадмын уншигчдад  арван зохиолчдынхоо бүтээлийг хэвлэж, номоороо урилга хийгээд  өгч байгаа. Хамгийн гол нь, тайзан дээр хүн өгүүллэгийн уншаад хүнд хүргэх нэг хэрэг. Сонсогч өгүүллэгээ бариад сууж байна гэдэг том шалгуур юм. Энэ нь өгүүллэгийн наадамд зохисон шалгуур болох болов уу гэж бодож байгаа.

- Утга зохиолын таван үеийн төлөөлөл болсон зохиолчдын бүтээл ирсэн гэдгийг та онцоллоо. Энэ нь “Утгын чимэг” наадам үнэхээр өргөн цар хүрээг хамарч байна гэдгийг харуулж байна. Тэгвэл жилээс жилд зохиолчдын бүтээлийн сэдэв, санаа, ур хийж хэр өөрчлөгдөж, ахиж байгаа вэ?

- Төрийн шагналт Ардын уран зохиолч Лодонгийн Түдэв гуай энэ шагналыг анх 1990 онд хүртсэн байдаг. Үүнээс хойш 20 гаруй жил болоход ирж байгаа өгүүллэгийн сэдэв, санаа, чансаа  цаг үеээ дагаад байнга өөрчлөгдөж байдаг. Гэхдээ монгол хэлний яруу тансаг байдал, утга уянга, соёлын өв санг баяжуулах утга санаа наадамд үргэлж шигтгээстэй байдаг. Зохиолч хүн цаг үе, нийгэмээ дагаад зохиолынхоо утга санааг өөрчлөх нь тодорхой. Гэхдээ хамгийн нандин зүйл нь богино өгүүллэгийн төрлөөр богино утга санаанд үндэсний хэлнийхээ яруу тансаг илэрхийллийг алдаагүй байдаг нь том онцлог юм. Зохиолч хүн өөрөө мөнхийн бүтээгч хүн байдаг гэдгээрээ энэ нь их нандин. Жинхнээсээ бүтээл туурвиж байгаа, утга зохиолын хүн гэдэг нь бүтээлээсээ ил харагдаж байдаг. Тэгэхээр энэ чиглэлээр явах хүн эсэхээ зохиолч хүн өөрөө тодорхойлдог. Сүүлийн үед орж ирж байгаа залуучуудын бүтээлийг харахад миний дээр хэлсэн уламжлалт харьцаа, үндэсний өв, хэлний яруу тансаг баялгаас ямагт шүүрчихсэн л байдаг юм. Манай наадамд таван үеийн төлөөлөл  оролцсоныг мөн онцолсон. Тухайлбал, Соёлын гавъяат зүтгэлтэн Санжийн Пүрэв, Төрийн шагналт зохиолч Цэндийн Доржготов гуайг манайхан бүгд мэднэ. Ингээд бодохоор 1960, 1970, 1980, 1990 оноос одоо 2000 он гарчихсан гэхэд залуучууд бүтээлээ ч ирүүлж байна. Энэ нь утга зохиол залгамж холбоотой тасраагүй,  амьд байгаагийн илрэл. Түүнчлэн зохиолчид авъяас билгээ, өөрсдийгөө, зохиолчдын байгууллагаа хүндэтгэж байгаа том хэлбэр гэж хэлж болно.

-Монголын зохиолчдын эвлэл гал голомт бат бэх,  салбараа зангидаж байгаа байгууллага гэж онцлох хүн цөөнгүй бий.  Танай зүгээс салбартаа хийж байгаа болон ирээдүйд хийхээр төлөвлөж буй ажлаасаа сонирхуулна уу?

-Бид гал голомтоо тасалчихдаггүй, байшин сууцаа  өөрчилдөггүй, 1920 онд л анх сууриа тавьж байсан, өөрсдийнхөө хүчээр амьдарч байгаа ганц айл манайх байна шүү дээ. Ер нь зохиолчид авъяас билгээсээ болж сална гэж байдаггүй араншингаасаа л болж муудалцдаг. Тэгээд эргээд уулздаг зүйл бол авъяас билэг л байдаг. Манай жил бүр зохион байгуулдаг үйл ажиллагаагаа тасалдуулахгүй л хийж байгаа. Бид Дашдоржийн Нацагдоржийнхоо музейг гал голомтодоо авч ирж залж, музейтэй болсон. Их зохиолчийн хэрэглэж байсан нандин хуучин зүйлс бүгд энэ дэлгээтэй байна. Анх энэ музейг байгуулахаас нь эхлээд тайларлаж байсан Жавзаа эгч маань ч ёсоороо энд ажиллаад тайлбараа хийгээд явж байна. Хуучин юм заримдаа шинэ юм байдаг. Нийгэм, цаг үе, хүний мөс ч хэврэгшиж байгаа энэ үед хуучин юмаа хадгалж, амин шүншигтэйгээ цуг байгаа айл бол амь бөх байна гэсэн үг. Тэр утгаараа бид хуучин уламжлалаа сэргээж, хойч үедээ залгамж холбоогоо тод томруун үлдээх чиглэлийг ажилд их анхаарч байдаг. Бид энд тэндгүй Утга зохиолын наадам, Уран үгсийн чуулган хийж байгаа.  Номын баяргүй долоо хоног ч гэж сүүлийн үе байхаа больсон. Ер нь хүмүүсийн халаас нимгэрч, ахуй амьдрал доройтож байна гэж байгаа нь оюун сэтгэлгээний юм. Бид харин энд бол амь бөхтэй байна гэж бодож байгаа. Аймаг бүрт л утга зохиолын наадам, баяр болж байгаа. Тиймээс ч бид хөдөө орон нутгийн уншигчидтайгаа ойртохоор наадам хийж байгаа. Өнгөрсөн долоо хоногт манай зохиолчид Ховд аймагт очиж, 8000 гаруй хүүхэд, багачуудтай уулзсан. Энэ мэтчилэн бид соёлын үрийг тарих ажлыг хийсээр байгаа. Бид “Алтан өд” уламжлалт наадмаа ирэх оны нэгдүгээр сарын 9-нд буюу манай Зохиолчдын эвлэл үүсгэн байгуулагдсаны ойн өдрөөр тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөсөн байгаа. Энэ наадам маань долоон төрлөөр жилийн турш зохиолчдын бүтээсэн бүтээлийг авдаг байгаа. Энэ наадамд зохиолчид маань номоо тэврэн ирж, бүртгүүлсээр байна. Оны төсгөлд болдог “Болор цом” гэж яруу найргийн сайхан наадам бийг уншигчид андахгүй байх. Бид энэ наадмыг сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт зохион байгуулж байгаа нь хөдөөгийн малчны хотонд байгаа хүн аймагтаа орж ирж наадамд оролцож, сонсоосой гэж хүсч байгаа юм. Наадмын өмнөх өдөр нь Уран үгсийн чуулган хийдэг уламжлалтайгаараа өгөөжтэй. Цагаан сарын өмнө талд “Болор цом” наадмаа удахгүй зохион байгуулна.

-Шүлэг яруу найрагч бичдэг, сонирдог залуучууд нэмэгдэж байгаа гэж зарим хүн хэлдэг. Таны бодлоор утга зохиолын салбарын залгамж холбоо хэр бэлтгэгдэж байгаа вэ?

- Уран зохиол хэдийнээсээ л явж ирсэн замтай. Энэ замаараа л явж байгаа. Дэлхий ертөнцөд хэрсэн олон зам бий. Гэхдээ үүнээс утга зохиолын зам гэдэг бол хамгийн  том бас тод нь байдаг.  Төдийгээс өдийг хүртэлх замыг харахад, цаашид явах замыг харахад ч жинхэнэ бүтээл л үлддэг. Цагийн төрхийг даваад, өнгө төрхөө хадгалаад жинхэнэ бүтээл л үлддэг. Жинхэнэ бүтээл хавтаслагдаж, цадиглагдаж үлддэг. Түүнээс биш энэ утга зөв өнгө, энэ нь буруу гэж шүүх арга байхгүй. Үе үеийн утга зохиолын төлөөлөл гарч ирэхдээ л өөрийн өнгө төрхийг гаргаж ирсэн байдаг. Гэхдээ эргээд харахаар цөөхөн хүн л үлдсэн байдаг. Цагийн шалгуур байдаг. Тэгэхээр одоо бичиж, шинээр хийж байгаа залуучуудыг буруу гэж хэлэх эрх байхгүй. Залуус олноор бүтээж, туурвиж байгааг сайн зүйл л гэж хардаг. Сайн муу хоёрыг нь гэхдээ бид шүүхгүй. Цаг хугацаа өөрөө шүүнэ. Цаг өөрөө өөрийнхөө өнгийг дагана шүү дээ. Илүү их олон хүн бичиж, уншиж байвал энэ нь мөнхийн хөдөлгөөнтэй байгаагийн илрэл учраас хөдөлж байна, амьд байна гэж би харж байгаа юм. Ер нь уран зохиол, өв соёлтойгоо үлдсэн ард түмэн тусгаар тогтнолтойгоо үлдсэн байдаг. Хэлээ байхгүй болгочихсон, оюуны соёлыг алдчихсан ард түмэн аль хэдийнэ мөхчихсөн байдаг жишээ дэлхийд олон бий. Монгол улс оюуны өв соёл, хэлээ өдийг залгамж холбоотой авч явсан учир өнөөдөр энэ салбар амь бөхтэй байна. Тэр хэрээрээ утга зохиолын салбар урагш явж байгаа гэж би харж байна.

-Утга зохиолын салбарыг, монгол хэлний яруу тансаг өвийг үеэс үед өвлүүлэхээр “Болор цом”, “Утгын чимэг” зэрэг томоохон наадмыг зохион байгуулж байгаа ч нөгөө талд энэ өв соёл, ёс заншлаа тээж үлдэх хүүхэд, залуучууд монгол хэлнийхээ яруу тансагаас, уран зохиолын “амт”-наас улам холдоод байгааг зарим ахмад зохиолч шүүмжилдэг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Төрийн бодлого гэж хүмүүс их том юм ярьдаг. Гэхдээ миний бодлоор жижиг зүйлээс эхэлдэг юм шиг санагддаг. Төр, улс орон гэж байгаа бол энэ салбарт жаахан ч гэсэн бодлого оруулаад ирвэл явчих байхгүй юу. Гэтэл энэ салбарт сайн тал нь багасч, муу талруугаа хазайгаад ирж байгаа нь өнөөгийн байдлыг дагуулж байгаа. Тиймээс монгол хүүхэд, залуус гадаад хэлийг илүүд үзэж, гадаад очиж амьдаръя гэж байгаа нь дархлаа алдагдаж байгаагийн хэлбэр. Энэ утгаараа хэл, соёл, уран зохиолынхоо салбарыг дэмжээд өгвөл голдиролдоо уг нь орох боломжтой. Өнөөдөр хүүхэд, залуус  уншихгүй юмгүй, номноос холдоод, уншихгүй болоод байна гэдэг нь бодлого алдагдаж байгаагийн илрэл. Их олон улс гүрэн улсынхаа өвийг алдсанаас бүх зүйл байхгүй болчихдог. Энэ өв алдагдсанаас байдал ийм болоод байгаа. Өнөөдөр уран зохиолын хичээлийг монгол хэлтэй цуг орж байх жишээтэй. Бид уран бүтээлч хүмүүс  улсынхаа хамгийн жижигхэн нэгж, аймаг, сумуудаар явж үзэж байна. Гэтэл сумдад өөр өөрийн тэнд авъяас билэг, сүүмэлзсэн гал байгаа байхгүй юу. Энэ гэрлийг асааж яагаад болохгүй гэж. Жишээ нь, Ховдын Цэцэг сумынхан уран нугардаг, Буриадад цоор, цуур үлээдэг, Дорноговьд гэхэд захын хүүхэд бүжиглэдэг байгаа байхгүй юу. Энэ авъяас билгийг хөгжүүлэх чухал байна. Уран зохиол ч үүнтэй адилхан юм. Тэгэхээр утга зохиолын салбарт бодлогоор дэмжиж, зам мөрийг зааж өгөх ёстой гэж харж байна.

-Өнөөдөр маргааш эдийн засаг хямарч, идэх хоолгүйд тулахаасаа илүүтэйгээр монгол хүн гэсэн эрхэм чанар, хэл соёл, ёс заншлыг тээсэн хүн ирээдүйд байхгүй болох вий гэдэг нь магадгүй том айдас байж болох юм. Энэ тал дээр та юу гэж бодож явдаг вэ?  

-Хав харанхуй газар бол хүн айна шүү дээ. Энэ харанхуй газрыг оюуны гэгээ гэрэлтүүлдэг. Өнөөдөр хүмүүсийг түрийвч нимгэрч, иддэг хоол нь шингэрээд ирэх төр засаг айдас гэж хараад байгаа нь үнэн. Гэтэл үүнээс томоор өв соёлын айдас, хоосрол цаана нь явж байгаа нь бодит байдал. Ходоод гэдэс цадчихаад цаана ахиад л идэх нэр төрлийн зүйл нь байж байдаг шүү дээ. Гэтэл хамгийн том хоосрол бол өв соёлын хоосрол юм. Төрөөс үүнийгээ давхар барьж явах ёстой. Монгол Улс үүнийгээ авч үлдэхийн тулд ажиллах ёстой гэж би ойлгодог. Дэлхийд өв соёлдоо онцгой анхаардаг улсуудын жишээ ч үүнийг харуулна. Жишээлбэл, Солонгос улс гэхэд дайны үед идэх хоолгүй гуталаа чанаад идэхэд тулж байсан ч ууландаа гараад номоо барлаж байсан түүх байдаг юм билээ. Төр нь хямараад улс мөхөөд ирэхэд зохиолчид нь жагсч, шоронд орж, цаазлуулж байсан туршлага байдаг юм. Харин ард түмэн нь тархи нь өлсөөд ирэхээр өв,соёлооо санаж эхэлдэг юм байна. Өнөөдөр Солонгосын соёл ямар том гэдгийг харж болно. Хятад улс гэхэд нь бичгийн, урлагийн маш том соёлтой. Улс орныг тэжээх гол зүйл нь ингээд харахаар явж явж соёлын өв санд  байдаг гэж хэлж болно. Дэлхийн том улсууд Утга зохиол, уран зураг, урлагийн том том сангуудаа яагаад авч үлдээд байдаг юм бэ гэхээр үүүнтэй л холбоотой. Ингэж байж улс бүрэн бүтэн харагдаж, тэжээгдэж байдаг. Өнөөдрийн өлсөх бол маргаашийн жаргалын эхлэл ч байж болох юм. Миний хувьд, Улс бүтэн байхын тулд өв соёлтойгоо үлдэх ёстой гэж би боддог. Гэхдээ монголчууд өлсөх болоогүй шүү дээ. Эдийн засаг, засаглалын хямрал гэдэг энэ үг нь өөрөө хүмүүсийн оюун санааг хямраагаад байгаа юм биш үү. Бидний хувь заяа төрд байгаа хэдхэн хүмүүсийн гарт байгаа юм биш. Бидний гарт байгаа юм шүү. Өөрсдийнхөө хувь тавилан,амьдралын замыг монгол хүн өөрөө атгаж байгаа. Хүмүүсийн сэтгэл санаагаар олж байгаа эрч хүч, энерги зөв хүний бүтээсэн бүтээлд л үлдээд байгаа юм.

- Аливаа улс соёлынхоо салбарын бодлогоор тусад бие дааж, авч явах ёстойг ч судлаачид хэлдэг. Гэтэл Засгийн газар шинэ бүтэцээ байгуулахдаа ганцхан Соёлын яамыг л  татан буулгаж, Боловсролын яамны “дагавар” болгочихлоо. Энэ шийдэл зөв байсан уу?

-Халаасны өрөөнд амьдардаг он жилүүд монголчуудын хувьд багассан. Гэтэл өнөөдөр Монгол соёлоо нэг газрын халаасанд хийчихээр юу болох нь тодорхой шүү дээ. Муу ч, сайн ч Соёлын яамтай байхдаа бид эзэнтэй байсан байхгүй юу. Зохиолчид, зураачид, уран бүтээлчид, дуучид эзэнтэй байсан. Гэрийн нохойны сүүл өөдөө гэдгээр. Халаасан дотор амьдрах ямар билээ. Энэ яам ажиллах хоёр жилийн хугацаанд соёлын салбар тодорхой хэмжээгээр зүй тогтолд орж, голдиролдоо орж байсан. Соёлын яамтай байснаасаа болоод Монгол хямраагүй шүү дээ.  Монголын соёл ийнхүү  “халааслагдчихаад” байгаа нь сэтгэл эмзэглэмээр л зүйл. Манай уран бүтээлчид л бүгд  ийм бодолтой байгаа.

-“Утгын чимэг” наадам ирэх баасан гарагт болох гэж байна. Энэ наадамд бүтээлээ сойсон уран бүтээлчид төдийгүй, үзэгч, сонсогчид тэсэн ядан хүлээж байгаа байх. Наадамд очсоноор ямар уур амьсгал, агаарыг мэдрэх бол?

-Утга зохиолын мөнхийн уншигчид гэж байдаг, тэд маань тэсэн ядан хүлээж байгаа. Тэр тайз, танхимд номын цагаа гэгээ, агаар явдаг билээ. Үүнийг бол манай оюуны соёлтой улсууд мэднэ. Уран зохиол, утга зохиол ямар болчихоод байгаа сонирхож, агаарыг мэдрэх гэж очих байх. Нэг хоромд агаар, амьсгал дор сэтгэл нэгдээд энэ наадам маань маш сайхан болно гэж бодож байгаа. Жил бүр л их сайхан болдог.

- See more at: http://review.time.mn/content/52003.shtml#sthash.m0jjl1w6.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13732
0 эможи
keyboard_arrow_up