Ц.Баясгалан: Би эмэгтэй хүнийг өмөөрч тоглолоо
Улсын драмын эрдмийн театр энэ жил "Долоон өөр найруулагч, долоон өөр жүжиг" төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Долоон өөр найруулагч, долоон өөр жүжгийн зургаа дахь жүжиг болох Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулан тавьж буй "Чөлөөт хос" жүжиг гурав хоног тоглогдлоо.
Жүжгийн гол дүрд тоглож буй Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Баясгалантай ярилцсанаа уншигчдадаа хүргэе.
-Тэр бүр тавигдаад байдаггүй нууц амрагийн тухай өгүүлэх “Чөлөөт хос” жүжиг үзэгчдэд юу мэдрүүлж чадав?
-Энэхүү жүжиг маш олон зүйлийг гаргаж чадлаа. Зохиолч Дарио Фогийн бүтээл “Чөлөөт хос” жүжгийг Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулан тавьж байна. Жүжгийн гол дүрд миний бие залуу жүжигчин Э.Одгэрэл, туслах дүрд Г.Дөлгөөн-Аюуш тоглолоо. Энэхүү жүжиг хамгийн их удаан хугацаагаар буюу 10 сарын сургуулилалт хийсэн байгаа. Гэхдээ жүжгийн тавилт бол нэгэн гэр бүлийн дотоод үймээн байсан. Тэр дундаа эмэгтэй хүний амьдрал байсан. Нөхөртөө гологдсон тэр хүний сэтгэлийг мэдрэх гэж би судалгаа хийх шаардлагатай байсан. Жүжгийг маш олон оронд тайзнаа амилуулсан байдаг. Их олон оронд тоглогдсон тавилтыг найруулагч маань бидэнд үзүүлсэн. Тэр олон тавилтуудаас бид их өөрөөр гаргаж чадлаа. Бид аль ч улсын гаргасан тэр санаагаар тавихыг хүсээгүй юм. Эмэгтэй хүнээ өмөөрч тоглолоо. Эр хүнийг дэргэдээ байгаа тэр нандин хайрыг мэдрээсэй, хайрлаасай, тэдний дотоод сэтгэлд ийм зүйл нуугдаж, уналтанд орох үе байх ч түүнийг нь улам гундаалгүй татаж авахыг эрчүүдээсээ хүслээ.
-Сургуулилалт хийсэн 10 сарын дараа эргээд харахад яг одоо таньд ямар мэдрэмж төрж байна вэ?
-Үнэхээр гоё байна. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн бол эр хүний чимэг. Тэр хүний сэтгэлд нуугдсан гунигийг харуулж чадлаа. Үзэгчид маань бас их олон бодлуудыг тээж гарч байна. Найруулагч эхнээсээ авахуулаад дүр гэж юу байх ёстой вэ гэдгийг харууллаа. Бид маш их сургуулилалтыг хийсэн. Найруулагчийн тавилт бол зөвхөн, ширээ сандал л байлаа. Гэтэл бид хоёр энэхүү ширээ, сандалтай тоглох л үлдсэн юм. Бидэнд 1 цаг 45 минутын хугацаанд тайван зогсох боломж байгаагүй. Бусад жүжгийн тухайд бол дараагийн хүнийг гартал амрах ч юм уу боломжууд байдаг бол энэхүү жүжигт тийм зүйл байсангүй. Минут тутамд тайз солигдож, уйлах, дуулах, инээх гээд хувиралт зогсоо зайгүй байсан болохоор жүжигчин хүнээс гарах хамгийн өндөр чадварыг шаардсан. Тийм болохоор энэ жүжигт маш их ажиллагаа хэрэгтэй байсан учраас 10 сарын турш бэлтгэлээ.
-Магадгүй энэхүү жүжиг тавигдсанаар нэгэн шинэ үзэгдлийг гаргаж байна гэж ойлголоо. Мөн дээр нь амьд хөгжимтэй, жүжигчдийн үгийг дэлгэцээр харуулах гээд сонин, содон зүйлүүд их байлаа?
-Эмэгтэй хүний дотоод сэтгэлийг хөндсөн, эр хүний эхнэрээ хэрхэн хайрлаж байгаа тэрхүү өгүүлэмжийг гаргасан “Чөлөөт хос” жүжиг өөрөө их содон бүтээл юм. Жүжгийг Н.Батцэнгэл орчуулж, хөгжмийн зохиолчоор Ж.Энхбаяр ажиллалаа.
Олон сарын турш бидний хичээн зүтгэж, тоглосон жүжиг маань үзэгчдийн сэтгэлд хүрч чадлаа. Мөн амьд хөгжимтэй тоглосон анхны жүжиг монголд тавигдлаа. Урьд нь төгөлдөр хууртай тоглох гээд үзэгдлүүд байсан боловч энэ удаагийнх “Пауз” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээр тоглолтыг үзүүллээ. Сүүлийн сургуулилалтын дараах нь найруулагч маань жүжгийн үгийг дэлгэцээр харуулахаар болсон. Тэгээд биднээс яг тэр л үгийг хэлэхийг хүссэн. Хэдийгээр энэ шинэ зүйл боловч театрт ирж буй үзэгчдээ хүндэтгэж байна. Сонсох чадвар багатай үзэгчид жүжигчдийн хэлж буй үгийг дэлгэцээр харах боломжтой болсон. Тиймээс бидэнд үг, цэг, таслал бүрийг алдах, буруу хэлэх эрх байгаагүй. Мөн энэхүү жүжгийг гадаад оронд тавихад тухайн улсын хэлээр дамжуулан үзэгчдэд хүргэх бэлтгэл боллоо.
-Амьд хамтлагтай тоглоход ямар мэдрэмж төрж байв?
-Амьд хөгжим, хамтлаг хажууд тоглоно гэдэг бол гоё юм байна. Зөөлөн, хатуухан аясуудыг дэргэд мэдэрч тоглох сайхан байна. Мөн бид хоёр үзэгчидтэйгээ харьцаж, тэдний харцаас олон зүйлийг уншиж, ярилцлаа. Нөхрөө хүмүүжүүлэх гээд байгаа тэр эмэгтэйн сэтгэлийг үзэгчидтэйгээ хуваалцлаа. Эмэгтэйчүүдтэйгээ хамтарч зовлонгоо хуваалцахад тэдний харцтай тулгарч ажилласан маань өөрт их амар байлаа. Бид энэхүү жүжгийг тавьж чадсанаараа нэгэн нээлтийг хийлээ. Урьд нь ийм тавилттай, шийдэлтэй жүжиг байгаагүй байсан болохоор шинэ өгүүлэмжийг гаргалаа.
-Гол дүрийн Э.Тодгэрэлийн хувьд тэр бүр үзэгчдийн танил биш жүжигчин байна. Түүнтэй тоглоход ямар сэтгэгдэл төрж байв?
-Энэхүү жүжигт хамтран тоглосон Э.Тодгэрэлийн хувьд залуу чадварлаг жүжигчин. Түүний хувьд “Театр” студийн жүжигчин бөгөөд хараахан жинхлээгүй байгаа. Гэхдээ студийн жүжигчин гэхэд бол чадварлаг, ирээдүйд маш сайн жүжигчин болох уран бүтээлч байгаа. Өөрийнхөө дүр дээр маш сайн ажилласан. Түүний хувьд энэхүү дүр анхны гол дүр боллоо. Найруулагчийн итгэлийг Э.Тодгэрэл алдсангүй. Энэ олон сарын турш дүр дээрээ ажиллаж, өөртөө шингээж, түүнийгээ анхныхаа гол дүр дээр гаргана гэдэг бол маш том амжилт юм.
-Танд Олон улсын фиставилд оролцох урилга ирсэн гэсэн. Аль улс руу явах гэж байна?
-Энэ сарын 16-нд Киргиз руу, дараа нь Мальдив улсад болох олон улсын фистивальд оролцоно. "Би Эдит Пиаф байна" нэртэй ганц хүний жүжгээрээ уригдсан юм.
Ч.БОДРОЛ