“Люмино” шинэ уран бүтээлтэй эргэн ирлээ

2014 оны 10 сарын 17

Удаан хугацаанд чимээгүй байсан “Люмино” хамтлагийнхан шинэ уран бүтээлтэй үзэгч, сонсогчидтойгоо уулзлаа. Тэд энэ удаад “Заримдаа”  нэртэй шинэ дуугаа клипжүүлэн дэлгэжээ. Ингээд “Люмино”-гийн Баажийтай шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Шинэ уран бүтээлийг тань удаан хүлээлээ шүү.

-“Люмино” хамтлагийн цоо шинэ уран бүтээл болох “Заримдаа” дуу гарлаа. Энэ дуу бол бидний 2014 оны шинэ уран бүтээл. Бид шинэ уран бүтээл дээрээ удаан завсарласан эцэст ажиллаж байна. Уран бүтээлүүдийн хувьд нэлээд удаан хугацаанд бүтлээ. Тавдугаар сараас дуунууд дээрээ  ажиллаж, бичүүлж эхэлсэн. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд “Люмино” хамтлаг нэлээд сайн боловсорсон. Тиймээс энэ удаагийн уран бүтээлүүд илүү мэргэжлийн түвшинд байх ёстой учраас дууны үг, ая, дуулалт, дуугаралт болон хамгийн чухал зүйл болох хөгжмийн сонголт дээр ажилласан. Бид  дууны бичлэгээ “White Arch” студи дээр бичүүлсэн. Энэ дууны хувьд миний ая, манай хамтлагийн Анхаа, MC хоёрын үг, дууны beat-ыг манай хамтлагийн Анхаа хийж би продюсерласан. Аранжровк дээр бид Окитэй хамтран ажилласан. Хамгийн гол зүйл миксинг, мастренг буюу дууны тохирогооны ажлыг Монголд дэлхийн түвшинд хийгддэггүй.

-Дууныхаа миксинг, мастренгыг хаана хийлгэсэн бэ?

-Бид АНУ-д мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаж  хийлгэсэн. Манайхан Рагуг мэдэх байх. Тэрбээр манай хамтлагтай маш олон уран бүтээл дээр хамтран ажилласан. Мөн Монголын  бүх хамтлаг дуучидтай хамтран ажилласан тэрбээр одоо Нью-Йоркт бичлэгийн студид ажиллаж байгаа.  Рагу манай дуун дээр миксинг хийсэн. Мөн биднийг дэлхийд алдартай мастренгийн “Sterling audio” компанийн  Joe Laporta гэдэг залуутай танилцуулсан. Тэр залуу Греммийн оны шилдэг альбомд хоёр удаа нэр дэвшсэн юм билээ. 50 Cent-ын миксинг, мастренгийг хийж байсан залуу байгаа. Тэрбээр манай дуун дээр ажилласан.

-“Sterling audio” компанийн талаар товчхон танилцуулахгүй юу. Залуусын мэдэх ямар алдартнууд тус компаниар үйлчлүүлж байсан юм бол оо?

-“Sterling audio” нь дэлхийд хамгийн алдартай  мастренг хийдэг компани.  Бидний мэдэх Ketty Perry, 50 Cent гээд олон алдартай хамтлаг дуучидтай хамтран ажиллаж байсан туршлагатай. Тус компанийн инженерүүдйин нэг болох Joe Laporta энэ дуун дээр ажилласан байгаа. Үнэхээр энэ дууг сонсоход өөр сонсогдож байгаа л даа.

-Магадгүй тэр утгаараа дөнгөж гарсан даруйдаа өндөр хандалттай байгаа юм болов уу?

-Бид өчигдөр /10 сарын 15-нд/ албан ёсоор фейсбүүк, youtube дээр тавьсан. Нэг хоногийн дотор 20 гаруй мянган хандалтыг аваад байна. Урлагийн хүмүүс бид сонсогчдынхоо бидэнд өгч байгаа комментод  урамшдаг.  Шинэ дуу маань хүмүүст маш их таалагдаж байх шиг байна. “Люмино” хамлаг олон жил завсарласан байсан.

-Клип нь бас өвөрмөц хийгдсэн байсан шүү дээ?

-Клипийг “Green Creative Art” студи хийсэн. Өмнө нь “Аялгуу” энтертайнмент гээд студид байсан залуус хийсэн. “Заримдаа” дууны клипт одоогийн залуусын хамгийн үзэх дуртай киноны жүжигчид тоглосон. Энэ дуу маань удахгүй дэлгэцнээ гарах киноны дуу болж байгаа. Бидний хийсэн шинэ дуу дүүд маань таалагдаад тэрбээр өөрийнхөө шинэ шийдлээр хийсэн. Хамтарч дуулсан Маралжингоодоо баярлалаа гэж хэлмээр байна. Маралаа  үнэхээр гоё дуулж, маш гоё backround bakal-ыг хийсэн. Мөн гитарыг “White Arch”-ын Мөнх-Оргил тоглосон. Ерөнхийдөө энэ бол багийн ажил байдаг. Түүнээс биш ганцхан хамтлаг дангаараа үүнийг хийж чадахгүй л дээ. Шинэ дуу маань та бүхэнд таалагдсан байх гэж бодож байна. Бид цаашдаа улам ихийг хийхээр төлөвлөж байгаа. Удахгүй ар араасаа  шинэ дуунууд маань гарч эхэлнэ. Бид энэ удаагийн “Люмино” хамтлагийн цомог өмнөх шигээ шинийг эрэлхийлсэн, мэргэжлийн түвшинд гаргана гэж амлаж байна.

-Дараагийн шинэ уран бүтээлээ хэзээ дэлгэх үү?

-Бид энэ эрчээ алдахгүй байхыг хичээнэ. Бас шинэ жилийн нэг дуу бэлдэж байна. “Люмино” хамтлагт шинэ жилээр хүмүүс бүжиглэх олон дуу байдаг. “Намайг дагаад цэнгэ”, “Надтай цуг баяс”, “Сэмбий”  гээд. Одоо бас ямар өвөрмөц дуу байх уу гээд бодож байна. Мэдээж бидэнд хийсэн шинэ уран бүтээлүүд байгаа. Дээр хэлсэнчлэн АНУ руу миксинг, мастренг явуулах  гээд ажил их байна. Тэр ажилд цаг их зарцуулдаг билээ. Бид явуулаад эргээд ирсэн нь шууд таалагдахгүй шүү дээ.  Хоорондын тохирооноос болоод харилцан ярилцан 10, 10-н хоногоор хойшлоод байдаг. “Заримдаа” дуу маань ч гэсэн тавдугаар сард эхлээд өнгөрсөн есдүгээр сард дууссан. Нэг дуу ерөнхийдөө ийм л хугацаанд бүтдэг юм билээ. Тэгж байж бидний хүлээсэн, хийсэн тэр хүнд, бас сонсох бүх хүнд таалагдах  уран бүтээл төрж байгаа. Түүнээс биш  зүгээр явуулчихаад  буцаад ирэхээр нь аан за гээд шууд гаргачихгүй  шүү дээ. Магадгүй энэ явцад, ая, үг, дуулалтаа өөрчлөх гээд чимхлүүр ажиллагаа их шаардаж байж шинэ дуу бүтэж байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10300
0 эможи
keyboard_arrow_up