Өөрийн арьсны онцлогт тохируулан гэрийн нөхцөлд тэжээлийн маск бэлтгэх
Тослог арьсанд маск тавих
Цэвэрлэх маск: Өндөгний хөөсрүүлсэн цагааныг хэсэг хугацааны зайтайгаар жигд, гурав давхарлан түрхээд бүрэн хаттал 15-20 минут байлгаад бүлээн усаар угааж, мөсөөр үрнэ. Өндөгний цагаанд нэг цайны халбага нимбэгийн шүүсийг аажмаар хийж хутгаад нүүрэндээ жигд түрхэн 15-20 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угааж, хүйтэн усаар зайлах юм уу мөсөөр үрнэ. Эдгээр маск нь шар үсний нүхийг сайн цэвэрлэхээс гадна тослогийг маш сайн авч, нүүрийг цагааруулдаг. Цэвэрлэх маск тавьсан үед ярих, инээх зэрэг нүүрний хөдөлгөөн хийвэл үр дүн муутай байдаг.
Тэжээл өгөх маск: Нэг хоолны халбага тараг, мөн адил хэмжээний ээдэм, чимх цагаан давс зэргийг хольж хутгаад нүүрэндээ жигд түрхэж, 10-15 минутын дараа эхлээд бүлээн усаар зайлна. Энэ маск нь тэжээл өгөхөөс гадна нүүрийг зөөлрүүлнэ. 15-20 грамм эсгэх хөрөнгийг 3%-ийн устөрөгчийн хэт исэл юм уу нимбэгийн хүчлээр зуураад түрхэж 15-20 минут болсны дараа хүйтэн усанд норгосон хөвөнгөөр арчиж цэвэрлэнэ. Алим, лууван, өргөст хэмх, байцаа, улаан лооль, персик зэргийн аль нэгийг үрж, нухаад арвайн гурил хольж өтгөрүүлнэ. Бэлтгэсэн түрхлэгийг нүүр, хүзүүндээ түрхэж 15-20 минут байлгаад хүйтэвтэр усаар угаана. Энэ түрхлэг нь илүүдэл тосыг сайн шингээж авахаас гадна нүүрийг зөөлрүүлж цагааруулна.
Хуурай арьсны маск тавих
Хуурай арьсны маск бэлтгэх:Нэг халбага зөгийн бал, нэг хоолны халбага арвайн гурилыг хоёр халбага шинэ түүхий сүүгээр зуураад нүүрэндээ түрхэж 15-20 минут байлгасны дараа хөвөнгөөр арчаад бүлээн усаар угаана.20 грамм исгэх хөрөнгийг нэг хоолны халбага сүү мөн адил хэмжээний ургамлын тосонд хутгаад 15-20 минут тавиад бүлээн усанд норгосон хөвөнгөөр арчиж цэвэрлэнэ. Өндөгний шарыг хагаслаад 15 грамм ургамлын тосоор зуурч бэлтгэсэн "майонез"-ийг нүүрэндээ түрхээд 15-20 минут байлгасны дараа бүлээн усанд норгосон хөвөнгөөр арчина.
Цайруулах маск: 25 грамм исгэх хөрөнгийг нэг халбага цайны халбага нимбэгний шүүс, нэг хоолны халбага шинэ сүүтэй хольж маш сайн хутгана. Бэлтгэсэн түрхлэгийг эхний удаа 3-5 минут байлгаж ямар нэг цочрол үзүүлэхгүй бол 20-30 минут тавина. Маскийг цэвэрлэхдээ эхлээд бүлээн, дараа нь хүйтэн усаар угаана.