Амаржсаны дараа гэр бүлд үүсдэг асуудлууд
Анхны хүүхдээ хүлээн авсан гэр бүл бүхэнд олон янзын асуудлууд тулгардаг. Хамгийн гол нь эрчүүд эхнэрийнхээ төрөхөөс үүссэн өвдөлтийн мэдрэмжээ мартахад, мөн айдсыг даван туулахад хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Дэлхий нийтэд жил бүр гэр бүл салалтын тоо өссөөр байна. Харин гол шалтгаан нь юу вэ? Хүмүүс бие биенээсээ амархан уйдаад байна уу? Санхүүгийн асуудал салах гол шалтгаан болж байна уу? Аль эсвэл эхнэр, нөхрийн урвалтаас болоод байна уу?
1. Хүүхэд төрүүлсний дараах сэтгэлийн хямрал
Хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүдийн гормоны үйл ажиллагаа тогтворгүй байдаг учраас их бага ямар ч асуудал сэтгэлийг нь хямруулдаг. Тиймээс гэргийнхээ дэргэд байж, сэтгэл санааг нь дэмжиж, сайн туслагч байх нь нөхрийн чухал үүрэг.
2. Ихэнх цагийг хүүхдэдээ зарцуулах
Залуу эхчүүд зөвхөн хүүхдэдээ хамаг анхаарлаа хандуулж, ихэнх цагийг түүнд зориулан, нөхрөө хоёрдугаарт тавих нь элбэг тохиолддог. Учир нь ээж болсон эхний хоёр жилд бүсгүйчүүд хүүхдийнхээ дуудлагад өөрийгөө бүрэн зориулах зөн совинтой байдаг ажээ. Энэ эгзэгтэй үед хосууд нөхцөл байдлыг сайтар анзаарч, бие биенээ ойлгох хэрэгтэй.
3. Сексийн тоо цөөрөх
Төрсний дараа эмэгтэйчүүд бие, сэтгэлийн хувьд сексийн харилцаанд ороход бэлэн бус байдаг. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүний бие жирэмсэн үеийн физлогийн өөрчлөлтөөс хуучин байдалдаа ороход нэлээд урт хугацаа шаарддаг. Иймээс хосууд энэ асуудлыг харицлан зөвлөлдөж, ойлголцох хэрэгтэй. Хэрвээ нөхөр чинь сексийн асуудалдаа сэтгэл дундуур байгаа бол шинэхэн ээж та ч бас түүнийг ойлгохыг хичээж, анхаарал хандуулаарай.
4. Гэрлэлтийн түгээмэл асуудлууд
Өчигдөрхөн та хоёр жаргалтай хосууд байсан биз дээ. Гэсэн ч өнөөдөр өөрийн мэдэлгүй гэр бүлийн олон асуудлаа та хэн нэгэнд гомдоллож сууна уу? Бүхий л хосуудын харилцаа өөр өөр үе шатуудыг даван туулдаг. Зарим үед хайр сэтгэл нь хөрж, заримдаа халуун дулаан уур амьсгал ч бүрддэг. Харин ямар ч нөхцөлд хосууд бие биенээ ойлгож, хүлээцтэй байх хэрэгтэй.
5. Чимээгүй байх нь үл ойлголцолын үндэс
Хосуудын харилцаанд ямар нэгэн бэрхшээл тулгарах үед ярилцахгүй байх нь асуудлыг улам даамжруулдаг. Тиймээс эхнэр нөхрүүд юу болохгүй байгаагаа, эсвэл хэрхэн засч залруулж болохыг ил тод ярилцах хэрэгтэй. Нөхцөл байдлыг яаж өөрчлөх вэ? Шаналгаатай асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Зөвхөн хүүхдэдээ анхаарах бус өөрсдөдөө хэрхэн цаг гаргах вэ? Санхүүгийн асуудлаа яаж зөв зохицуулах вэ? Маргалдах үедээ хэрхэн буулт хийж сурах вэ? гэх зэрэг олон асуултын хариуг ярилцсаны үр дүнд олж болно. Хосуудын хоорондын үл ойлголцол даамжирвал хэн нэг нь юмаа эмхлэн, гэр бүлээ орхиж явахад хүрэх болно. Гэрлэлт бол тоглоом биш учраас түүнийг хамгаалж үлдэхийн тулд хэн хэн нь хичээ.
6. Хайргүй гэрлэлт
Зарим тохиолдолд хосууд нэгэнт хэн хэнээ хайрлахаа больж, зүгээр л бусдын нүдэнд аз жаргалтай хосууд мэт харагдахыг хичээдэг. Таны ажил эсвэл амьдралын нөхцөл байдал тань ийм байдалд хүргээд байвал түүнийг маш түргэн хугацаанд засч залруул. Энэ хэвээр нь үргэлжлүүлж хэрхэвч болохгүй. Хамгийн гол нь гэрлэлт бол итгэлцэл. Харилцаагаа байнга шинэ, сонирхолтой байлгахыг хичээхгүй бол босгосон амьдрал тань үрэн таран болж мэдэх юм.
7. Хүчирхийлэл
Хосуудын өдөр тутмын амьдралд хүчирхийлэл гэгч зүйл байж огт таарахгүй. Хүчирхийлэл нь биеийн, сэтгэлзүйн, хэл ярианы гэх зэрэг олон хэлбэртэй байдаг. Эхнэр, нөхрийн хэн нэг нь ийм дарамтанд тогтмол өртдөг бол, тэдний хувьд хүүхдээ бодоод хамт амьдрах, эсвэл салах гэсэн хоёр л сонголт тулгарна. Хэрэв танд ийм асуудал тулгарсан бол сэтгэл зүйч, болон дотны найз нөхдөөсөө зөвлөгөө ав.
Хүүхэд төрсний дараа гэр бүлд тулгардаг эдгээр олон янзын асуудлыг хэн нэгнээ гомдоож, салж сарнилгүйгээр зөв шийдвэрлэх нь аз жаргалтай амьдралын тулгуур болно.