Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ
Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 19. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 26. Сугар гараг. Найралт эх одтой, 8 цагаан мэнгэтэй харагчин могой өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 6 цаг 45 минутад мандан, 19 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.