Та хоёрыг хайраас өөр юу нэгтгэх вэ?

2014 оны 8 сарын 21

Дэр гэж үү? Үгүй дээ, тэр чинь хамгийн хэврэг холбоо. Оронд нь эдгээрийг туршаад үз. Чамд санал болгож байгаа доорх зүйлс та хоёрт байх л юм бол хуваан хэвтэх дэргүй үед ч аз жаргалтай хэвээрээ л байна.

1. Зорилтууд
Хосуудад хамт амьдрана, гэрлэнэ гэдэг том зорилгоос гадна олон жижиг зорилт заавал байх хэрэгтэй. Яагаад гээч? Та хоёрыг үргэлж хурцлах учраас. Хэрэв сууна гэдэг ганцхан л хүрэх цэгтэй бол түүнийгээ нас жаахан байна, болоогүй байна, гэрийнхэнтэйгээ танилцуулсны дараа гэх мэтээр өөрөөсөө холтгож бодоход амархан. Харин энэ намар байшин авна, зун дуустал хамт фитнессдэж жингээ хасна, долоо хоногийн нэг өдөр англи хэлээ хамт давтана, цугтаа Чежү явж амрана, тэр болтол мөнгөө цуглуулж хадгалах ёстой гэх мэт харьцангуй богино хугацааны зорилтууд л харилцааг чинь гал халуун, өрнөл хөгжилтэй хэвээр нь хадгалах жинхэнэ тулгуур болдог юм шүү. Хэрвээ та хоёрт одоохондоо ийм зорилтууд байхгүй бол юуг хамтдаа хийж чадах вэ гэдгээ эргэцүүлээрэй. Нэгтгэх зүйлс чинь төдий хэмжээгээр нэмэгдэнэ ээ гэсэн үг.

2. Нөхөрлөл
Нөхөрлөлийг ямар үед ашиглавал хамгийн зүгээр байдаг гээч. Муудалцсан үедээ. Түүнийг буруу зүйл хийсэн үед чиний найз залуу, насны, заяаны хань хүний хувиар биш жирийн л эрэгтэй хүн, сайн найз чинь гэж бодох хэрэгтэй. Тэгвэл чи түүнийг ойлгож чадна, бас өөрийгөө ч ойлгуулж чадна. Хоёр найз энгийнээр мэдрэмжээ ярилцан суухад хэн нь ч уурлахыг хүсэхгүй шүү дээ. Тиймээс харилцааны гол тулгуур хэмээн үзээд нөхөрлөлийг заавал өөрсдөдөө бий болгоорой.

3. Итгэл үнэмшил
Хэрэв та хоёрын карьер, мөнгө, эрэгтэй эмэгтэй хүний эрхийн талаарх баримтлал, хоёр гэр бүлийнхэндээ хандах хандлага гээд ертөнцийн талаарх үзэл бодол ижил бол мөн л харилцаандаа нэмэх оноо цуглуулсан байна гэсэн үг. Гадны “халдлагад” өртвөл хамтдаа сөрөн зогсоно гэсэн үг шүү дээ.

4. Хобби
Миний мэдэх нэг хос хоёулаа чөлөөт цагаараа зураг авах хоббитой. Тэр хоёрын хооронд лав “Уулзаад юу хийх үү?” гэдэг яриа хэзээ ч гардаггүй байх гэж би боддог. Хосуудын холбоог маш сайн “гагнаж”, нэгнээсээ тусдаа байгаагаар өөрийгөө төсөөлөх ч аргагүй болтол нь нэгтгэдэг зүйлсийн нэг бол яахын аргагүй сонирхол юм. Дөнгөж болзож эхэлж байгаа залуудаа таалагдсан дууныхаа линкийг илгээхэд “Энэ яг миний стилийн дуу байна” гэдэг хариу сонсох төдийд л хэчнээн танил дотно санагддаг билээ? Хоббигоороо нэгдсэн хосуудад хамтдаа хийх зүйл хэзээд мундахгүй, тэр чинээгээрээ бие биенээ сонирхох шалтгаан ч дуусахгүй.

Нэгтгэдэг зүйл олонтой хос бол хамгийн хүчтэй! Та хоёрыг өөр юу нэгтгэдэг вэ?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7447
0 эможи
keyboard_arrow_up