Заяаны ханьтайгаа учирсан эсэхээ яаж мэдэх вэ?
Бидний амьдралд олон учралууд тохиолддог. Тэднээс үнэхээр сэтгэл догдлуулж, зүрх булиглуулсан нь цаг зуурынх байх тохиолдол алийг тэр гэх вэ. Тэгвэл таньтай л учрах тавилангаар төрсөн заяаны ханиа олсон эсэхээ яаж мэдэх вэ? Далд ухамсрын түвшинд үүнийг ийнхүү тайлбарлажээ.
Хоёр ухамсар нэг болох нь
Заяаын хань учрахыг өөрөөр "Ихэр сүнс нэгдэх" хэмээн нэрийддэг аж. Энэ нь бидний дотор буй сүнсний ихэр нь заяаны ханийн маань биед байдаг бөгөөд, түүнтэй учирсан цагт хоёр сүнс нэгдэж нэг цул болдгийг илэрхийлнэ хэмээжээ.
Хүн хайр энэрэл, уучлал, өршөөлийн тухай амьдралынхаа туршид хангалттай сайн суралцаагүй тохиолдолд заяаныхаа ханьтай учирдаггүй юм байна. Учир нь тэр болтол зүрх ихэр сүнсээ өөртөө нэгтгэж чадахуйц өр зөөлөн, уян хатан, хүчирхэг болж бэлтгэгдээгүй байдаг. Заяаны ханиа олсон олон хүн тэр учралын өмнөхөн, эсвэл дараахан "ухамсрын шөнө"-ийг туулж хатуужаад, сэтгэл санаа оюун бодлын хувьд цэгцлэгдсэн байдаг аж.
Тиймээс заяаны ханьтайгаа амьдралаа холбоно гэдэг их аз завшаан, хувь тавилангийн бэлэг байдаг.
Нэгдэхээс өмнө сүнс тус бүр арга, билигийн хувьд өөрийн тэнцвэрээ олсон байх ёстой. Зарим ихэр сүнснүүд дэлхий дээр учирдаггүй, насан турш ухамсрын түвшинд оршсоор дуусдаг. Энэ тохиолдолд нэг сүнс нь бодит орчлон дээр өөр нэг сүнстэй итгэлцэлийн холбоо тогтоон амьдарч байсан ч өөрийн ихэрийг оюун санаагаараа мэдэрдэг. Заримдаа ихэр сүнснүүд өөр өөр цаг хугацаанд хүн төрхөө олсон явдал ч байдаг. Хэдий сайхан боловч заяаны ханьтайгаа учрах нь таниас сэтгэлзүйн болон оюун санааны асар том дэвшил, ухаарлыг шаарддаг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
Ихрээ олсноо яаж мэдэх вэ?
Та хоёрт тохиолдлын чанартай олон ижил зүйл байвал энэ нь ихэр сүнсний шинж.
Жишээ нь хоёр өөр хотод боловч, ижилхэн тоотой байрны ижил дугаарт амьдардаг байх бол заяаны ханиудыг хосломол тэмдэг гэнэ. Эсвэл тохиолдлоор нэг өдөр төрсөн байж таарах, нэг газар яг адилхан хүнтэй уулзаж үзсэн байх зэрэг нь бурхнаас илгээсэн дохио болдог ажээ.
Хамгийн сонирхолтой дохио бол 11:11 гэсэн тоог санаандгүйгээр олон удаа харах юм. Компьютер эсвэл гар утасны цаган дээр байн байн харагдах, энэ тоо оролцсон төлбөрийн хуудас авах, гар утасны дугаартай таарах гээд заримдаа таныг энэ тоо дагаад байгаа юм шиг сэтгэгдэл төрөх вий.
Тоон шинжлэх ухаанд 11, 22 гэсэн хоёр тоо хамгийн хүчирхэг утгыг агуулсан байдаг. Эд бол ганц юм хос болох, хос юм нэг болж уусч буйн илэрхийлэл болдог. Өөрөөр хэлвэл заяаны ханийн төгс билэг тэмдэг юм.
Энэ бүгдээс таны зүрхний орон зай дүүрч, бүтэн боллоо гэдгийг мэдрэх нь хамгийн том дохио гэлтэй.