МУГЖ Д.Оюунтүлхүүр Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг хүртлээ

2014 оны 11 сарын 05

“Цаасан шувуу”, “Ээжийн бүүвэйн дуу” зэрэг дууг намуухан, эвлэгхэн хоолойгоор дуулах жаахан охиныг монголчууд мартаагүй. Тэр бол дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүр. Монголд төдийгүй арлын Японд уянгалаг хоолойгоороо сүмогийн аваргуудаас ч дутахааргүй танигдсан билээ. Хэдийгээр сүүлийн хэдэн жил Монголын үзэгч, сонсогчидтойгоо уран бүтээлээрээ уулзаагүй ч 11 сарын 1,2-нд бие даасан тоглолтоо өргөн барисан юм.

Гавьяат жүжигчин  Оюунтүлхүүр нь 1990 онд мэргэжлийн уран бүтээлчийн гараагаа Япон улсаас эхэлсэн бөгөөд Японы цагаан сарын битүүний үдэш NHK телевизийн зохион байгуулдаг урлагийн оддын тоглолтод оролцож байсан цорын ганц Монгол хүн билээ.

Тэрээр хөгжмөөр дамжуулан хоёр орны найрамдалт харилцааг өргөжүүлэхэд хувь нэмэрээ оруулсаар ирсэн. Ардчиллын эхэн үе буюу 1990 оны эхээр соёл урлагаар дамжуулан Монгол орноо сурталчилан Монголын тухай ойлголтыг улам нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. 1996 оны нийгмийн хямралын үед “Оюунтүлхүүр сан” байгуулж олон япон хүмүүсийн дэмжлэгтэйгээр өнчин болон өвчтэй хүүхдүүдэд тусламжийн гараа сунгасаар ирсэн төдийгүй Японы зүүн хойд бүс нутагт болсон байгалийн гамшигт нэрвэгдсэн хүүхэд залуусыг Монголдоо урьж сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зэрэг олон сайн үйлсийг хийж ирсэн билээ.

Энэхүү гавъяаг нь үнэлэн Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүрт  Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг гардууллаа. Тус шагналыг Д.Оюунтүлхүүртэй хамт академич Д.Төмөртогоо, УИХ-ын гишүүн Су.Батболд нар хүртсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11480
0 эможи
keyboard_arrow_up