Даргынхаа бахархал нь болох уу?
Сайн дарга болгонд нэг онцгой чадвар бий. Тэр нь ажилтнуудынхаа духан дээрх үл үзэгдэгч шошгыг олж харах.
Түүний нүдэнд хүмүүсийн духан дээрх “Бичиг цаасны мастер”, “Хөдөлмөрч туслах” зэрэг шошгууд нь тодхоон харагддаг. Тэгээд л ямар нэг ажил даалгах, урамшуулал өгөх болохдоо тэдгээр шошгуудаас нь шүүж байгаад нэгэнд нь л боломжийг олгодог.
Духан дээрээ бичээстэй байдаг тодорхойлолтоо чи өөрөө л арилгаж байгаад шинээр бичих юм уу дээр нь засварлаж чадна. Даалгасан ажлыг гүйцэтгэж байгаа байдал, асуудалд шийдэл олж байгаа арга зэргээрээ чи өөрийнхөө талаарх “босс”-ынхоо сэтгэгдлийг бүрдүүлж байдаг. “Манай алт шиг ажилтан” гэж хэлээд, ширээний хойноос хундагаа өргөн чам руу л заадаг байгаасай гэж хүсч байвал, хамгийн хүндтэй газрууд луу итгэлтэйгээр дагуулж явдаг ажилтан нь болохыг хүсч байвал чи юу хийх ёстой вэ?
Даргынхаа хувьд нэр хүнд олж авна гэдэг нь бусдад таалагдахын тулд өөрийгөө өөрчлөхөөс огт өөр зүйл. Давуу талаа тодотгож, сул талуудаа хүлээн зөвшөөрөн засч, түүнийхээ хажуугаар өөрийнхөө үзэл бодол дээр ч гэсэн чанга хатуу зогссоноороо чи түүний найдвартай “ар тал” болж чадна. Дээд албан тушаалд орон тоо гарахад, цалинг нь нэмэх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргахад зэрэг хамгийн аятайхан боломжуудад түүний толгойд хамгийн түрүүнд чиний нэр орж ирнэ гээд бод доо? Мундаг хүний өмөг түшиг чамайг ч бас мундаг болоход нөлөөлнө.
Хэрвээ доор дурдах алхмууд чиний хувьд цоо шинэ зүйл мэт санагдаж байвал, долоо хоногийн Даваа гаригаас эхлүүлэхийг зөвлөж байна.
1. Хариу үйлдэл үзүүлдэг биш, өмнө нь арга хэмжээ авдаг бүсгүй бол
Зөвхөн болж өнгөрсөн үйл явцад хариу үйлдэл үзүүлдэг хүн бол “Миний цээжний дор хөндүүрлэж, шөрмөс татаад байна. Би эмнэлэг явах хэрэгтэй байх аа” гэж боддог. Харин өмнө нь арга хэмжээ авдаг хүн бол “Надад ямар нэг зовиур байхгүй байгаа ч би урт насалж, эрүүл амьдрахын тулд зөв хооллож, ажил амьдралаа зохицуулах хэрэгтэй” гэдэг юм. Ажил олгогч нарын анхааралд өмнө нь арга хэмжээ авдаг санаачлагатай хүмүүс өртдөг. Алсын хараа, урьдчилан тооцоолсон байдал, шинэчлэл авчрах цоо шинэ санаа зэргээрээ байгууллагынхаа үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулвал тэр чамайг гайхшрах болно. Хэдийгээр асуудал гармагц тэр дор нь шийдвэрлэх арга зам хайх нь тийм ч муу биш боловч, бүр бүх зүйл хэвийн байхад хүртэл 5 жилийн дараах эрсдлийг тооцон одооноос бэлтгэл ажлаа базааж байгаа хүн бусдаас хэдэн арван алхмаар түрүүнд харагдах нь мэдээж юм.
2. Гал цогтой, идэвхтэй бай
“Гал цоггүй хүн бусдыг дулаацуулж чадахгүй” гэдэг Герман хэлц үг бий. Урсгалаараа, үлбэгэр, даргадаа шалгуулах гэж л аливаа ажилд ханддаг хүн биш харин өөртөө бүрэн таалагдтал шургуу оролддог нэгэн байгаарай. Үгүй бол хэн ч чамайг дагахгүй. Дарга чинь хэдийгээр албан тушаалын хувьд чамаас дээгүүр байж болох ч, хэрэв чи түүнээс илүү ажилдаа үнэнч, түүнийгээ төгс болгох эрмэлзэлтэй байвал хамт олны дундах жинхэнэ лидер нь чи болох болно. Зүгээр байгаа байдлыг чинь, яаж улайран суугаад, гараасаа сайн бүтээл гаргаж байгааг чинь бусад хүн хараад л урам зориг авч, ажилдаа улам дуртай болох ёстой юм. Тэгвэл удирдлага чинь чамаар ямар их бахархах бол?
3. Даргынхаа саналыг зоригтой эсэргүүцэж, зоригтой дэмж
“Таны хэлж байгаа зөв”, “Миний санал таныхаас эсрэг байна” зэрэг өөрийнхөө байр суурийг бататгасан өгүүлбэрүүдийг сайн ашиглаж, баримттайгаар нотолж бай. Дарга чинь чамайг өөрийн гэсэн үзэл бодолтой, ажил хэрэгч, юманд ул суурьтайгаар хандаж түүнийгээ баталж чаддаг нэгэн гэдгийг харах болно. Ажилд ороод бүтэн сар болчихоод байхад л, дарга нь өөртэй нь таарахдаа “Чи чинь хэн билээ?” гэж асууж байгаа бол тэр хүн хурал цуглаан гэх мэт чухал арга хэмжээнүүдийн үеэр өөрийгөө харуулж чадаагүйн шинж юм.
4. Хэлсэн амандаа дандаа хүр
Дарга чинь чамд даалгасан зүйлээ өөрөө ч их ажилдаа түүртээд мартчихсан явж байж болно. Тэглээ гээд санаа чинь амарч, ашгүй том ялаас мултарлаа даа гэж бодож байгаа бол шилдэг ажилтан болоход нилээн урт зам урд чинь байна. “За” гэж хэлсэн л бол түүндээ баараггүй хүрч, өөрийнх нь тийм ч чухалд тооцоогүй ажилд хүртэл өндөр ач холбогдол өгч хичээнгүйлэн хийсэн байхыг дарга чинь харвал дараа нь чамд том ажил даалгахдаа огт эргэлзэхгүй. Хүсэл тэмүүлэлтэй хирнээ түүнийгээ үйлдэл болгодоггүй хүнийг хэн ч онцлохгүй.
5. Түрүүлж гараа өргө
“Энэ ажлыг хэн дааж авах вэ?” гэсэн асуултанд “Надад л битгий өгөөсэй” гэж биш хамгийн түрүүнд нүд нь гялалзаж, гараа өргөөд “Би хийе” гэж хэлдэг хүн чи байх ёстой. Үүрэг даалгаврыг бүү хүлээ. Илүү цаг гараад байвал, компанийг сайжруулахын тулд хийхийг хүсч байгаа зүйлсийнхээ санаануудыг нэг нэгээр нь өөрөө танилцуул. Чиний өөртөө итгэлтэй байдал, хичээл зүтгэл өндөрт гарах шат чинь болж өгнө.
6. Өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэйгээ илэрхийл
Сардаа нэг удаа “Танд намайг сайжруулахыг хүсдэг зүйл байна уу?” гэж даргаасаа асуугаарай. Мөн өөрийнхөө хөгжлийн төлөө хийсэн үйл бүрээ даргадаа сонирхуулж ярь. Шинээр сурч мэдэх, тасралтгүй дэвших чин эрмэлзэлтэй гэдгээ хийж байгаа ажлаараа, сул талынхаа тухай сонсоод шууд хүлээн авч залруулж буйгаараа чи харуулах болно. Дараагийн хилийн чинад дахь нээлттэй семинар, хувь хүний хөгжлийн сургалтын урилга чинийх л гэсэн үг. Дарга болгон залуу, сайн ажилтнаа дэмжихийг хүсдэг.
“Байгаа газрынхаа бахархал болдог хүнд би дуртай”-Абраам Линколн. Өөрийгөө тодруулж харуулахын тулд чи маргаашнаас юу хийх гэж байна?