Хөшгөөр гэрээ гоёцгооё

2014 оны 9 сарын 26

Намрын налгар өдрүүдэд айл бүр л өвлийн бэтлтгэлээ хангаж орон байрандаа засвар хийдэг. Энэ удаа манай сайтын зүгээс цонхны хөшигөө хэрхэн сонгох тухай зөвлөгөөг хүргэж байна.

Юуны өмнө өрөөнийхөө хэмжээ, байрлалыг онцгой анхаарах хэрэгтэй. Том том цонхтой цэлгэр өрөөнд хөшиг онцын ач холбогдолгүй байдаг бол хар бараан өнгийн ханатай жижигхэн өрөөнд тод цагаан хөшиг өлгөвөл өрөөг уудам мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хэрвээ та классик буюу сонгодог стилийг сонирхдог бол цацаг, хээ угалзтай, зузаан материалтай хөшгийг сонгох нь зүйтэй. Худалдагч нарын хэлж байгаагаар сүүлийн үед хүмүүс товгор хээтэй, элдэв цацаг унжлагагүй, зузаан хөшиг сонгох болсон аж.  

Унтлагын өрөө - Унтлагын өрөөний хөшгийг сонгохдоо синтетик буюу нийлмэл эдээр хийгдсэн материалтайг нь сонгоорой. Түүнээс гадна тюль, даавуун гэсэн гурван давхар хөшигтэй байх нь илүү тааламжтай нөхцөл бүрдүүлнэ гэж дизайнерууд үздэг байна. Тюль нь нарны гэрлийг өрөөнд нэвтрүүлснээр байгалийн гэрлийг ашиглах нөхцөл бүрдүүлдэг бол харин нийлмэл эдээр хийсэн бараан өнгийн хөшиг нарны гэрлийг нэвтрүүлдэггүй. Өөрөөр хэлбэл өдөр ч гэсэн та унтаж болно шүү дээ. Тэр үед гэрэл нэвтрүүлдэггүй бараан өнгийн хөшиг хэрэг болно.

Гал тогооны өрөө - "Кафе" маягийн хөшиг нь гал тогооны өрөөнд тохиромжтой. Ийм хөшиг нь тодорхой тусгаарлалт бий болгох боловч байгалийн гэрэл тусахад саад болдоггүй. Мөн цонхны зөвхөн доод хэсгийг хаадаг бөгөөд хөшигний дээгүүр өдрийн гэрэл чөлөөтэй нэвтэрнэ. Хэрэв цонхны цаана үзэгдэх орчин тааламжтай бус бол ийм маягийн хөшиг хаах боловч цонхны өөрийнх нь үзэмжийг бүхлээр нь халхалдаггүй сайн талтай. Түүнийг тюлээр орлуулах буюу урт хөшигтэй зохицуулж ч болдог. Тэгээд ч "Кафе" маягийн хөшгийг хийхэд их хэмжээний даавуу ордоггүй. Түүнийг даавууны үлдэгдэл ашиглан өөрөө ч хийж болох юм. Мөн дотортой эсвэл дан хийж болно. Дотор нь хөшигний ашиглагдах хугацааг уртасгаж гандахаас хамгаалдаг. Харин дан хөшиг нь хөнгөн, энэ хэрээр өрөөг гэгээтэй болгоно.

Зочны өрөө – Сүүлийн үед интерьер ертөнцөд дорнын хэв маяг хүчтэй орж ирж байгаа. Тиймээс мэргэжилтнүүд үнэтэй нүсэр тавилга, элдэв тод өнгийн хөшигнөөс илүүтэй дараах зүйлийг санал болгож байна. Хэний ч тоодоггүй эмээгийнхээ арслантай бор авдар, зэс домбыг нь авчраад том өрөөндөө тавьчих. Арслантай авдар чинь бага зэрэг халцарсан байсан ч хамаагүй. Хажууд нь хослуулж ази хэв маягтай луу, цэцгэн хээтэй торгон хөшиг татахаа мартав.Үүнээс гадна хослуулах сандал, зураг, эсгий ширдэг тавиарай. Иймэрхүү  маягаар өөрчилснөөр таны гэр уламжлалт хуучинсаг уйтгартай болно гэж битгий бодоорой. Харин ч эсрэгээрээ жинхэнэ орчин үеийн шийдэл гэдгийг мэдрэх болно. Магадгүй хэрээс давсан үнэтэй нүсэр тавилгуудаас илүү таныг сэтгэл зүйн хувьд тайван амгалан болгож ч мэднэ. Хэрвээ энэ хэв маяг танд таалагдахгүй байгаа бол юуны түрүүн өрөөндөө сэтгэл татам, зөөлөн, дулаан уур амьсгалыг төрүүлэхийн тулд хананы өнгөтэй уусч байхаар тооцон хөшгөө сонгоорой. Эцэст нь хэлэхэд хөшгийг зөвхөн хэрэглээ талаас нь авч үзэхээ болиод чимэглэл, интерьер талаас нь бодолцох болсон гэдгийг сануулъя. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9330
0 эможи
keyboard_arrow_up