Багш Б.Туул: Нойр, амьсгал, хооллолт, хөдөлгөөн, сэтгэл санаа бүгд нийлж байж бидний насжилтын чанарыг тодорхойлно

2026 оны 9 сарын 09

Arslan.mn

"Бадамлянхуа Иог Төв"-ийн иогийн багш Б.Туулын  "ЖИН БУУХГҮЙ, ҮС УНАЖ, АМАРСАН Ч ЯДАРСАН ХЭВЭЭР БАЙХАД КОРТИЗОЛ НӨЛӨӨЛДӨГ" тухай зөвлөгөөг хүргэж байна.

Олон эмэгтэй хоолондоо анхаарч, дасгал хөдөлгөөн хийж, арьсаа сайн арчилдаг. Гэсэн ч хэвлий орчмын өөх буухгүй, үс нь шингэрч, арьс нь өнгөө алдан, өглөө сэрэхдээ амарсан бус улам ядарсан байдаг.

Тэгээд үүнийгээ “нас явж байна”, “бие мууджээ”, “би л өөртөө анхаарч чадсангүй” хэмээн тайлбарлаж, өөрийгөө буруутгаж эхэлдэг.

Гэтэл энэ бүхэн дан ганц насны асуудал биш байж болно. Заримдаа бие хөгширсөндөө бус, удаан хугацаанд тайвширч чадаагүйдээ ингэж өөрчлөгддөг.

Бидний бие аюулыг зөвхөн осол, өвчин, бодит заналхийллээр ойлгодоггүй. Шөнө дутуу унтах, ажлын дарамт, санхүүгийн санаа зовнил, гэр бүлийн үл ойлголцол, тасралтгүй яарах, өөрийгөө үргэлж шахах нь мэдрэлийн тогтолцоонд “аюул арилаагүй байна” гэсэн дохиог өгсөөр байдаг.

Тэр үед бөөрний дээд булчирхайгаас ялгардаг кортизол хэмээх амин чухал даавар биеийг хамгаалахын тулд ажиллана. Кортизол өөрөө муу зүйл биш. Өглөө сэрэхэд тусалж, шаардлагатай үед эрч хүч гарган, аюул тулгарвал хурдан хариу үйлдэл үзүүлэхэд биеийг бэлтгэдэг. Харин хүн өдөр бүр, сар жилээр өндөр сэрэмжийн байдалд амьдрах нь асуудал болдог.

Удаан үргэлжилсэн стресс нойр, хоолны дуршил, цусан дахь сахарын зохицуулгад нөлөөлж, хэвлий орчимд өөх хуримтлах нөхцөлийг нэмэгдүүлж болно. Бие махбод өөрийн нөөцийг амьд үлдэхэд чухал эрхтнүүд рүү түлхүү чиглүүлэх үед үс, арьс, хумсны өсөлт, нөхөн төлжилт хоёрдугаарт тавигддаг. Үүний улмаас үс унах, арьс хуурайших, хумс хэврэгших, сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг зарим хүнд давхар илэрч болно.

Гэтэл энэ үед бид яадаг гээч. Хоолоо бүр их хасна. Дасгалаа улам чангаруулна. Өөрийгөө залхуу, сахилга батгүй гэж зэмлэнэ. Туйлдсан биеэ амраахын оронд дахин нэг ачаалал нэмж өгдөг.

Харин нас нэмэх тусам эрүүл, эрч хүчтэй, гэрэлтэй байх ухаан үүнээс өөр. Энэ нь насыг хүчээр тогтоох, үрчлээгээ нуух, залуу харагдахын төлөө биеэ зовоох тухай биш. Биеийнхээ дохиог эрт сонсож, нөхөн төлжих боломжийг нь өдөр бүр бүрдүүлэх тухай ойлголт юм.

Зарим өдөр хөлсөө гартал дасгал хийхээс илүү тайван алхах хэрэгтэй байдаг. Зарим өглөө сэрэнгүүтээ кофе уухаас өмнө ус ууж, өглөөний гэрэлд хэсэг суух нь тустай. Зарим орой үнэтэй арьс арчилгаанаас илүү утсаа хол тавьж, эрт унтах нь нүүр царай, бие махбодод илүү их амралт өгнө. Амьсгалаа удаанаар авч, түүнээсээ арай урт хугацаанд зөөлөн гаргах энгийн дадал хүртэл мэдрэлийн тогтолцоонд “одоо аюулгүй” гэсэн дохио өгөхөд тусалдаг.

Удаан амьсгалж, биеэ зөөлөн хөдөлгөсний дараа хүний царай хүртэл өөрчлөгддөг. Нүүрний булчин суларч, харц тогтон, арьсны өнгө сэргэж, хүн өөрийнхөө бие рүү эргэн ирсэн мэт болдог. Энэ бол ид шид биш. Бие хамгаалах горимоосоо түр гарч, амрах, нөхөн төлжих боломжтой болж буйн илрэл юм.

Нойр, амьсгал, хооллолт, хөдөлгөөн, сэтгэл санаа бүгд нийлж байж бидний насжилтын чанарыг тодорхойлно. Тиймээс жин буухгүй, үс унаж, арьс өнгөө алдан, амарсан ч ядарсан хэвээр байвал биеэ шууд буруутгах хэрэггүй.

“Би юу буруу хийв?” гэж асуухаасаа өмнө “Миний бие хамгийн сүүлд хэзээ үнэхээр тайван байсан бэ?” гэж өөрөөсөө нэг асуугаарай.

Залуу харагдахын тулд биеэ улам их шахах шаардлагагүй. Харин биеэ аюулгүй гэдгийг мэдрүүлж, амрах, нөхөн төлжих хугацааг нь буцаан өгөх хэрэгтэй.

Учир нь Slow Aging гэдэг насыг зогсоох бус, нас нэмэх тусам биеийнхээ эсрэг биш, биеийнхээ талд амьдарч сурах урлаг юм.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670581
0 эможи

Б.Туул

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up