СТА Жүжигчин Г.Ундармаа: Амьдралдаа сэтгэл хангалуун, ажлаа амжилттай хийж яваа эмэгтэй л сайхан харагддаг

2014 оны 10 сарын 24

Хүнд инээд хөөр, ухаарал, урам хайрладаг хошин урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй цөөн жүжигчдийн нэг нь Г.Ундармаа. Тэрээр уран бүтээлсээс гадна хүмүүн­лэгийн үйлсэд  цаг заваа зориулж яваа нэгэн. Тэрбээр “Итгэлийн тан­хим” төслийнхөө хүрээнд эмнэл­гүүдийн хүлээл­гийн тан­химыг шинэлэг өнгө төрхтэй болгон тохижуулсан олон хүний талархлыг хүлээсээр байгаа юм. Ингээд МУСТА, жүжигчин Г.Ундармаатай ажил амьдрал, уран бүтээлийн тухай энгүүн яриа өрнүүлснээ уншигч танд хүргэж байна

Бага насны гэгээн дурсамжаар ярилцлагаа эхэлье? Таны хүүхэд насны нандин дурсамжаа хуваалцаач? Айлын хэддэх хүүхэд вэ? Хэр биеэ дааж өсөв?

Говь-Алтай аймгийн Алтай хотынх. Одоогийн Есөнбулаг сум. Тэнд миний хүүхэд нас өнгөрсөн. Айлын  2 дахь хүүхэд, ганц охин.Аав ээж маань их эрхлүүлдэг  хэдий ч  багаасаа сургуулийнхаа багш нар маань их  итгэл өгч  сонгуульт ажил хийдэг байсан болохоороо харьцангуй багаасаа биеэ дааж сурсан. Гэрээ цэвэрлээд дээрээс нь гэрийнхээ тавилгын байршлыг  өөрөө зөөгөөд дураараа сольчихдог хүүхэд байсан.Бага насны дурсамжаа сөхвөл сахилга баттай хүүхдүүд, цалингаараа  сэтгэл хангалуун амьдарч чаддаг аав ээжүүд.    Нэр төрөл бага ч цэвэрхэн бас амттай  хүнсний бүтээгдэхүүнүүд гээд зөв сайхан хандлагатай бүх юм л нүдэнд харагддаг.  Би Алтай хотдоо 10 жилийн дунд сургуулиа төгсөн  СУИС-д ороод л хотын  хүн  болсон  доо.  Нутгаа хааяа их санана. Хүний зүүдэнд ордог юм билээ. Аль болох нутаг руугаа явахыг хичээдэг. 

Алтай нутгаар овоглодог жүжигчин бүсгүй маань хамгийн сүүлд хэзээ нутагтаа очсон бэ?  

5жилийн өмнө аав ээж дүүгийн хамт  нөхөртөө нутгаа үзүүлж амарсан. Хүүхэд насны минь амьдрал тэр чигээрээ харагдсан. 10 жилийнхэнтэйгээ  уулзаж сургуулиараа зочилж багш нартайгаа уулзсан сайхан аялал байсаан.

Аав ээж нутаг 3 амин холбоотой гэдэг. Ижий аавынх нь тухай асуулгүй өнгөрч боломгүй. Таны ээжийг урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг байсан гэдэг юм билээ.

Тиймээ. Миний аав Анагаах Ухааны Дунд сургуульд олон жил ажилласан хариуцлагатай цэвэрч бас их залуу сэтгэлгээтэй хүн , ээж минь  Ардын Дуу Бүжгийн Алтай чуулгад гоцлол бүжигчин хийдэг, мэргэжилдээ сайн, даруухан дэндүү сайхан бүсгүй гэгддэг байсан. Одоо ч насандаа их сайхан харагддаг шүү. Аав ээжийнхээ сайхан болгоноос чадлынхаа хэрээр бага ч гэсэн авсаан авсан. Миний амьдралын сайхан бүхэн Алтай нутгаас эхэлсэн.

Хэр нийгмийн идэвхтэй хүүхэд байсан бэ?

Арай л их идэвхитэй байсан. Сургуулийн ариун цэврийн даргаас эхлээд  бүлгэмийг зөвлөлийн даргын үүрэгт ажлыг хийдэг байлаа. Хажуугаар нь аймаг сургуулийн урлагийн бүх л үйл ажиллагаанд  бүжиглэдэг байлаа . Гэхдээ сурлагадаа муу байгаагүй ээ.

Урлаг хэмээх гайхамшигт ертөнцөд татагдахад ээжийн тань  төлөө байв уу?

 Миний багын мөрөөдөл жүжигчин болох. Ээжтэйгээ цуг чуулгын тоглолт үзэж бригадаар цуг явж  урлагийн агаараар амьсгалж байлаа.  Бас аав минь орос кино их үздэг байсан. Энэ  бүхэн нөлөөлсөн байхаа. Аав  ээж 2 минь эмч юмуу сэтгүүлч мэргэжилтэй болгоно гэдэг байсан хэдий ч хайртай ганц охиныхоо сонголтыг хүндэлсэн хэрэг. 10 жилд байхдаа кино үзэх гээд гарах үед ээж маань "Миний охин өнөөдөр кино үзсэнээс хичээлээ давтах нь л илүүсэн дээ. Чи онц сураад сайхан мэргэжил эзэмшээд явбал үүнээс илүү их юм үзнэ. Өнөөдрийн кино битгий хэл хүссэн юмаа худалдаж авч чадна" гэдэг байж билээ. Их сургуульд орчихоод анх удаа аав ээжийнхээ хараанаас холдоод ирэхэд ээжийнхээ тэр үгийг л их боддог байсан. Лхасүрэн багш маань яаж жүжиглэж байна, энэ хүн яагаад ингэж хэлэв гэх мэтээр юм болгоныг нь анзаарах гэж хичээдэг байлаа. Эх хүн гэдэг юутай ч зүйрлэшгүй, энэ хорвоог гэрэлтүүлсэн хамгийн сайхан бурхан гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Ээжийнхээ сайхан зан чанарыг өвлөж, эрхэм нандин сургаалыг нь үргэлж сэтгэлдээ тээж явдаг.  Дуу хуур, бүжиг наадамтай ойр өссөн нь миний хувьд урлагт хөл тавих үндэс суурийг тавьж өгсөн юм болов уу гэж билэгшээж явдаг юм.

Жүжигчний мэргэжлийн юу нь таныг тэгтлээ их татсан юм бэ? Урлагт анхлан хөл тавьж байсан тэр үеэ дурсвал...

Хоёрдугаар ангид байхдаа шог гараанд их тоглоно. Бас "Найрамдал" зусланд очоод шог гараа найруулаад л, өөрөө гол дүрд нь тоглодог байлаа. "Хаврын 17 учрал" киног үзчихээд "Гол дүрийн эгч шиг гоё хүүхэн болоод, ийм сайхан залуутай сууна" гээд л мөрөөднө гээч.Тэгээд хотод элсэлтийн шалгалтанд орох гэж ирээд олон хүүхдүүдтэй өрсөлдөх учраас аав нарийн ухаан гаргаж Эрдэнэт хотод шалгалтын комисс очих юм байна. Тэгэхээр  цөөхөн хүүхэд өрсөлдөнө гээд  Эрдэнэт хотод шалгалт өгөөд тэнцсэн. Сургуулиа төгсөөд  Эрдэнэт  хотын хүүхэлдэйн театрт 3 жил ажиллаж урлагийн ажилтан болсондоо.

Урлаг танаас хэр их золиос шаардаж байна?

Энэ бол миний  хүсэж мөрөөдсөн мэргэжил. Өөрөө өвдсөн үедээ ч яах вэ гүрийгээл тоглолтондоо орно. Хайртай дотны хүмүүсээ өвдсөн үед нь хажууд нь байж болдоггүй нь дэндүү хэцүү дэндүү харамсалтай байдаг. Бусдаар бол гайгүй.

Анхны юм бүхэн алдаа оноотой мартагдахааргүй дурсамж болон үлддэг. Та анхны уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?

Анх оюутан байхдаа “Босоо ороолон” кинонд гол дүрд тоглосон. Учраа мэдэхгүй найруулагчийн хэлсний дагуу л тоглосон. Тэр үед алдаа оноогоо ухаарч ч амжаагүй ээ. Одоо үзвэл  өөрийгөө нэлээн шүүмжлэх байхдаа. Дараа нь Доржсамбуу найруулагчийн “Монголын 3 өдөр”  кинонд тоглосон.  Хөдөөний охины дүр болохоор нүүр хувиргагч улаан хацар хийхээр нь хүмүүсийн нүдийг хариулж байгаад арилгасан чинь найруулагч Ундармаагийн нүүр будаг их шингээдэг юм байна илүү улааныг нь тодруул гээд бүр их улаан хацартай болсон.  Жаахан байсан болохоор хөөрхөн харагдах гэсэн юм  боловуу.

Та чадварлаг сайн жүжигчдийн нэг. Ер нь сайн жүжигчин байхын тулд их хөдөлмөр зарцуулдаг байх?

Ямар ч мэргэжил хөдөлмөрлөх хэрэгтэй. Гэрийн эзэгтэй болохоор дан ганц ажлаа гээд байж болохгүй . Ажил, амьдралынхаа тунг тааруулах нь чухал.Чөлөөт цаг л их багатай ажилладаг. Тийм болохоор хөдөлмөрлөдөг юм шиг  л байна.

Олны танил байхын сайхан бас хэцүү зүйл нь юу байдаг вэ?

Мэргэжилдээ дуртай болохоор хэцүү санагддаггүйээ. Миний өөрийн сонголт учраас урлагийн хүнд байх ёстой ухамсар хариуцлагыг дагаж мөрдөхийг хичээдэг.

Бүсгүйчүүд өтөлж хөгшрөхөөс айдаг. Гэхдээ урлагийнхан залуу насаа хадгалсан овор багатай байх юм. Энэ нь ажил мэргэжилтэй холбоотой юм болов уу?

Холбоотой байхаа. Хэцүү зүйлийг амархан мартдаг  сайхан зүйлийг удаан мартдаг үргэлж инээж явдаг бас дасгал сургуулилт их хийдэг залуу сэтгэлгээтэй гээд нөлөөлөх юм их байдаг.

Сvvлийн vед кинонд тоглоод их завгүй байх шиг байна. Та айлын эзэгтэйн үүргээ хэр сайн биелүүлж байгаа вэ? Хоногийн 24 цагийн хэдийг нь гэр бүлдээ зориулдаг бол?

Аль болох л гэрийнхэнтэйгээ байхыг эрхэмлэдэг. Цэвэрхэн тухтай гэртээ амттай олон төрлийн хоол хийгээд нөхөр охин 2 тойгоо байх хамгийн сайхан байдаг.  

Та үргэлж цоглог эрч хүчтэй эмэгтэйн  дүрд тоглодог. Амьдрал дээр ямархуу ааш, зантай бүсгүй вэ?

Цоглог цоглог.  Уйлаал  инээгээл дуулаал явдаг даа.

Монголын нэгэн үеийн урлагийн түүхийг бичилцэж яваа эмэгтэйн хувьд таны бодлоор “сайхан эмэгтэй” гэж ямар хүнийг хэлэх вэ?

Надаа бол ажлаа амжилттай хийж яваа бас амьдралдаа сэтгэл хангалуун яваа эмэгтэй л сайхан  харагддаг.

Амьдрал  хатуу ертөнц тиймээс эмэгтэй хvн хатуу байх хэрэггvй. Харин уян хатан байж, уучилж хатуу бүхнийг зөөлрүүлэх учиртай гэж ярьдаг? Энэ тал дээр та ямар бодолтой байна?

Эмэгтэй гэлтгүй  ухаантай хүн их зөөлөн байдаг байхаа. “Бусдыг уучлах гэдэг хамгийн том сайн үйлс хийж байна гэсэн үг”  гэж нэг гайхамшигтай бүсгүйгээс саяхан сонссон.

Уран бүтээлч хүмүүсийн дунд атаархал их байдаг гэж ярьдаг. Та атаархлын тухай юу гэж боддог вэ? Байх  ёстой зүйл үү?

Байх ёсгүй зүйл. Атаархалаас болж сайн найзыгаа хамтрагчаа дэндүү их гомдоох тэрнээсээ болж  ажил явахгүй замхрах  гээд муу муухай бүхний эхлэл  тавигддаг.

Сүүлийн үед та олонд тустай сайн үйлсийн ажил хийж байна. Хувь хүнийхээ үүднээс ийм сайн санааны ажил хийхэд нөлөөлсөн зүйл байгаа байх?

-Урьд нь жаахан өвдөж хавдсан үедээ хувийн эмнэлэгт очоод л үзүүлчихдэг байсан болохоор энэ мэт асуудлыг ер мэддэггүй байж. Харин  УНТЭ-ийн ЯТТ-т  зайлшгүй сахиур хийх шаардлага гарсан. Гэтэл эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдээ эргэж тойрохоор очиж буй хүмүүст суух сандал ч олддоггүй юм билээ. Өвчтэй нэгэндээ хоол цай, хувцас хунар, эм тариа дөхүүлэх гээд очсон ар гэрийнхэн нь шалан дээр сууж, зарим нь бүр тэндээ хонож өнжих тохиолдол олон байгаа шүү дээ. Энэ бүхнийг хараад өөрийн эрхгүй сэтгэл эмтэрч, чадах бүхнээрээ тус нэмэр болохыг хичээн Улсын нэгдсэн төв эмнэлгийн Яаралтай Тусламжийн Төвийг шинэчлэн засварлаж, тохижуулсан. Бидний энэ удаагийн  төсөл  “Итгэлийн танхим-Хүүхдүүдэд” нэртэйгээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээн авах тасгийн 220 метр.кв талбай бүхий танхимыг бүрэн шинэчилж байна. Хүүхдийн тоглоомын өрөө шинээр байгуулж, живх солих угаалтуур бүхий эх, хүүхдийн өрөө, бие засах газар гэх мэт зай талбай бүрийг ашигтай, хэрэгтэй шийдлээр засаж тохижуулсан.  Ер нь буяны үйлстэн гэдэг нэрний төлөө  зорьсонгүй, хүмүүст хэрэгтэй зүйлийг чадах хэмжээгээрээ хийж байя л гэж хичээж явна. 

Уран бүтээл, буяны үйлс, арын гэрийн ажлаа ч амжуулаад л... Энэ бүхнийг яаж амжуулж байна вэ?
Амжуулъя гэж хичээвэл бүх зүйл амждаг гэж би боддог. Хүнд муу санаж, муудалцаж  явсангүй, найз нөхөд олонтой тулдаа энэ ажил маань үргэлж бүтэмжтэй байдаг юм. Төслийн ажлын хажуугаар уран бүтээлийн ажил болон компанийхаа үндсэн ажлаа бас амжуулна. Болоод л, амжаад л байдаг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10758
0 эможи
keyboard_arrow_up