Бясалгал гэж юу вэ?
Техник технологи, эдийн засаг хөгжихийн хэрээр хүн өөрийн төрөлх мөн чанараа алдаж, байгалиас заяасан энэрч хайрлах, амар амгалан байх гээд өөрөө аз жаргалтай байх сэтгэл төлөвүүдээ айх эмээх, түгших, хардах, атаархах, хорсох, хуурах мэхлэх гэсэн сөрөг сэтгэл төлөвүүдээр сольчихдог. Эдгээр нь буцаад хүнийг өөрийг нь зовоодог тул эерэг сэтгэл хөдлөлийг бий болгох увдистай бясалгал гэдэг энэ нийгмийн чухал хэрэгцээ болоод байна. Манай сайтын зүгээс энэ долоо хоногийн турш бясалгалын тухай болон тэдгээрийн төрлүүдийг уншигчиддаа хүргэх болно.Өнөөдөр та бүхэнд бясалгалын тухай ерөнхий ойлголтыг хүргэж байна.
Бясалгал гэдэг нь аливаа зүйлд хандах сэтгэлийн аятай таатай хандлага, төлөв байдалд өөрийгөө сургах арга. Ингэхийн тулд тухайн сэтгэлийн төлөв байдлыг өөрийн зуршил болтол дахин дахин нөхцөлдүүлж байх хэрэгтэй. Мэдээж бидэнд тустай олон янзын хандлага, сэтгэлийн төлөв байдлууд байдаг. Илүү тайван, түгшүүр багатай, зовнилгүй сэтгэлийн төлөв байдал байхад өөр нэг нь илүү төвлөрсөн байнгын догдлолгүй, тогтуун төлөв байдал байдаг. Өөр нэг нь хүн болон амьдралын талаар илүү их ойлголттой сэтгэлийн төлөв байхад нөгөө нэг нь бусдыг илүү их энэрч, хайрласан сэтгэл байж болно. Энэ мэт өөр олон сэтгэлийн чухал төлөв байдлууд байдаг ба тэдгээрийг бид бясалгалаар хөгжүүлж болдог.
Яагаад би эдгээр сэтгэлийн төлөв байдлыг хөгжүүлэхийг хүсэх болов? Энэ асуултанд хариулахад хоёр хүчин зүйлийг тодруулах хэрэгтэй. Нэгдүгээрт, эдгээр сэтгэлийн төлөв байдлыг ямар зорилгын үүднээс хөгжүүлэх болов? Хоёрдугаарт, яагаад бид тэр зорилгод хүрэхийг хүсэх болов?
Жишээлбэл, яагаад надад илүү тайван, эрүүл саруул сэтгэлийн төлөв байдал хэрэгтэй байна вэ? Тодорхой нэг шалтгаан бол сэтгэл санаа тайван бус байх нь биднийг олон төвөгтэй байдалд оруулдаг; бэрхшээлд хүргэж, амьдралд оролцох бидний сайн оролцоог бууруулдаг. Энэ байдал нь бидний эрүүл мэндэд бас муугаар нөлөөлж, гэр бүл, найз нөхдийн дотор асуудлууд үүсгэх, бидний харилцааг хурцдуулах, ажлын байранд ч хүндрэл бий болгодог. Энэ жишээн дээр бидний зорилго нь сэтгэл санааны байдал, сэтгэл хөдлөлийн хувьд бидэнд байдаг зарим асуудал, сул талуудыг засах явдал байна. Ингээд энэ байдлыг бясалгалаар, зөв цэгцтэй аргаар засъя гэсэн үүргийг өөртөө авах шийдвэр гаргаж болно.
Бясалгах ур чадварт суралцаж эхлэхэд биднийг ямар сэтгэлийн төлөв байдал хөтөлдөг вэ? Бидэнд тохиолдоод байгаа сэтгэл санааны тайван бус байдлаасаа бид бүрэн залхаж, дургүйцсэн байж болно. Ингээд бид өөртөө “Хангалттай. Би одоо энэ нөхцөл байдлаас гаръя. Ингэхийн тулд ямар нэг зүйл хийх хэрэгтэй” гэж хэлдэг. Юуны түрүүнд өөрийн хайртай хүмүүсдээ туслах зорилготой байвал дээрх дургүйцлийн хажуугаар бидэнд асрах, өрөвдөж энэрэх сэтгэл төрдөг. Ийм сэтгэл хөдлөлүүдийн нөлөөгөөр бидэнд сайн тус болж чадах аргыг хайдаг.
Гэвч бясалгалын талаар бодит ойлголттой байх нь чухал. Бясалгал дангаараа бидний бүх асуудлуудыг шийдвэрлэх болно гэж бодох нь бодит байдалд нийцэхгүй. Бясалгал бол нэг арга. Хэрэв бид тодорхой үр дүнд хүрэхийг хүсэж байвал, зорилгодоо хүрэх эерэг хандлатай байвал аливаа үр дүнд зөвхөн ганц аргаар хүрэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг үр дүнд хүрэхэд олон нөхцөл шалтгаан бүрдсэн байх ёстой. Жишээ нь хэрэв цусны өндөр даралттай, даралт ихэсдэг бол бясалгал мэдээж тустай. Өдөр тутмын бясалгал сэтгэл хэт их зовох байдлыг багасгаж болно. Гэвч бясалгал дангаараа цусны даралтыг бууруулахгүй. Тодорхой хэмжээгээр тус болж болох боловч хоолны дэглэмээ өөрчлөх, дасгал хөдөлгөөн хийх, эм бэлдмэл хэрэглэх шаардлагатай байж болно. Цусны даралтыг бууруулахад олон хүчин зүйл хүссэн үр дүнд хүргэнэ.
Бясалгалд хэрэглэгддэг тэдгээр аргууд бас сөрөг сэтгэлийн төлөв байдалд зуршил болоход оролцсон байдаг. Жишээлбэл, би өөрт таарамжгүй хэн нэгнийг ямар муу хүн болох талаар бясалгаж болно. Тухайн хүнийг улмаар хорлох, гэмтээхийг хүссэн сэтгэлийг төрүүлэхэд бясалгалыг ашиглаж болно. Гэвч энэ нь бясалгалыг хэрэглэдэг нийтлэг хэрэглээ биш. Бясалгал нь бидэнд болон бусдад тустай сэтгэлийн төлөв байдлуудыг хөгжүүлэхэд хэрэглэгддэг арга юм.
Бид хэрхэн бясалгадаг вэ? Бидний төлөвшүүлэхийг зорьж байгаа сэтгэлийн төлөв байдлуудаас шалтгаалан хэрэглэх аргууд нь өөр өөр байдаг. Гэвч бүх аргуудад байдаг нийтлэг нэг зүйл бол дадлага хийх. “Дадлага” гэдэг нь тухайн нэг дасгалыг олон удаа давтан хийх гэсэн үг. Хэрэв бид биеэрээ ямар нэг зүйл хийж сурах хэрэгтэй бол бид тодорхой нэг дасгалыг тогтмол хийх шаардлагатай байдаг. Үүнтэй адил бид сэтгэлийг ямар нэг зүйлд сургахыг хүсвэл тогтмол дасгал бас хэрэгтэй болно.