Гоо сайхны “хачирхалтай” мэс ажилбарууд

2014 оны 8 сарын 03

Мөнгөтэй л бол хэн хүнгүй өөрийн хүссэн өнгө төрх, биеийн галбирыг гоо сайхны мэс заслын тусламжтайгаар харамгүй хүртэх болсон “хиймэл” гоо сайхны тухай сонирхолтой нэгэн мэдээллийг хүргэж байна.

Алганы хээгээ өөрчилснөөр хувь тавилангаа өөрөө зураглахаас эхлээд нохойд хүртэл гоо сайхны мэс засал хийгдэх болсон орчин цагийн гоо зүйн хачирхалтай ертөнцийг хамтдаа сонирхоцгооё.

Алганы хээ өөрчлөх

Дэлхийн цөөнгүй оронд ялангуяа Японд алганы хээгээр тухайн хүний хувь заяаг шинжих нь одоо ч түгээмэл бөгөөд үүнд итгэдэг хүмүүс алганыхаа хээг өөрчлөх мэс ажилбарыг олноороо хийлгэх болжээ. Ийнхүү алганыхаа хээг өөрчилснөөр хувь тавилан, амьдрал нь өөрчлөгдөнө гэж итгэсэн хүмүүс гоо сайхны салонд очиж алганы хээ чухам юуг өгүүлдэг тухай нарийн мэдлэгтэй эмчээр энэхүү мэс ажилбарыг хийлгэдэг байна. Энэ нь мэс заслын хутгаар хийгдэх ажилбар бөгөөд ердөө 15 мин үргэлжлэх ба алганы 5 – 10 зураасыг өөрчлөөд л болдог гэнэ.

Сахал суулгуулах

Биеийн хамгийн их үстэй хэсгийн үсийг мэс заслын аргаар уутанцартай нь авч эргээд үүнийгээ хацар эсвэл сахалтай болохыг хүссэн хэсэгт нь шилжүүлэн суулгах хэлбэрээр явагддаг энэ төрлийн мэс ажилбар Турк, Европ болон Ойрхи Дорнодын орнуудаар “мода” болоод байгаа сурагтай. Үүнийг хийлгэхэд 5 орчим цаг зарцуулдаг ба үнийн хувьд $5000 ам.доллар байдаг байна. Нэгэн цагт халзарсан мэлмийдээ үс суулгах мэс ажилбар эрэлттэй байсан бол ийнхүү сахал суулгаж “жинхэнэ эр хүн”-ийхээ төрхийг бий болгох шинэ үеийн мэс ажилбар гарч иржээ.

Уруулын хэлбэр засуулах

Азийн орнуудаар сүүлийн үед эрчимтэй тархаад байгаа энэхүү гоо сайхны хачирхалтай мэс ажилбарыг “Smile Lipt” гэж нэрийдээд байгаа бөгөөд энэ нь уруулын хэлбэрийг засах буюу “Smile” дүрс бүхий өргөлтийг хийж өгөх ажилбар юм. Энэ нь тухайн хүнийг инээгээгүй үед ч инээмсэглэж буй мэт харагдуулах шидтэй юм. Өмнөд Солонгосын “Aone Plastic Surgery” эмнэлгийн эмч нарын хэлж байгаагаар уруулын хонхор, хэлбэртээ сэтгэл хангалуун бус явдаг бүсгүйчүүдэд итгэл найдвар өгч байгаа шинэ төрлийн мэс ажилбар гэнэ.

“Pokertox”

Нью Йоркийн гоо сайхны мэргэжлийн эмч Жэк Бэрдигийн санал болгож буй энэхүү мэс ажилбар нь “покер” тоглодог хүмүүст илүү тохиромжтой бөгөөд ямар ч нүүрний хувирал үзүүлдэггүй шинэ төрхийг бий болгох мэс ажилбар юм. Үүнийг хийлгэснээр тухайн тоглогчийн ууртай эсвэл баяр хөөртэй, магад сандарч байгаа зэрэг сэтгэл хөдлөл илрэхгүй гэнэ. Үнийн хувьд $600 – $700 ам.доллар байх бол үргэлжлэх хугацааны хувьд 3 – 4 сар зарцуулагдах ажээ.

Хацрын хонхорхой хийлгэх

Хүн бүр жүжигчин Женнифер Гарнер ба Марио Лопез нар шиг төрөлхийн хацартаа хонхорхойтой төрдөггүй билээ. Тэгвэл гоо сайхны мэс засалч нар төрөлхийн юм шиг хацрын хонхорхой хийх мэс ажилбарыг мэргэжлийн өндөр түвшинд хийх болжээ. Хацрынхаа аль хэсэгт хонхорхой хийлгэх гэж байгаагаас шалтгаалж тухайн хэсэгт зүслэг хийх ба энэ нь ямар ч өвдөлтгүй байх юм. Арьсанд ямар ч сорви болон зүсэлт хийсэн үлдэц гарахгүй бөгөөд арьсыг татаж оёсноор мэс ажилбар өндөрлөдөг байна. Эхний өдрүүдэд инээгээгүй байхад ч энэхүү хонхорхой нь харагдах бөгөөд хэдэн өдрийн дараагаар эдгэж инээх үед болон нүүрний хөдөлгөөн хийхэд төрөлхийн юм шиг хонхойж харагддаг болдог ажээ.

Мөч уртасгах

Энэ бол намхан хүмүүсийн мөчийг уртасгаж өндөр харагдуулах ээлжит нэгэн гоо сайхны гэх тодотголтой мэс ажилбар бөгөөд Америкт энэ төрлөөр мэргэшсэн маш цөөхөн эмч нар $85.000 ам.долларын өртөгтэйгөөр хийдэг байна. Хүссэн хүн бүр нь хийлгээд баймгүй асар их өвдөлтийг давсны эцэст багадаа л гэхэд 15 см өндөр болдог ажээ. Зарим хүмүүс намхан төрсөн биедээ сэтгэл хангалуун бус байдаг шалтгаанаар хийлгэдэг байхад зарим нь харин зайлшгүй хийгдэх эмчилгээний журмаар хийлгэдэг байна.

Нүдний өнгө өөрчлөх

Линз зүүхгүйгээр нүдний эвэрлэг бүрхэвчийн өнгийг өөрчилж болдог нэгэн мэс ажилбарыг гоо сайхны мэргэжилтэн Dr. Кэннет Рөзинтэл анх олж нээсэн бөгөөд өдгөө Энэтхэг, Турк, Мексик болон Леван болон АНУ-ын зарим мужид хийгддэг болжээ. Эмчилгээнийхээ эрхийг авах гэж байгаа шинэ төрлийн мэс ажилбар нь нүдний эвэрлэг бүрхэвчийг хүссэн өнгөндөө хувиргах боломжтой өнгө өнгийн ялтсыг нүдэнд хийх бөгөөд энэ нь маш нимгэн, ямар ч хор нөлөөгүй гэнэ. “BrightOcular” сайтын мэдээлснээр мэс ажилбар нь маш богино хугацаанд эрсдэлгүй бас өвдөлтгүй хийгдэх ба нэг нүдэнд 15 мин зарцуулах аж. Хэрэв хүсвэл дараа нь энэхүү суулгацаа авахуулах боломжтой юм байна.

Төрөлхийн нүдний өнгөндөө дургүй байсан Чикагогийн Энжел С нүднийхээ хар хүрэн өнгийг саарал өнгөтэй болгуулах суулгацыг 2012 онд хийлгэсэн бөгөөд сэтгэл маш хангалуун байгаа гэнэ. Гэвч “The Yale University” их сургуулийн эрдэмтдийн үзсэнээр энэ нь аажимдаа хараагүй болгох, хараа муутгах болон нүдний эвэрлэг бүрхэвчийг эмгэг, нүдний даралт, нүдний болорт сэв суулгах эрсдэлтэй ажээ. Рашадын сэтгэгдлийг хамтдаа сонирхоцгооё.

Хос давхраа хийлгэх

Бразил орныг гоо сайхны мэс заслын №1 өлгий нутаг хэмээн үздэг хэдий боловч Өмнөд Солонгосчууд дэлхийд тэргүүлэх цаг ойрхон иржээ. Шинээр мода болон дэлгэрч буй цөөнгүй нэр төрлийн хачирхалтай мэс ажилбарууд Өмнөд Солонгост хийгдэх нь олонтаа бөгөөд сүүлийн үед бүсгүйчүүд хос давхраа хийлгэх нь түгээмэл болжээ. Энэ нь нүдийг хүнхэр харагдуулах агаад Европжуу буюу Барууны оддыг дуурайх хэлбэрээр гарч ирсэн мэс ажилбар юм байна. “Seo Jae Don Plastic Clinic” эмнэлгийн эмч Сеогийн хэлж байгаагаар энэ хагалгаа нь бүсгүйчүүдэд өөртөө итгэх итгэл нэмэхийн зэрэгцээ өдөрт бараг 100 орчим хүн энэ төрлийн мэс ажилбарыг хийлгэдэг ажээ.

Завьжны арьс багасгах

Бразилийн гоо сайхны мэс засалч Эдгадо Брито гэрийн тэжээмэл амьтдад зориулсан гоо сайхны мэс заслыг анагаах ухааны салбарт нэвтрүүлжээ. 20 гаруй жил малын эмч хийсэн тэрээр “Гоо сайхны мэс засал хийлгэх нь нохдод маш сайн үр дүнтэй ажилбар юм” гэсэн байна. Нохдын завьжны арьсыг багасгахаас эхлээд төрсөн нохойн унжсан хөхний арьсыг татах, чих багасгах зэрэг цөөнгүй мэс ажилбарыг гардаж хийдэг Эдгадо нэг мэс ажилбарыг $100 – $200 ам.доллараар хийдэг гэнэ. АНУ, Европ болон Бразилийн орнуудад амьтдад хийх мэс ажилбар хийлгэх нь нэн шаардлагатай байгаа боловч амьтны эрхийг хамгаалагчдын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Түүнчлэн тун саяхан онлайнаар нохой шиг харагдуулах мэс ажилбар хийлгэсэн нэгэн Бразил залуугийн тухай мэдээлэл сенсаци дэгдээгээд байгаа билээ. Нэрийг нь хараахан дурьдаагүй нэгэн залуу гоо сайхны мэс заслын эмчид хэмжээлшгүй их мөнгө амлаж нохой шиг харагдуулах мэс засал хийхийг санал болгосон гэнэ. Тэрээр дэлхийн анхны нохой төрхт хүнээр нэрлэгдээд байгаа юм. Интернэтээр тархаад байгаа зургийн хувьд нохой шиг харагддаг болсон залуугийн жинхэнэ зураг биш Фотошопоор ажилласан Родриго Брагагийн төсөөлөл ажээ.

Жессика Альба ба Шаокин

Ким Кардашиан шиг харагдахын тулд Майла Синанаж гэх эмэгтэй $30.000 ам.долларын өртөгтэй гоо сайхны мэс ажилбарт орсон тухай онлайнаар багагүй шуугиад байсан билээ. Тэгвэл ээлжит нэгэн хачирхалтай тохиолдол 2010 онд гарсан нь Хятадын Шаокин гэх бүсгүй найз залуутайгаа эргэж нийлэхийн тулд Жессика Альба шиг харагдуулах мэс ажилбар хийлгэжээ. Тэрээр найз залуутайгаа жил гаран үерхсэн бөгөөд найз залуу нь жүжигчин Жессика Альбагийн шүтэн бишрэгч байжээ. Өөртэйгөө ижилхэн харагдуулах мэс ажилбар хийлгэсэн Шаокин охины тухай сонссон Жессика Альба Америкийн нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа, “Миний бодлоор өөрийгөө над шиг төрхтэй болгож өөрчилсөн нь буруу алхам болжээ. Хэрэв хэн нэгэн чамд үнэхээр хайртай байсан бол чамайг ямар ч төрхтэй байсан байгаагаар чинь л хайрлах болно…” гэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6568
0 эможи
keyboard_arrow_up