Таны хүүхэд тэжээвэр амьтантай байх 10 шалтгаан
Амьтанд хайргүй хүүхэд гэж үгүй. Тэр дундаа муурын зулзага, туулайн бүжин, нохойн гөлөг тэжээхийг хүүхэд бүр хүсдэг ч зарим эцэг эх үүнийг нь зөвшөөрдөггүй. Учир нь гэр орны ажил дээр дахин нэг ажил нэмэгдэнэ, гэрт бааж шээн томчууд л арчилна гэхчлэн төвөгшөөж сөрөг талаас нь харж хүүхдийнхээ хүсэлд “үгүй” гэж хэлэх тохиолдол гардаг.
Гэвч тэжээвэр амьтан нь хүүхдийн хүмүүжил, цаашлаад зөв хүн болж төлөвшихөд нь хэр их эерэг нөлөө үзүүлдэгийг та бодож үзсэн үү. Нохой тэжээдэг хүн 10 насаар залуу харагддагийг ч судлаачид аль хэдийнэ тогтоожээ. Тиймээс та хүүхдийнхээ хүсэлд татгалзсан хариу өгөхөөсөө өмнө “Тэжээвэр амьтан миний хүүхдэд хэр эерэг нөлөө үзүүлэх вэ” гэж нэг бодоод үзээрэй.
Ингээд таны хүүхэд тэжээвэр амьтантай байх 10 шалтгааныг танилцуулъя
1. Үүрэг хариуцлага
Амьтан тэжээснээр хүүхдэд тань нэн түрүүнд төлөвших зан чанар бол үүрэг хариуцлага юм. Учир нь хүний аливаа зүйлд хариуцлагатай байх чадвар бага насандаа төлөвших нь хамгийн үр дүнтэй байдаг. Өөрөө арчлах, гадаа салхилуулах, хооллож ундлах гээд бүхий л зүйлст амлалт авч амьтан тэжээж байгаа хүүхэд амлалтандаа хүрэх гэж мэрийсээр үүрэг хариуцлагатай нэгэн болох юм. Гэхдээ мэдээж та хүүхэддээ тусалж, зааж зөвлөх хэрэгтэйг санаарай.
2. Өөртөө итгэлтэй байдал
Хүүхдээ том болсон хойноо хүнтэй чөлөөтэй харьцаж чаддаггүй нэгэн болохыг ямар ч эцэг эх хүсэхгүй нь лавтай. Харин хүүхэд тэжээвэр амьтан, ялангуяа өөртэй нь тоглож нааддаг нохой муур тэжээснээр өөртөө итгэлтэй болдог. Учир нь амьтад тэднийг хүүхэд гэж ялгалгүй харьцан тоглож наадах нь хүүхдэд өөртөө итгэлтэй байх мэдрэмжийг байнга төрүүлж байдаг.
3. Харшил болон багтраа өвчнөөс сэргийлнэ
Амьтан тэжээх нь хүүхдийн тань зан төлөвшилд сайнаар нөлөөлөхөөс гадна эрүүл мэндэд ч мөн тустай. Учир нь амьтантай хамт өссөн хүүхэд харшил болон багтраа өвчнөөр өвчлөх нь бага болохыг олон ч судалгаа харуулсан байдаг. Мөн хүүхдэд 0-1 нас хүртэлх хугацаанд харшлыг эсэргүүцэх дархлалын систем бий болдог байна.
4. Дасгал хөдөлгөөн
Хүүхэд тань ямар нэгэн спортын дугуйлан секцэд явдаггүй бол тэжээвэр амьтан ялангуяа нохойтой байна гэдэг нь маш том давуу тал юм. Нохой нь хөдөлгөөний идэвхтэй амьтан учир хүүхэд тань түүнтэй хамт гадаа тоглож, үсэрч харайн нэг талаараа биеийн тамираар хичээллэж буйн хэрэг юм. Мөн нохойтой гэр бүл нохойгүй гэр бүлээс илүү их салхилж, гадаа гарч хөдөлгөөнтэй байдаг гэсэн судалгаа хүртэл бий.
5. Тайван зан чанар
Зарим тохиолдолд томчуудад уур уцаараа гаргах амьтан /нохой, муур г.м/ хүүхдэд ямар ч муу зүйл хийдэггүй. Тэгэхээр хүүхдэд хандах тэжээвэр амьтны хандлага тайван дөлгөөн байдаг гэсэн үг юм. Хүүхдүүд томчуудтай хамт байхаас илүү тэжээвэр амьтантайгаа байх нь тэдэнд тайван орчныг бүрдүүлж чаддаг байна.
6. Стрессийг бууруулна
Хүүхэд ганцаардсан, гомдсон, бухимдсан үедээ тэжээвэр амьтантайгаа хамт байж, тэдэнтэйгээ ярьж тайвширдаг. Учир нь тэд хариу хэлж чаддаггүй ч ямагт сайн сонсогч байдаг бөгөөд нэг ёсондоо хүүхдэд хань болдог юм. Мөн нохойн гөлөг, муурын зулзага, туулайн бүжин гээд тэжээвэр амьтантай болоход гэр бүлийн шинэ гишүүн нэмэгдэж байгаа мэт бүгдийн хайр, өхөөрдлийг төрүүлж гэр бүлд чимх аз жаргалыг бий болгодог байна.
7. Бие хамгаалагч
Туулай эсвэл усан гахай хүүхдийг тань муу зүйлээс хамгаалж чадахгүй нь мэдээж. Харин нохой болон муур нь таны хүүхдийн найдвартай “бие хамгаалагч” байж чадна.
Тэжээвэр амьтад хүүхдийн төдийгүй гэр бүлийнхнээ амийг аварсан зөндөө тохиолдол бий. Жишээ нь гэрийнхнийгээ галаас аварсан ноход, зуудаг нохойноос эзнээ аварсан муур гээд тоочоод байвал их бий. Илүү хөгжилтэйгөөр тайлбарлах юм бол “Бетховен” хэмээх кинон дээр үеийнхээ хөвгүүдэд дээрэлхүүлдэг дунд хүү нь нохойныхоо ачаар өөртөө итгэлтэй болдог шүү дээ.
8. Үр дагаварыг бодох чадвар
Амьтныг арчилж тордох, хайрлах нь хүүхдэд аливаа зүйлийн үр дагаварыг бодох чадварыг нэмэгдүүлдэг. Жишээ нь, загасыг хооллохгүй бол үхнэ, гөлгөө сайн салхилуулахгүй бол рахиттай болно, усан гахайныхаа торыг цэвэрлэхгүй бол таагүй үнэр гарна гэхчлэн наад захын зүйлсийн талаар ойлголттой болж энэ нь цаашлаад аливаа зүйлын үр дагаварын талаар бодох чадвартай болоход нь тусалдаг.
9. Сахилга баттай байдал
Хүүхэд тань нохойгоо сургуультай болгохыг хүсэж суух, босох, үсрэх зэргийг заах гэж мэрийж байгаа нь сайн хэрэг. Учир нь ингэснээр хүүхэд тань өөрөө сахилга бат шинж чанартай болж байна гэсэн үг юм.
10. Хайрлаж сурах
Энэ бол хамгийн чухал зүйл. Таны хүүхэд тэжээвэр амьтантай нөхөрлөснөөр бусдыг хайрлах зан чанартай, өрөвч зөөлөн болно. Тэжээвэр амьтнаа дааруулахгүй гэж юмаар хучих, өлсгөхгүй гэж хоол өгөх, гомдчих вий гээд тэврэх нь тэд хайрлаж сурч буйн илрэл яах аргагүй мөн юм. Энэ нь ирээдүйд бусдыг ч мөн хайрлаж, зөв хүн болоход нь тустай.