Эцэг эхийн хайр энхрийлэл дутагдсанаас хүүхэд зөрүүдэлдэг
Ирээдүйд хүүхэдтэй болж, тэдэнтэйгээ аз жаргал баяр баясгалантай амьдрах тухай мөрөөдөх хүн цөөнгүй. Гэвч бодит байдал дээр бидний амьдралд шийдвэрлэхэд төвөгтэй асуудал цаг үргэлж тулгарч байдаг.
Хүүхдүүд бидний тэвчээрийг барж, зөрүүдлэн, зогсоо зайгүй уйлж орилох нь энүүхэнд. Тэгвэл эцэг эхчүүд хүүхдүүдийн хооронд яагаад үргэлж үл ойлголцол бий болдог вэ?
Сэтгэлзүйчид энэ асуултанд дуу нэгтэйгээр “Хүүхдэд тань эцэг эхийн хайр энхрийлэл, халамж дутагдаж байна” гэж хариулдаг.
Хүн бүрийн сэтгэлд (тухайн хүн хэдэн настайгаас үл хамааран) “үнэ цэнийн орон зай” хэмээх ойлголт байдаг гэж сэтгэлзүйчид үздэг байна. Тэрхүү орон зайг дүүргэх хэрэгцээ хоол хүнс шиг чухал. Гэхдээ материаллаг зүйлсээр бус харин өөрийгөө бусдад хэчнээн үнэ цэнэтэй, хэрэгтэйгээ ойлгох мэдрэмж, хайраар дүүргэх ёстой юм.
“Үнэ цэнийн орон зай” дүүрэн үед хүн өөртөө итгэлтэй, бусадтай эвтэй найртай байж, эргэн тойрныхонтойгоо зөрчил үүсгэхгүй. Биеэ ёс зүйгүй авч явах нь тухайн орон зай хоосон эсвэл хангалттай дүүргээгүй байгаатай холбоотой юм. Тиймээс цаг алдалгүй хайраар бялхуулах хэрэгтэй.