Миний гэгээн хайр /богино өгүүллэг/
Хөл чинь гайгүй юу? гэх дуунаар толгойгоо өндийлгөн харвал манай зэргэлдээх ангийн том алаг нүдтэй, царайлаг, бор хүү арьс нь язраад цус нь гоожиж байгаа хөл рүү минь зааж асуулаа. Би шатнаас унасандаа бантан дуугарч чадсангүй дэмий л толгойгоо дохилоо. Нөгөө хүү намайг эвтэйхэн гэгч нь сугадаж босгоод ойролцоох сандал дээр суулгаад цүнхээсээ чийгтэй салфетка, шархны лент гарган өгөөд зүгээр байснаас арай дээр байх гэж хэлээд нүдээ ирмэн инээмсэглэлээ.
Би одоогийн сайхан хэллэгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд л дээ . 4-р ангиасаа би гэнэт өвдөж аав, ээж маань миний эмчилгээнд хамаг байдгаа зориулж олон ч оронд очиж билээ. Ингээд эцэст нь би олигтой эдгэрсэн ч юмгүй тахир дутуу хүн болж үлдэж билээ. Эмч нар намайг эдгэрнэ, гэхдээ чамд хугацаа шаардлагатай гэж хэлнэ. Бүү мэддээ харж л байхаас. .
Хамаг хөрөнгөө миний эмчилгээнд зориулсан аав, ээж хоёр маань эмээгийн хашаанд нэг жижиг байшин барьж, бид тэнд амьдрах болсноор би энэ сургуульд саяхан шилжиж ирсэн. Энд юм бүхэн шинэ, бөгөөд сонин. Би ч өөрөө үүнд нь дасаж чадахгүй их хэцүү байлаа. Тэгээд ч энэ сургуулийн хүүхдүүд намайг сониучирхан харах нь хэцүү . Үүнэээс санаа зовоод би завсарлагаанаар ангиасаа хамраа цухуйлагадаггүй байж билээ.
Тэр явдлаас хойш би нөгөө хүүтэй шатан дээр хэд хэд тааралдахад надтай мэндэлж байна. Завсарлагаанаар гарах дургүй хүн чинь юу вэ ? хонхтой уралдан гарч нөгөө хүүтэй уулзах, эсвэл барааг нь ч болсон харах, хэрэв тааралдвал яриа өдөх шалтаг шалтгаан хайдаг боллоо. Энэ сургуульд намайг бараг анх удаа хүн гэж харж хүний ёсоор харьцсан хүн болоод ч тэр үү тэр хүүтэй уулзаж ярих хүсэл байнга төрнө. Түүнтэй уулзахдаа ийм тийм юмны тухай ярина, ингэж асуувал тэгж хариулна гээд л бөөн мөрөөдөл . Би гэдэг амьтан дурлачихсан юм болов уу гэж бодно. Над шиг ийм хүнийг тийм царайлаг хүү яаж тоох вэ дээ. . бодохгүй байя гэж бодсон ч түүнийг харсан даруйдаа л миний бодол салхинд хийссэн мэт алга болно.
Хүүгийн нэрийг Алтай гэнэ. Хүү үнэхээр эелдэг, ухаалаг нэгэн. Хэнтэй ч ямар ч хамаагүй сэдвээр чөлөөтэй ярина. Ямар ч хүнийг ялгахгүй их зангүй , боловсон хүү. Хэнд ч хэзээ ч туслахад бэлэн .
Хүүг өвөө эмээтэйгээ амьдардаг, эцэг эх нь гадаадад томоохон олон улсын байгууллагад ажилладагийг би түүний найз Баясаагаас мэдэж билээ. Тэр өөрөө энэ тухайгаа надад огт дурсаагүй . Ийм л даруу хүү дээ.
Өдөр ирэх тутам би тэр хүүд өөрийн эрхгүй соронзон мэт татагдаж , өөрийгөө татаж авч чадах хүч надад аль эрт байхгүй болсон байгааг би мэдэрч байлаа. Тэр манайхаар ирж миний компютерийг форматалж, засаж , хэрэгтэй зарим программ суулгаж өгнө. Би түүнийг өөрийн гэртээ удаан байлгахын тулд ийм тийм шалтаг шалтгаан хэлж ёстой эм хүний 13 мэхээ хэрэглэдэг байлаа. Түүнийг компютерийн гайхалтай их мэдлэгтэй, ямар их зүйл уншдаг, мэддэгийг нь би бахдаад барахгүй байлаа. Ялангуяа гадаадын хамтлаг дуучид, холливудын кино жүжигчдын талаар хэдэн цагаар ч хамаагүй ярина. Би түүнтэй яриа өдөж удаан хугацаагаар хамт байхын тулд янз бүрийн хэвлэл, сонин их унших болж тэр ч байтугай аавыгаа шалж байгаад модем авхуулж интернетээр аялж англи хэлийг шамдан суралцах болсон билээ. Намайг ингэж их өөрчлөгдөж байгааг манай гэрийнхнээс, хамгийн түрүүнд миний ээж ажиглаад мэдчихсэн байлаа.
Алтайг нэг удаа манайд ирээд явсны дараа ээж минь энэ сайхан хүү миний муу охиныг тоох болов уу гээд гүн санаа алдаж билээ.
Удалгүй хавар болж шалгалт эхэлж бидний хэн хэн нь их завгүй боллоо. Алтай бид хоёр зуны амралтаар бараг уулзсангүй . Би ээлжит эмчилгээндээ явж Алтай зусланд гарсан билээ. Намайг 8 сарын сүүлээр ирэхэд нөгөө хүү маань гадаад орныг зорьж уулзаж чадалгүй явсандаа уучлал гуйж зурвас үлдээсэн байж билээ.
Би одоо түүнтэйгээ одоо е-майл, мессэнжэрээр байнга харьцана. Өдий хүртэл би түүндээ хайртай гэдгээ хэлж чадаагүй. Хэрэв энэ тухайгаа хэлчихвэл би түүнийгээ үүрд алдчих юм шиг санагдаад зүрхэлж хэлж чадаагүй л явна. Тэгээд ч бид хоёр тэнцвэргүй хүмүүс гэдгээ би мэдрэхийн ихээр мэдэрч байна . Миний ганц сонголт бол зөвхөн сайн найзаараа үлдэх. . . . . . . . . . .
Би түүнийг зөвхөн дотроо, зүрхэндээ хайрлаж явахаар шийдсэн нь энэ билээ. Миний зүрх сэтгэлийг бидний тухай дурсамж л тэтгэнэ. Тэргэнцэрийг минь түрээд дүн өвлийн хүйтэнд кино үзэж байсан, шат руу хальтирч унаад намайг тэргэнцэртэй минь алдаж бөөн юм болж байсан, миний төрсөн өдрөөр баглаа цагаан сарнайг шалан дээгүүр нь асгасан караокед аваачиж дуу дуулж өгөөд ямагт сэтгэлээр өөдрөг байхыг ерөөж байсан, эмнэлэгт хэвтэж байхад минь өдөр бүр утсаар ярьж надад сэтгэлийн дэм үргэлж өгч байсан нь саяхан юм шиг. Энэ дурсамж л намайг амьд явах, гэгээн сайхан мөрөөдөлтэй болоход минь тус болсон. Хар нүдэн хүү минь ээ. . . . . . .