Гэрлэлтийг тань хөнөөгч 12 зүйл
Урам алдарсан залуу хосуудад зөвлөхөд “ямар ч үед салах талаар бүү бод” гэж хэлэх байна. Хэрүүл маргаан тасрахгүй, цөхөрч гүйцсэн байлаа ч гэр бүл салалтыг хэзээ ч бүү зөвшөөр. Салалтаар ямар ч асуудал шийдэгдэхгүй бөгөөд ерөнхийдөө хуучин асуудлаа шинээр сольж буй хэрэг юм.
Ямар ч хэрэг явдал үүссэн байлаа, амьдралаа авч үлдэхийн тулд хоорондох харилцаагаа хамгаалж сур. Мэдээж үүнийг эхнэр нөхөр хамтдаа хийх ёстой. Сайн сайхан амьдралын төлөө ганц нь зүтгэх бус, хоёулаа зүтгэл гаргаж байж гэр бүл бат бэх болж чадна.
Гэр бүл салахад хүргэдэг шалтгаанаас арван хоёрыг доор бичлээ. Доорх асуудал бүрт таарсан шийдэл байх агаад үүнийг хамтдаа эрж олоорой.
1. Дэндүү олон зүйлд өөрийгөө зориулах ба бие махбодын туйлдал.
Олон залуу хос гэр бүлээ төвхнүүлж амжаагүй байж, элдэв янзын сургууль соёл, мөнгө олох ажилд хамаг цаг заваа өгсөөр эцэстээ гэр бүлээ авч явахад бие махбодын талаасаа хүндрэлд хүрдэг. Сургуульд сурах, бүтэн цагаар ажиллах, үр хүүхэдтэй болох, тэднийгээ өсгөн хүмүүжүүлэх, байшин барих, шинэ бизнес эхлэх зэрэг амьдралын эрээлжлэм олон үйл явцсыг бүгдийг нэг дор амжуулах гэж бүү оролд. Энэ бүхнийг нэг дор ганц амьсгаагаар хийх гэвээс, тэгвэл хэдийд нь гэрлэлтдээ анхаарах вэ гэдэг асуудал аяндаа ургана. Юу нь болдоггүй юм бэ гэж асуух хүн байгаа нь лавтай. Болноо. Гэхдээ, хоёр биеэ хайрлаж, нэг нэгдээ цаг гаргах хэрэгтэй юм байна гэдгээ ухаарах цагт хэдийнээ хайр тань хөрсөн, сэтгэл тань цөхсөн, бие тань ядарсан, гал тань бөхсөн байх вий. Ялангуяа, нөхөр нь өглөөнөөс орой хүртэл ажиллаж, эхнэр нь хүүхдээ харан гэртээ үлддэг бол, ийм байдалд тун амархан орно. Удаан хугацаагаар гэртээ ганцаараа байсан гэргий тань сэтгэл дундуурхан мэдрэмжийг эдэлсээр улмаар сэтгэл санааны дарамтанд орно. Яг эндээс л салах тухай бодол төрдөг юм. Тиймээс, ийм нөхцөл байдалд хүрэлгүй, хайр сэтгэлээ амьд хэвээр нь тээхийг хүсч байвал, хоёр биедээ аль болох их цаг зав зориулаарай.
2. Мөнгө зарцуулалт ба өр ширний асуудал.
Болж өгвөл мөнгө бүү зээл. Харин, ашиг орлогоо нэмэгдүүлэх өөр боломж хай. Гэр бүлийнхээ санхүүг төсөвлөсөн хэм хэмжээндээ барь. Мөнгөө ухаалгаар зарцуулахгүй бол, энэ асуудал нь адагтаа гэр бүл салах шалтгаан болох боломжтой.
3. Амин хувиа хичээсэн үзэл.
Энэ дэлхий дээр хоёр төрлийн хүмүүс байдаг: 1. бусдад өгдөг хүн; 2. бусдаас авдаг хүн. Гэр бүлийн хос хоёулаа өглөгч байвал юутай сайхан бэ? Гэхдээ, амьдрал дээр ийм байх нь ховор. Ихэнхдээ өглөгч, авлагач хоёр хамт амьдардаг. Харин, хоёулаа авлагач бол нэг их удалгүй зам салах талаар бодно байх. Амин хувиа бодсон үзэл- гэр бүлийн мөнхийн дайсан гэдгийг санаж яваарай.
4. Хадмуудын оролцоо.
Эхнэр нөхрийн аль аль нь төрсөн эцэг эхийнхээ нөлөөллөөс бүрэн чөлөөтэй байж чадахгүй бол, тэднээсээ аль болох хол амьдарсан нь өлзийтэй. Зарим эцэг эхийн хувьд хүү охиноо гэрлүүлчихсэн хирнээ бие даасан, тусгаар байдлыг нь үл хүлээн зөвшөөрөн, гэр бүлийнх нь амьдралд хутгалдахдаа тэдний амьдралд зовлон тарих нь олонтаа. Энэхүү байдлыг нэг хэсэгтээ тэвчиж болдог ч, эцэстээ бас л гэр бүл салах хөшүүрэг болох магадлалтай гэдгийг санаарай.
5. Бодит бус хүсэлт.
Зарим хүн гэрлэлтээ бодит байдлаас хэт дэврүүн төсөөлдөг. Тэд үргэлж л сарнайн замаар алхалж, тансаг сайхан, баяр хөөртэй, асуудал зовлонгүй, амар тайван амьдрахыг хүсэмжилнэ. Ийм амьдралыг нөхрөөсөө шаардаад байвал, эр нөхөр нь гэргийгээ хүссэнээр нь байлгаж чадсангүй хэмээн өөрийгөө голж, бүх бурууг өөртөө оноохдоо урамгүй байдлын хавханд ордог байна. Эр нөхрөөсөө юугаа ч хүсч болно. Гэхдээ, бодит байдлыг хэзээ ч мартах ёсгүй.
6. Орон зайг булаан эзлэгч.
Дийлэнх хосууд нэг нэгдээ орших хувийн орон зай өгөх талаар ямар ч ойлголтгүй явдаг. Бие биедээ амьсгаа авах орон зай өгч сур. Хайр бол боолчлол бус, харин эрх чөлөө. Эхнэр нөхөртөө өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломж өгснөөрөө та зөвхөн хайраа л харуулах болно.
7. Архидалт ба байнгын хүчирхийлэл.
Архидалт ба хүчирхийлэл нь гэр бүлийг хөнөөгөөд зогсохгүй, эрдэнэт хүмүүнийг ч үхэлд хүргэнэ гэдгийг үүнээс тодорхойгоор яаж хэлэх билээ. Эдгээр нь гай гамшгийг даллан дуудагч учраас үргэлж зайлсхийж, бүр холуур яв.
8. Порно зураг, мөрийтэй тоглоом ба бусад донтолтууд.
Өөгүй хүн гэж байхгүйг хэн ч хүлээн зөвшөөрнө байх. Гэхдээ, хүний амьдралыг мөхөөдөг зуршлууд гэж бий. Анх танилцаж буй шинэхэн хосууд порно зураг, порно веб сайт үзэх, мөрийтэй тоглох зэрэг өөрийнх нь гаж буруу зуршлууд гэр бүлийнх нь амьдралд төдийлөн нөлөөлөхгүй хэмээн төөрөлддөг. Мөн гэрлэж буй хүн нь ч бас ханьд нь ямар аюултай зуршлууд байгааг бүр хожим мэдэж ухаардаг нь ямар харамсалтай вэ. Үүнээс болж хань үр хүүхдийнх нь амьдралын хичнээн өдөр хоног гашуун нулимсаар дүүрдгийг та мэдэх үү. Тиймээс, та тэрхүү гаж явдлаа үзэн ядаж, хаяхын төлөө чадахаасаа чадахгүйгээ хүртэл явахгүй бол, гэр бүл тань хэзээ ч дахин сэргэхгүйгээр бүрмөсөн үхэх болно. Учир нь гэмийн төлөөс бол үхэл юм. Өөрийгөө цэвэрлэж, бузар муугийн хатуу “тоглоомоор” оролдохгүй амьдарваас, донтолт бидний амьдралд нөлөөлж чадахгүй.
9. Сексийн явдал, цөхрөл, ганцаардал, өөрийгөө голох ба мансууруулах бодис хэрэглэх.
Эдгээр нь муу муухайн нэгдэл байгаа биз. Үр дагавар нь мэдээж туйлын тодорхой.
10. Бизнесийн дампуурал.
Онцгойлон эрчүүдийн хувьд энэ нь маш хүнд цохилт болдог. Санхүүгийн асуудал нь гэр бүлдээ уур уцаартай хандах бас түргэн хөгшрөх нэгэн шалтгаан мөн.
11. Бизнесийн амжилт.
Дампуурлын нэгэн адил амжилт ч бас олон талын эрсдэлийг гэр бүлд авчирдаг. Сургаалт үгс номд “Надад оногдох хувь болох хүнсийг өгч хайрлаач” (30:8) хэмээн бичснийг санаарай.
12. Дэндүү эрт гэрлэх.
14-17 настайдаа хүнтэй суусан охид 18-19 насандаа гэрлэсэн охидоос даруй хоёр дахин илүү салалтад өртдөг байна. Харин, 18-19-тэйдээ нөхөрт гарсан охид хорь гараад хуримласан бүсгүйчүүлээс 1,5 дахин илүү хурдан салдаг байна. Тиймээс, насны хувьд нэг үе шатаас нөгөө рүү шилжихээсээ өмнө өмнөх үе шатаа гүйцээх хэрэгтэй.
Миний анзаарч тэмдэглэсэн дээрх арван хоёр зүйлс нь гэр бүлийн амьдралыг үнэхээр баттай хөнөөж чадна. Энэхүү жагсаалт нь эдгээр арван хоёр зүйлээр хязгаарлагдахгүй гэдэг нь бас тодорхой. Хамгийн гол нь амьдралдаа аливаа зүйлийг жижиг гэж үл ойшоолгүйгээр, хэрэгцээтэй бүхнийг өөртөө хөгжүүлэн бий болгох хэрэгтэй. Хэрэв, гэр бүлээ нандигнан хадгалахыг хүсч байвал, гэрлэлтийг мөхөөдөг зүйлсэд нухацтай хандах ёстой. Үхэн үхэтлээ үнэнч үлдэх бат бэх гэрлэлтийг хэрхэн байгуулах вэ? Дээрх хорон асуудлын эсрэг хэрхэн тэмцэх вэ? Тавин жил, жаран жил улирлаа ч, бие биеэ ойлгож, урмаар тэтгэсээр байх гэр бүлийг хэрхэн байгуулах гэж байна вэ? Өөрсдөө ч өнгөрөөсөн амьдралдаа харамсахгүй, үр хүүхэддээ ч үнэн зөв, сайн сайхныг өвлүүлэх аж амьдралыг хэрхэн зохиох вэ? “Эмээ өвөө хоёр яагаад хамтдаа амьдардаггүйм бэ?” гэж ач гучаараа хэлүүлэхгүй амьдрахсан.
Бидэнд дахин дахин алдаад байх цаг үнэндээ алга. Амьдрал хэмээх их далайд живэлгүй, цоорсон онгоцоо бушуухан засч сэлбээд, цааш аялах хэрэгтэй. Амьдрах хугацаа үнэхээр бага биш гэж үү. Яахав, юу хийхэв гэж самуурч суух цаг үнэхээр бидэнд байхгүй. Бие биеэ уучилж, хоёр биеэ хайрла. Тэгээд, салалтын талаар бодолгүй амьдраарай.