Ирээдүйн амьдралд чухал “хэрэгцээтэй - 10” технологийн дэвшил

2014 оны 11 сарын 11

Өнөөдрөөс арав гаруй жилийн өмнөх амьдралыг эргэн төсөөлөхөд итгэмээргүй өөр дүр зураг тархинд бууна. Энэ их өөрчлөлтийн хамгийн гол учир зангилаа нь технологийн хөгжилтэй нягт холбоотой билээ.
Техник технологийн ачаар хүн төрөлхтөн хормын төдийд л хоорондоо харилцаж, ажил төрлөө ч хялбархан зохицуулдаг болжээ. Түүнчлэн энэ бүхэн ердөө эхлэл төдий гээд бодохоор ирээдүйд биднийг ямар их хязгааргүй боломж хүлээж байгааг төсөөлөхийн аргагүй юм. Ингээд та бүхэнд ойрын ирээдүйд бидний амьдралд нэвтрэх гэж буй хамгийн хэрэгцээтэй 10 шинэ технологийг танилцуулъя.

Ухаалаг нүдний шил

Сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг татаж буй “Googe Glass” бол энэ төрлийн технологийн дэвшлийн зөвхөн эхлэл нь юм. Зохион бүтээгчид энэхүү бүтээгдэхүүнийг ойрын хоёр жилийн хугацаанд илүү боловсронгуй болгохын зэрэгцээ хоёр дахин хямд үнээр худалдаалахаар төлөвлөжээ. Ийнхүү “Google Glass”-ыг хүмүүсийн амьдралд илүү хурдацтай нэвтрүүлж, амьдралынх нь салшгүй хэрэглээ болгох зорилготой байгаа аж.

Ухаалаг мэдээллийн сан

Технологийн дэвшлийн ачаар бүх зүйл хялбарчлагдсан ч бүр илүү хялбарчлах боломж байсаар байна. Тухайлбал та хүмүүсийн утасны дугаар, и-мейл хаяг зэрэг мэдээллийг тус тусад нь тэмдэглэж авах шаардлагагүй болох нь. Учир нь АНУ-ын “RelateIQ” хэмээх компаниас танилын жагсаалтыг тань илүү амарчлах нэгэн үйлчилгээ гаргажээ. Жишээлбэл та хэн нэгний нэр бүхий профайлыг утсан дээрээ үүсгэж, и-мейл хаяг, нийтийн сүлжээний бусад хаягуудыг нэг дор хадгалан дуудлага, мессеж, интернетийн харилцаа зэрэг бүхий л зүйлийг нэг дор хянаж зохицуулж болох юм.

Биедээ суулгадаг электрон хэрэгсэл

Та бидний мэдэж буйгаар ухаалаг цаг, нүдний шил зэргийг бид биедээ авч яван ашиглаж болдог. Гэхдээ үүнээс илүү нээлт бас байна. Энэ бол биедээ суулгадаг ухаалаг хэрэгсэл юм. Үүний нэг жишээг дурдвал хүний цусны даралт, зүрхний цохилт, сахарын төвшин зэргийг хянах зориулалттай контакт линз гарчээ. Энэ бүтээгдэхүүний тусламжтайгаар хүмүүс биеийн байдлаа тогтмол хянаж, цус харвалт, зүрхний шигдээс гэх мэт гэнэтийн аюулаас сэрэмжлэх боломжтой ажээ.

Ухаалаг байшин

Өдөр тутмын хэрэглээ маань улам ухаалаг болж буй өнөө үед гэр орноо хүртэл хялбархан удирддаг болох цаг ойрхон иржээ. Хамгийн сүүлийн үеийн жишээ бол хадгалсан хоол хүнсний талаар тогтмол мэдээлэл өгдөг ухаалаг хөргөгч билээ. Яг энэ технологийг гэрийн бүх хэрэгсэлд суулгах буюу телевиз, угаалгын машин зэргийг өөрийн удирдлагатай болгож болно. Өглөө ажилдаа явахдаа хүнсний материалаа шарах шүүгээндээ хийгээд орхиход орой нь хоол тань бэлэн болчихсон байвал ямар вэ? Иймэрхүү байдлаар бид байшинтайгаа ярилцаад л ажил төрлөө амжуулаад байх боломж бүрдэх нь.

“Бодит тоглоом”-ын хэрэгсэл

Видео тоглоомын хорхойтнууд “Oculus Rift” хэмээх тоглоомын хэрэгслийг мэдэх байх. Үүнийг “Facebook” компани албан ёсоор худалдаж авсан бөгөөд нийтийн цахим сүлжээний хэрэглэгчдийн түгээмэл хэрэглээ болгохоор зорьж байгаа аж. Ийм төрлийн бүтээгдэхүүний ачаар та хаана ч явсан орчноос тасарч, тоглоомын ертөнцөд умбах боломжтой болох юм.

Дэлгэцгүйгээр үзэж болох дүрс бичлэг

Дэлгэцээр үзэж болдог байсан дүрс бичлэгүүдийг тун удахгүй дэлгэцгүйгээр ч үзэж болдог болох нь ээ. Эрдэмтэд уг нээлтээ хоёр жилийн дараа гэхэд албан ёсоор танилцуулахаар ажиллаж байгаа юм. Одоогоор өөр тодорхой мэдээлэл өгөөгүй ч магадгүй тусгай нүдний шилний тусламжтайгаар үзэж буй зүйлийнхээ дотор нь орчихсон мэтээр мэдэрч болохуйц технологийг боловсруулахаар зохион бүтээгчид шаргуу ажиллаж байгаа болов уу гэсэн таамаг байна.

Дэлхий даяар тархсан үйлчилгээ

Дэлхийг хамарсан үйлчилгээг бий болгох амаргүй боловч ирээдүйн амьдралын нэг хэсэг болох нь гарцаагүй юм. Нэг жишээ татахад “Uber” хэмээх таксины үйлчилгээ АНУ болон Европын хэд хэдэн улсад байдаг. Ийм төрлийн үйлчилгээнүүд дэлхийн бүх улс оронд аажмаар тархаж буй учраас хаа ч явсан та найдвартай, хэрэглэж дадсан үйлчилгээгээ авч чадахаар болох ажээ.

Роботууд бүх салбарт үйлчилнэ

Сүүлийн арван жилийн хугацаанд роботын шинжлэх ухаан хурдацтай хөгжсөн төдийгүй ирэх арван жилд бүр ч их ахиц дэвшил гарах төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар бүрэн төгс удирдлагатай робот хараахан зохион бүтээгдээгүй ч ирээдүйд төгс боловсронгуй болох нь ойлгомжтой. Бүр эмчийн удирдлагаар өвчтөнд мэс засал хийдэг робот хүртэл бий болно гэж судлаачид таамаглаж буй. Энэ мэтчилэн хүний үйлчлэгчээр бүх салбарт робот ажиллах цаг ойрын ирээдүйд бий.

Био түлш ба сэргээгдэх эрчим хүч

Дэлхийн хүн ам хурдацтай өсөхийн хэрээр эрчим хүчний нөөц шавхагдах хандлагатай болж байгаа билээ. Тиймээс нар, салхины эрчим хүчийг ашиглах, газрын тосоо хэмнэх асуудал улам ч хурцадмал болж байна. Магадгүй ирэх арван жилийн дотор ихэнх айл өрх нарны эрчим хүч ашиглаж, цахилгаан машин унахыг илүүд үзэх бизээ.

Гар утасын 5G технологи

Гар утасны сүлжээнд одоогоор 3G технологийг түгээмэл ашиглаж байгаа ч АНУ зэргийн зарим өндөр хөгжилтэй оронд 4G технологи нэвтрээд эхэлчихсэн. Гэхдээ технологийн салбар ид хөгжлийн шатандаа яваа учраас зөвхөн үүгээр төгсгөлийг төсөөлж болохгүй. Судлаачид 4G-гээс 5G рүү шилжих туршилтуудыг хийсээр байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11819
0 эможи
keyboard_arrow_up