Арьсаа эрүүл байлгахын тулд юу идэх вэ?
Эрүүл хооллолт нь гэрэлтсэн, эрүүл арьстай байхын үндэс гэдгийг та мэдэх үү?
Хүмүүс таныг хараад хамгийн эхэнд анзаардаг зүйлсийн нэг бол таныг илэрхийлэгч нүүр, түүний гоо сайхан байдаг. Таны арьс таны хооллолтын хэв маягийн талаар олон зүйлийг хүүрнэж байдаг “толь” гэвэл итгэх үү? Тэгвэл эрүүл, сайхан арьстай байх нь эрүүл хооллохоос эхэлдэг. Дотроосоо хэдий чинээ зөв хооллоно, таны арьс тэр хэмжээгээр гэрэлтэнэ.
Хооллолт арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Тууралт ба батгашилт
Гормоны өөрчлөлтөөс шалтгаалан өсвөр насныханд гүвдрүүт тууралт гарах, батгаших үзэгдэл илүү түгээмэл байдаг. Гэхдээ насанд хүрэгчдэд ч тууралт гарах тохиолдол бий. Шоколад, пицца, шарсан төмс гэх мэт өсвөр насны хүүхдүүдийн дуртай тодорхой нэр төрлийн хоол хүнсний зүйл батга гарахад нөлөөлдөг гэж үздэг үе байсан.
Харин одоо цагт тодорхой нэр төрлийн хүнсний зүйл дангаараа бус, харин хоол ундны ерөнхий бүрдэл хэсэгт орж буй зүйлс, нэн ялангуяа бидний хэрэглэж буй нүүрс усны төрөл, тоо хэмжээ батгашилтын шалтгаан болдог гэж үзэх болжээ.
Таны идсэн хоол хүнс ходоодонд боловсруулагдаж, цусанд шимэгдэхдээ сахарын хэмжээг хэрхэн нэмэгдүүлж буйг тооцдог шинжлэх ухааны нэршлийг гликемийн индекс гэж нэрлэдэг. Энэ хэмжилтээр бид хэрэглэж буй нүүрс-усан бүтээгдэхүүнээ сайн, муу гэж ялгах боломжтой.
Өдөр бүрийн хооллолтонд маань “ноёлдог” цагаан талх, цагаан будаа, төмсний нухаш, гоймон зэрэг сайтар боловсруулсан нүүрс ус нь гликемийн индекс өндөртэй бүтээгдэхүүнүүдэд тооцогддог. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь эрүүл нүүрс-ус болох жимс, хүнсний ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүнүүдтэй харьцуулбал цусан дахь сахарын хэмжээг илүү хурдацтай, илүү ихээр нэмэгдүүлдэг гэдэг нь батлагджээ.
Хэрэв та хоолноосоо дээр дурьдсан хэт боловсруулсан нүүрс усыг тогтмол авсаар байвал аажимдаа таны биеийг хөнгөн хэлбэрийн архаг үрэвсэлд нэрвэгдүүлдэг. Энэ архаг үрэвсэл нь л асуудал болоод байгаа батгашил, тууралт үүсгэн арьсыг өвчлүүлж байгаагаас гадна эрүүл мэндийн олон асуудлын “уурхай” болж байна гэж үзэх байна.
Эрүүл хооллох нь хөгшрөлтийн эсрэг хүчит зэвсэг!
Таны арьсны өнгөн хэсгийн доор байрлах коллаген, эластин зэрэг уураг нь арьсны бүтэц, уян хатан байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр уураг дутагдсанаас арьсанд өнгөц болон гүн үрчлээ үүсч, хүний царайнд овор нэмдэг байна. Ийнхүү арьсыг чанга хэвээр хадгалдаг коллаген, эластиныг гэмтээдэг хүчин зүйлийн нэг нь нарны хэт ягаан туяа. Нарнаас гарах хорт туяа нь чөлөөт радикал хэмээх урвал өндөртэй молекулуудыг үүсгэж, исэлдэлт явуулдаг ба хэрэв арьсаа бүрэн хамгаалаагүй бол шууд гэмтэх аюултай.
Хорт туяанаас арьсаа хайрлан хамгаалахын тулд танд нарны тос хэрэгтэй ч хооллолт мөн чухал үүрэгтэй. Бидний сайн мэдэх олон өнгийн жимс, хүнсний ногоонд элбэг байдаг нэгдэл болох антиоксидантууд буюу үл исэлдүүлэгчид нь чөлөөт радикал үүсэхийн эсрэг хүчит тэмцэгчид юм. Антиоксидантыг хооллолтоороо болон гадна арчилгаандаа тогтмол хэрэглэдэг хүмүүсийн арьс гөлгөр, зөөлөн, торгомсог байдаг бол хомс хэрэглэдэг хүний арьс хуурайшиж, ус чийг нь тэнцвэргүйн улмаас өнгөө алдсан байдаг байна.
Арьсыг эрүүлжүүлдэг хүнсний зүйлс:
• Загас. Загас нь уургийн гайхалтай эх үүсвэр бөгөөд энэ уургийг таны бие коллаген болон эластин бий болгоход ашигладаг. Загасанд мөн үрэвслийг бууруулж, арьсыг эрүүлжүүлэхэд тусалдаг омега-3 тосны хүчил агуулагдаж байдаг. Энэхүү эрүүл тос нь бүх төрлийн загас тэр дундаа тул, тулбага загас зэрэг тос ихтэй загасанд элбэг байдаг. Тиймээс 7 хоногт хэд хэдэн удаа загасаар хооллохыг хичээх хэрэгтэй.
• “Сайн” нүүрс ус. Өөрийн хоол хүнснээсээ боловсруулсан “цагаан” нүүрс ус болон сахарыг аль болох хасч, оронд нь хүнсний ногоо, жимс, шош, бүхэл үр зэрэг “сайн” нүүрс усыг хэрэглэхийг хичээгээрэй. Эдгээр эрүүл нүүрс усыг сонгосноор та гликемийн индекс багатай хоол хүнс хэрэглэж, өөрийн хоол хүнсэн дэх нийт нүүрс усны хэмжээг багасгах болно.
• Өнгөт жимс, хүнсний ногоо. Тод өнгөтэй олон жимс, хүнсний ногооны өнгө нь каротенойд хэмээх нэртэй нэгдлээс гаралтай байдаг. Хүний арьс өдөр тутам 30000-40000 ширхэг эд эсийг сольж байдаг бөгөөд дээрх нэгдлүүд нь арьсны эд эсийг нөхөн төлжихөд туслах А витамин болж хувирдаг. Мөн олон нэр төрлийн жимс, хүнсний ногоо нь биед коллаген үйлдвэрлэхэд шаардлагатай витамин С-ийн сайн эх үүсвэр болж өгдөг байна. Каротенойд болон витамин С нь үл исэлдүүлэгчийн үүргийг гүйцэтгэж, гэмтэл учруулах хор нөлөө бүхий чөлөөт радикал үүсэхийн эсрэг тэмцдэг.
• Самар, үр. Гүйлс болон хушга зэрэг модны самар, маалинга болон чиа гааны үр нь эрүүл омега-3 тосыг хангаж өгнө. Тодорхой нэр төрлийн самар (ялангуяа бразил самар) нь үл исэлдүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг эрдэс бодис болох селений маш сайн эх үүсвэр болдог юм шүү.
• Хангалттай хэмжээний шингэн. Шим тэжээлийг биед оруулж, биеэс хэрэгцээгүй бодисыг зайлуулахад таны арьсны эд эсэнд (мөн биеийн бүх эд эсэнд) шингэн шаардлагатай. Амьдралын эх ундарга болсон ус болон ногоон цай нь шингэнийг төдийгүй үл исэлдүүлэгчийг хангаж өгдөг тул өдөрт 1,5-2л шингэн ууж заншаарай. Мөн халуун үед шингэнээ сайн нөхөх хэрэгтэй. Учир нь хөлрөх үед арьснаас хэрэгцээгүй бодисыг зайлуулахад биед шингэн шаардлагатай байдаг.
Арьсаа эрүүлжүүлэхийн тулд уургийн коктейльдоо маалингын юмуу чиа гааны үр (омега-3), хэрчсэн манго (витамин С) болон нялх бууцайн навч (каротенойд) нэмээрэй. Арьсаа эрүүл, цэвэр байлгахын тулд та юу идэх дуртай вэ?