П.Батхуяг: Миний хэдэн ном Бестселлер болбол би маргааш нь бичихээ болино
Урлаг, утга зохиол, шүүмж судлал олон хүний анхаарлыг ихэд татдаг. Яагаад гэвэл өнөөгийн Монголын нийгэмд урлаг, утга зохиолын шүүмж бичдэг эрдэмтэн судлаачид өдөр ирэх тусам ховордож байна. Шүүмжлэлгүйгээр урлаг, утга зохиолын хөгжил доройтдог. Энэ талаар хэл бичгийн ухааны доктор, зохиолч, яруу найрагч, судлаач, шүүмжлэгч П.Батхуягтай сонирхолтой яриа өрнүүллээ.
-Сүүлд хэвлүүлсэн "Эсрэг цаг" номны тань талаар ярилцлагаа эхэлмээр байна. Энэ ном нэрнээсээ эхлээд л уншигчдын анхаарлыг татаж байгаа. Яагаад "Эсрэг цаг" гэж нэрлэх болов, ямар сэдвийг хөндсөн бүтээл вэ?
-Уншигчдын гарт хүрээд удаагүй номондоо эссэ шүүмж, эссэ нийтлэлийн талаар бичсэн. Манай утга зохиол, сэтгүүлзүй, шүүмж судлалд ч эссэ судлалын талаар тэр бүр бичээгүй. Нэг үгээр хэлбэл, Монголд надаас өмнө энэ сэдвээр бичсэн хүн байхгүй. Номын эрэлтээс анзаарахад, манай уншигчид сүүлийн үед шүүмж судлалын талаар гарсан ном, нийтлэл уншдаг болжээ.
Бидний амьдралд шүүмжлэх зүйл олон ч бүхнийг шүүмжилье гэж боддоггүй. Миний харсан өнцгөөс урлаг, утга зохиолд буруу яваад байгаа сэдвийг зөв гэж хардаг олон хүн буйд миний эгдүү хүрдэг. Энэ нь намайг өнөөдөр шүүмж бичихэд хүргэдэг. Бид зөв гэж хараад байна вэ.
Хүний зөв гэж хэлснийг "тиймээ" гээд дагаад байвал бидний амьдрал сонирхолгүй болно. Олны зөв гэсэн бодол дундаас би өөрийнхөө бурууг олж харахыг хүссэн. Тийм учраас зөв явж байгаа урсгалын эсрэг миний цаг цохилж байгаа гэсэн санаагаар номоо "Эсрэг цаг" гэж нэрлэсэн. Бид яагаад хүн бүхнийг дагаж толгой дохих ёстой гэж. Нийгэмд дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй гэж үзсэн судлаачийн байр сууринаас номоо хэвлүүлсэн.
-Эссэ гэхээр манайхан тэр бүр ойлгодоггүй. Бичлэгийн энэ төрлийг зохион бичлэг гэж ойлгоод байх шиг. Уншигчдад эссэ гэж юу болохыг тайлбарлана уу?
-Соёл судлаачид судалгаандаа үндэслээд соёлыг 350 гаруй тодорхойлолтоор тайлбарладаг. Миний судалснаар, 70 гаруй үнэт зүйлийн тодорхойлолт байна. Гэхдээ бичлэгийн төрөл зүйлээс тодорхойлоход хамгийн хэцүү нь эссэ. Эссэ бол нууцлаг, бичлэгийн өвөрмөц төрөл учраас нийгмийн аль ч салбарт өргөн хүрээнд тархсан.
Сүүлийн үед "Hibrid" буюу "Эрлийз эссэ" гэсэн шинэ төрөл бий болсон. Наяад оноос утга зохиолд бий болсон "Эрлийзжилт" гэдэг онолын ойлголт эссэнд нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, үгийн урлагийн бүхий л хэлбэр нэг эссэнд багтаж байгаа нь эссэ бичигчээс нэлээд ур чадвар шаардах болсон. Тэгэхээр эссэ шүүмж гэсэн ойлголт гарч ирж байгаа.
-Таны хувьд, шүүмж гэж юу вэ?
-Би шүүмжлэх зүйлээ хатуу шүүмжлэх ёстой гэсэн байр суурьтай. Гэхдээ миний голлон баримталдаг зарчим бол хүний уран бүтээл туурвих урам зоригийг албаар бууруулах, хүний нэр төрийг гутаах зорилгоор бичдэг гэж хэзээ ч ойлгож байгаагүй. Миний бодлоор шүүмж бол нээхүй юм.
Тэгэхдээ хувь уран бүтээлчийг бус уран бүтээлийн дотоод ур, найруулга, хэлэх гэсэн санаа, зөрчлийг судлаач хүн нээж өгдөг. Тухайн судлаачийн бичиж буй шүүмж бол зохиолд өгсөн үнэлгээ биш. Харин тэр зохиолыг нээсэн нээлт болох ёстрй. Яг үнэндээ өнөөдөр би зарим зүйлд эгдүүцдэг. Хорин хэдэн настай залуу өгүүллэгийн түүвэр гаргаад, сонгомол өгүүллэгийн түүвэр гэж бичиж байна.
Бас нэг залуухан хүү яруу найргийн ном хэвлүүлээд "Би Монголын утга зохиолд шинэчлэл хийлээ" гээд лекц уншиж байна. Онцгой тохиолдолд л хорин хэдхэн настай хүүгийн өгүүллэгийн түүвэр сонгодог байдаг. Гэтэл нөгөө "сонгомол" түүврийг нь уншихаар найзууд ердийн эхлэн бичигчийн төвшнөөс ч доогуур хэмжээнд бичсэн байдаг.
Эндээс зохиолч хүний ёс зүй ямар төвшинд хүрээд байгааг харж болно. Зохиолчдод ёс зүйг нь шүүмжлэгчид сануулж байдаг. Нөгөө талаас найзууд хэвлүүлсэн номыг нь заавал магтах ёстой гэж боддог. Шүүмж бол магтаалын ертөнц биш.
Манай үеийнхэн үнэн үгэнд дургүй болсон. Зүгээр л худлаа магтах хэрэгтэй. Энэ сөрөг зүйлийг нийгэмд тараагч нь өнөөгийн төр засаг. Манай засгийг муулах шүүмжлэх эрхгүй болсон цаг. Тэднийг магтаж л байвал магнай нь тэнийж баярладаг, магтсан хүнээ хайрладаг. Шүүмжлэх л юм урдаас загнадаг. Төр засгийн үлгэрээр ард түмэн ч шүүмжлэлд дургүй болсон.
Шулуухан хэлэхэд энэ цаг үеийн шүүмжлэгчид хүлээх ёсгүй зүйлийг нуруундаа үүрсэн жаахан тэнэгдүү хүмүүс болж хувирчээ. Орчлон хорвоо дээр олон дайсантай болохыг хэн ч хүсдэггүй. Тэгэхээр шүүмжлэгч байна гэдэг бол зоригтой аавын хүүгийн хийдэг ажил.
Шүүмжлэл одоо цагт хэрэгтэй байдаг учраас мэргэжлийн шүүмжлэлийн талбарт хүч үзэх гэж байгаа бол өнгөрсөн, өтөлсөн хоёр руу давшлах хэрэггүй гэж би хэлдэг. Өнөөдөр хувийн үнэлэмж хэтэрхий өндөр болжээ. Энэ цаг үед мэргэжлийн шүүмжлэгчийн шүүмж яах аргагүй хэрэгтэй.
-Хорин настай залуу өгүүллэгийн түүврээ сонгомол гэж нэрлэж байгаа нь манайд нийтийн уран зохиол,сонгодог уран зохиолын ялгааг мэдэхгүй байгаатай холбоотой юу?
-Уншигчид аль ч цаг үед утга зохиолын тэргүүлэх төвшинд хүрч байгаагүй. Уншигчдын төвшинд бичсэн зохиолоо гайхамшигтай зохиол гэж үнэлээд дүгнээд байгаад асуудал оршдог. Номын тавиураар дүүрэн захын хүн бичсэн роман байна. Эдгээрийг уншсан залуу хүн юу гэж бодох вэ. Уран зохиол ийм байдаг юм бол би ч гэсэн бичиж чадна гэж боддог. Утга зохиолыг ингэж үзвэл хамгийн их хор уршигийг дагуулдаг. Би залуучуудыг хайрлаж бичиж байхад дээрх нөхөд "алж" байгаа юм.
-Таны хувьд Монголын сонгомол уран зохиолоос нэрлэх нь сонирхол татаж байна?
-Монголд сонгомол уран зохиол байсан. Одоо ч байгаа. Ирээдүйд ч байх болно. Яагаад гэвэл, манайд ёс зүйтэй, хүлээн зөвшөөрөгдөх зохиолчид байна.
-Тухайлбал?
-Олон зохиолч байна. Жагсаавал, сонины хуудас хүрэхгүй байх.
-Сайн уран бүтээл төрж байж сайн шүүмж гардаг уу. Эсвэл эсрэгээрээ байдаг уу?
-Сайн уран бүтээл төрөхөд ямар нэгэн байдлаар шүүмжлэгч хийгээд шүүмж судлалтай холбоогүй. Шүүмж бол муулдаг зүйл биш. Үнэхээр сайн уран бүтээл төрвөл магтах л хэрэгтэй. Үнэхээр муу байвал муулах л хэрэгтэй. Шүүмж бол бүтээсний дараах тодорхой үнэлэлт болохоос нэг зохиолчийг бичээгүй романых нь төлөө магтах зөгнөл биш. Магадгүй судлаач арван жилийн дараах бидний нийгэм соёлын амьдралд гарах өөрчлөлтийг тоймлон бичиж болно. Энэ бол судлаачийн ажиглалт, таамаглал юм.
-Шүүмжид хариу шүүмж бичиж болох уу?
-Болно. Монголын уран зохиолд тухайлбал, Д.Урианхай гуайн "Дотоод шаталтын хөдөлгүүр", Ц.Дамдинсүрэнгийн "Бух Гомбо" зэрэг зохиолуудын талаар олон шүүмж маргаан өрнөж байсан. Энэ маргааны онцлог нь шүүмжийн хариу шүүмж бичиж байсанд л оршдог. Гэтэл одоо манай утга зохиолд хариу шүүмж байхгүй болсон.
Интернэт ертөнцөд амьдардаг нөхөд өөрсдийн бичсэн зүйлээ шүүмж гэж андуурдаг. Үнэндээ тэд шүүмжид хариу өгөх биш зүгээр л сэтгэгдэл бичдэг. Тэдгээр коментчидод хэлэхэд, та нар хол явахгүй. Коментчин байсаар дуусна шүү. Манай цахим ертөнцөд амнаасаа унагаснаа бичдэг ёс суртахуунгүй бүдүүлэг хэсгийнхэн байна.
Тэдгээр шуугиан дэгдээж "шум" таригчидтай мэргэжлийн хүмүүс зууралдаж доошоо ордоггүй. Миний төвшинд хүрэхгүй, надтай зэрэгцэж хуцахгүй, хүмүүсийн эсрэг би хуцаад яах юм. Миний сүүлчийн шүүмжид хүмүүс шуугиж байна. Намайг гүжир шүүмж бичлээ гэж. Ер нь егөөдөх, хоржоонтой бичлэгээр үнэн бодит байдлыг өгүүлдэг шүүмж одоо ч байгаа. Гэтэл боловсролгүй хүмүүс үүнийг доромжлол гэж хардаг.
-Мэргэжлийн шүүмжлэгчийн хувьд та ямар чиг шугам баримталдаг вэ?
-Мэргэжлийн шүүмжлэгчийн баримтлах ёстой гурван зүйл байдаг, Нэгдүгээрт, би хэзээ нэгэн цагт хэн нэгэнд худалдагдаагүй. Хэзээ ч худалдагдахгүй. Хэчнээн алт эрднэс амласан ч би хэн нэгний төлөө биш ард түмний төлөө дуу хоолойгоо хүргэнэ. Хоёрдугаарт, би ёс зүйгээ хатуу баримтлана. Гуравдугаарт, би үнэний дэргэд байх болно. Миний үнэнээс гадна нийтлэг үнэн оршдог.
-Монголд үнэнийг баримталдаг шүүмжлэгч танаас өөр байдаг уу?
-Байна. Дунд насны шүүмжлэгч, залуу үеийнхэн байна. Гэхдээ тэр гээд нэр дурьдах хэрэггүй байх. хамгийн гол нь дуу хоолойгоо хүргэх индэр тэдэнд алга. Өнөөдөр Монголд мэргэжлийн шүүмжлэгчдийн дуу хоолойг сонсоод хариу үзүүлэхгүй байна. Өнөөдрийн төр засаг мартуулах арга хэрэглэж байна.
Бодлогын шинжтэй саналаа хэлэхэд ямар нэгэн байдлаар мартуулдаг. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан учраас шүүмжлэгчдэд гэсэн шүүмж нь ард олонд хүрэхгүй болохоор бичих сэдэл төрөхгүй. Дэлхийн бусад угсаатантай харьцуулахад монголчууд шүүмж сэтгэлгээ хөгжсөн ард түмэн. Байнга ярьдаг зүйлээ давтаад хэлэхэд бидний бичсэн шүүмжийг үнэлэх үнэлэмж алга. Монголын төрд утга зохиолын үнэлэмж байхгүй болжээ.
-Ингэж мартагнуулж байгаагийн цаад зорилго нь юу юм бол?
-Ард түмэн мунхаг байвал үгэнд амархан орно. Ард түмэн бодлогогүй байх нь улстөрчдөд хэрэгтэй. Тэд "Ард түмэн ажиллах хэрэггүй. Та нарыг жаргаагаад өгнө" гээд л байгаа, Ард түмэн бодлогогүй, боловсролгүй байвал тэдэнд итгэж, үзэл санааг нь дагана. Тэгэхээр энэ төрийн араа хүрдийг эргүүлэгчдэд ард түмэн харанхуй байх хэрэгтэй. Тийм ч учраас өнөөдөр нийгмээс гарч байгаа дуу хоолойг бодлогоор мартагнуулаад байна.
-Дууны шүлгийн яруу найраг өнөөдөр утгаа алдсан гэж ярих болжээ. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Энэ бол замбараагаа алдсан. Энэ тухай ярьснаас Долоон буудлын Долгор эмээгийн үнээний сүүний гарцыг ярьсан нь дээр.
-Өнөөдөр түүхэн сэдэвт роман бичих нь борооны дараах мөөг шиг болжээ. Гэхдээ зохиолчид түүхийг хэт эдүгээчлээд байх шиг санагддаг?
-Хамгийн муу зохиолчид түүхэн сэдвийг сонгож авдаг. Би одоогийн зохиолчдоос ганцхан зүйлийг шаарддаг. Түүхэн роман бичиж болно. Гэхдээ түүхээ сайн судлахаас гадна монгол хэлнийхээ түүхэн хөгжлийг мэдэх хэрэгтэй. XVII зуунд хэрэглэдэггүй байсан үгээр тухайн цаг үеийг харуулсан зохиол бичих хэрэггүй.
Түүхэн үнэнээс зайлсхийх хэрэггүй. Түүхэндээ хүндэтгэлтэй харьцаад өөрийгөө зохиолч гэж нэрлээд, номоо сурталчлаасай. Уран зохиолтой бага ч гэсэн танилцсаны дараа буюу бяр нь тэгширсний дараа ном бичихэд буруу зүйл үгүй.
-Монголчууд унших номоо сургаар сонгох хандлага байдаг. Бестселлер болсон зохиолыг сайн гэж ойлгоод худалдаж авдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Аль ч цаг үед уншигчид номыг сургаар сонгодог байсан. Харин таны ном бестселлер болохоос зохиолч хүн айх хэрэгтэй. Манайхан бол эсрэгээрээ баярлаад байдаг. Би бол айдаг.
-Яагаад?
-Би ямар төвшний утга зохиол бичээд байна вэ гэдэгтээ эргэлзэж айж эхэлнэ. Хэрэв миний бичсэн хэдэн ном зохиол бөстселлер болоод номын тавиурт гарвал би маргаашнаас нь эхлээд бичихээ болино. Би шууд үзгээ орхих болно.
-Нийгмийн хувьсан өөрчлөлтийн үр дүнд уран зохиолд тэсрэлт үүсдэг юм болов уу гэж боддог. Харин та ямар бодолтой явдаг вэ?
-Нийгмийн шилжилт хувьслын үр дүнд шинэ үнэт зүйлтэй хүмүүс төрөн гардаг. Энэ үзэгдэл 1990-ээд онд гарч ирсэн. 2000 онд ч мөн адил шинэ үе гарч ирсэн нь яруу найргийн нэн шинэ үеийнхэн юм. Тэдний үнэт зүйл 1990-ээд оны бидний үеэс өөр.
-Нэн шинэ үеийн яруу найрагчдыг "Батхуягийн сүүдэр" гэж нэрлэх нь бий. Та үнэхээр яруу найрагт өөрийнхөө сүүдрийг бэлдээд байна уу?
-Ганцхан яруу найрагч Монголын яруу найрагт хүч төрөн орж ирсэн бүхэл үеийг баллуурдаж засаад, хайрцаглаад, араасаа дагуулах боломж байхгүй. Гэхдээ надад шинэ үеийнхнийг зөв утга зохиолын ойлголттой болгох үүрэг байгаа. Би."Та нар надад шар хадаг барьж ирээд шавь ор" гэж гуйгаагүй.
Одоо миний утга зохиолд эзлэх байр суурь шинэ үеийнхнийг татаж байгаа байх, Яагаад гэвэл, би утга зохиолын салбарт тэгш ажиллахыг зорьж байгаа учраас тэднийг татдаг. Энэ байдалд атаархсан нөхөд намайг сүүдрээ бэлдэж байна гэж байгаа. Гэхдээ ингэж ярьж яваа гарууд надтай эн зэрэгцэх болоогүй. Би Монголын уран зохиолд өөрийн цайзыг босгосон. Би өөрийн гэсэн оргилтой. Одоо тэр оргил дээрээ сууж байна.
-Та яруу найргийг хэрхэн үнэлдэг вэ?
-Дээд түвшний дээд мэдрэмжээр өдөөгдсөн хүний дотоод сэтгэлийн уянга гэж би яруу найргийг дүгнэдэг. Магадгүй би залуудаа би өөр бодолтой байсан байх. Харин одоо яруу найргийг үзэх хандлага өөр болсон. Нуулгүй хэлэхэд, манай үеэс яруу найрагт амьд үлдсэн найрагч гарын таван хуруунаас илүүгүй.
-Энэ таван найрагч үгүй болбол Монголын яруу найрагт эзэнгүй орон зай үлдэх нь ээ?
-Монголын уран зохиол хэзээ ч хэн нэгнээр дутахгүй. Яруу найраг бол тасралтгүй үргэлжлэх гинжин холбоо.
-Орчин үед урлагийн олон хэлбэр бий болж уран зохиолын эзлэх нөлөө хумигдаж байх шиг ээ. Ер нь ирээдүйд уран зохиол орших уу?
-Оршино. Гэхдээ одоогийнхоос өөр хэлбэрээр байж болох юм. Уран зохиол бол суурь урлаг. Шүлэг байхгүй бол дуу, үг байхгүй бол кино, жүжиг амьгүйднэ. Тэгэхээр уран зохиол байх үгүй тухай ярина гэдэг бол урлаг орших үгүйн тухай асуудал. Урлаг байхгүй бол хүн төрөлхтөн мөхнө. Соёл иргэншил бий болсон цагаас унших хэрэгцээ бий болсон, Энэ хэрэгцээ бидэнтэй цуг л үгүй болно.
-Та юунд хамгийн их эмзэглэдэг вэ?
-Уран зохиолоор хэлний хэрэгцээ бий болдог. Гэтэл манай дарга нар хэлний хэрэглээнд уран зохиолыг ашиглана гэж муйхарлаж байна. Уран зохиол бол миний үнэт зүйл. Миний амь амьдралыг хэн нэгэн бусниулахыг би зөвшөөрөхгүй. Гэтэл уран зохиолыг үгүй хийж байна.
Би энэ ардчилсан төрд талтай байсан. Одоо бол би эргэлздэг болсон. Бид 1990 онд механик ардчилсан хувьсгал хийсэн. Харин одоо оюун санааны хувьсал хийх болжээ.
-Уран зохиолыг дунд сургуулийг хөтөлбөрөөс хаслаа, ШУА-ийг татан буулгана гэж ярьж байхад бид яаж оюун санааны хувьсгал хийх юм бэ?
-Нуулгүй хэлэхэд, нийгэмд хэнийг оюун санааны идеал болгоод байгааг ойлгохгүй байна. Монголд одоо хуулбарлалтаа зогсоох хэрэгтэй байна. Кембрижийн боловсрол, Японы сургалтын систем гээд хуулахгүй юм алга. Бидний ирээдүй хойч энэ бүхний золиос нь болж дууслаа. Дэлхийн өндөр хөгжилтэй гээд дагаад байгаа улсуудыг шинжлэх ухааны академигүй байхад бид академитай, мэргэжлийн эрдэмтэдтэй байсан юм шүү.
Шинэчилнэ гэхээр гадаад загвараа өөрчлөхийг хэлдэггүй юм. Шинэчилнэ гэдэг үгэндээ тэд их итгээд байх шиг байна. Юм л бол шинэчилнэ гэх болж. Үндэсний хэл соёл, түүхээ мэдэхгүй шинэчилнэ гэж байдаггүй. Би ч залуудаа Монголын уран зохиолыг орвонгоор нь эргүүлнэ гэж бодож байсан.
Гэхдээ түүн шиг худлаа зүйл байдаггүйг ойлгосон. Учир нь амьдралыг загварчилж болдоггүй юм, Хэрвээ загварчлаад засаад явбал ертөнц төгс болно. Тэгэхээр амьдралын энэ загварыг хэн ч өөрчилж чадахгүй. Норовын Алтанхуяг л лав биш.