Ш.Лувсаншаравын нэрэмжит найрал дууны тэмцээн боллоо

2014 оны 10 сарын 18

2014оны 10-р сарын 17-ны өдөр Хүүхдийн ордонд 14 цагаас Нийслэлийн Засаг даргын ивээл дор явагддаг Ш.Лувсаншаравын нэрэмжит найрал дууны тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт боллоо. Шалгаруулалтанд Нийслэлийн 9 дүүргээс шилдгээр шалгарсан найрал дууны 19 хамтлаг оролцсон юм. Найрал дууны тэмцээнийг нээж Нийслэлийн Соёл, урлагын газрын дарга Б.Батцэнгэл үг хэлсэн бөгөөд нийт оролцож байгаа сурагчдад амжилт хүслээ. Тэмцээний шүүгчээр МУГЗ Г.Буянхишиг, СУИС-ийн багш СТА Д.Оюунхишиг, СУИС-ийн багш Я.Алтансувд, МУИС-ийн багш Ц.Эрдэнэтуяа, Монголын хүүхдийн ордны дууны дугуйлангийн багш Д.Ганчимэг болон хөндлөнгийн шүүгчээр СТА Т.Олоннэмэх, Хилийн цэргийн дуу бүжгийн дуучин СТА Л.Үенч нар байлаа. Тэмцээний салхийг хагалж Багануур дүүргийн сурагчид болох Налайх, Багахангай дүүргийн сурагчид ая, дуугаа өргөсөн бол тэдний араас Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн найрал дууны хамтлаг ая дуугаа өргөлөө. Тус хамтлагийн хувьд удирдсан багшаар н.Сараа ажилласан бөгөөд хүүхдүүдтэй ажиллахад урам зориг, итгэл найдвар дүүрэн байдгаа ярьж байсан юм. Дүүрэгтээ гуравдугаар байранд орж найрал дууны  тэмцээнд оролцох эрхээ олж авсан тус хамтлаг үзэгчдээс өндөр үнэлээ авч байлаа. Тус найрал дууны тэмцээнд Хан-Уул дүүргээс 52, 18, 60 дугаар сургуулиудын сурагчид оролцож байгаа бөгөөд 52-р сургуулийн хувьд дүүрэгтээ зохион байгуулсан найрал дууны тэмцээнд нэгдүгээр байранд орсон хамтлаг юм байна. Эдгээр гурван сургуулийн найрал дууны хамтлагт дуулдаг хүүхдүүдийн хувьд 6-р ангиас 11-р ангийн хүүхдүүдийг сонгосон бөгөөд нийт 60-100 хүүхдийн бүрэлдэхүүнтэй хамтлагууд тус тэмцээнд оролцож байлаа. Энэ жилийн хувьд найрал дууны хамтлагуудын заавал дуулах ёстой дуу нь С.Батболдын ая "Хүүхэд амьтай эх дэлхий" хэмээх дуу байсан бөгөөд хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон дуу хэмээн олон хүн хэлж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10354
1 эможи
keyboard_arrow_up