Гитар авахад юуг анхаарах вэ?

2014 оны 7 сарын 21

Гитар анхлан сурагчид уу нэг бол гитарын мастер хүн үү хамаагүй, тэрний тоглож байгаа гитар нь тухайн ая дууд маш их нөлөөтэй байх болно. Мэдээж зөвхөн гитарын сайн муугаар нэг дууг сайн муу тоглоно гэсэн үг биш л дээ. Дэлхийн хамгийн үнэтэй сайн гитарыг худалдан авснаараа гитарчин болно гэсэн баталгаа биш. Гэхдээ тэнд хүрэх замд чинь их л тус болно гэдэгт итгэлтэй байна. Эсрэгээр нь ямар нэгэн хямдхан, дуу муутай гитар авснаараа багш болон сурагчдад төвөг их учрах болно.

Ер нь сайн гитар гэж юу вэ?

(Нэг гитар их л гоё харагдаад байна. Худалдагч нь бас хэдэн аккорд бариад дуу тоглоод өглөө. Бас муугүй сонсогдоод байна. Энэ нь сайн гитар уу?)

Гитарын сайн мууг тодорхойлдог маш олон шалгуурууд байдаг. Өндөр үнэтэй мэргэжлийн гитар болон анхлан сурагчидын гитар хоёр нь ерөнхийдөө адилхан, зөвхөн өөрөөр хэмжигддэг. Анхлан сурагчидын гитар нь мэргэжлийн гитарыг бодвол заалаар дүүрэн хангинан дуугарах чадвартай байх албагүй харин хамгийн чухал нь бага хүчээр тухайн хүний хөгжмийн авьяасыг нь дэмжих хэрэгтэй. 

1. Гитарын дуу хөг:

Сайн гитар гэдэг нь тод мөртлөө бүх ноотны өнгөнд чанга сул дуугарч чаддаг байх шаардлагатай. Гитар гэдэг бол зүгээр л нэг сонин хэлбэртэй модон харцаг биш. Гитарын нуур модны савлалт нь гитарын дуу аялгууны үндсэн нөхцөл болно. Тийм болохоор гитарын нүүр модыг зөвхөн гачуур юм уу хуш модоор хийдэг. Харин хажуу болон ар модыг агч мод (maple), макасарын хар мод (macassar ebony), кокоболо мод (cocobolo), энэтxэгийн палисандр (indien roswood), риогын палисандр (rio redwood), амазон мөрний палисандр (amazon redwood) болон мадагаскарийн палисандр (madagaskar redwood) гэх зэрэг модоор хийдэг. 

Хэрвээ гитарын нүүр, хажуу болон ар модыг цэвэр цул модоор хийсэн байвал (All solid guitar) буюу цул модон гитар гэнэ. Зөвхөн гитарын нүүрийг цул модоор хийсэн байвал (solid top guitar) буюу цул модон нүүртэй гитар гэнэ. Laminated Spruce Top юм уу Laminated Ceder Top гэдэг нь шахмал модоор хийсэн гитар юм. Энэ гитарыг хийхэд амархан бас хямд байдаг болохоор орчин үед маш их болсон байна. Үүнйиг гитар гэхээс илүү жинхэнэ сонин хэлбэртэй модон хайрцаг гэсэн нь дээрээ. 

Нэг үгээр хэлвэл гитарыг цул модоор л хийдэг юм аа!

Цул модон гитар болон шахмал модон гитарыг үзэмжийн хувьд ялгахад туршлагагүй хүний хувьд тийм ч амархан биш ээ. Ерөнхийд нь гэж хэлэхэд байгалийн модны жилийн цагираг болон хээ угалз нь бүдүүн нарийнтай, жигд биш. Харин laminated top гэдэг нь шахмал модныхоо хоёр талд нь модны зураг наасан байдаг болoхоор хээ угалз нь харваас дэндүү жигдхэн ямар ч алдаагүй харагддаг юм аа. Дуу хөгний хувьд ялгаа нь маш их болохоор хэдэн аккорд тоглоод үзэхэд шууд мэдэгдэнэ.

2. Гитарын эв:

Гитарын ладнууд нь жигд өндөртөй байна уу? Гитарын утасны өндөр зөв байна уу? гээд олон юм байж болно. Хамгийн чухал нь дууны бүх өнгийг тоглоход амархан дарагдаж байх хэрэгтэй ч бас чанга хүчтэй тоглоход гитарын утас нь лад дээр цохихдож царгиж дуугарахгүй байх хэрэгтэй. 
Гитарын утасны өндрийг хэмжихэд 1-р болон 12 -р ладны оройноос гитарын утас хүртлэх өндрийг хэмжинэ. Cонгодог гитарын утасны өндөр нь 1-р лад дээр 0,8мм - 1мм, 12 -р лад дээр 3,5мм – 4,5 мм. Төмөр утастай гитарын утасны өндөр нь 1-р лад дээр 0,6мм - 0,8мм, 12 -р лад дээр 2,5мм - 3мм байхад хамгийн тохиромжтой байдаг юм.

3. Гитарын утас тогтоогч буюу bridge нь сайн наалдсан байна уу?

Гитарын нүүрэн дээр байдаг утас тогтоогчийг араас нь сайн харах хэрэгтэй. Утас тогтоогч болон гитарын нүүрний хооронд цавуу нь харагдахгүй, харин нарийхан завсар зай гарсан байвал эрт оройгүй салж унах нь ойлгомжтой. Энэ засвар нь маш үнэтэй болно.

4. Гитарын нүүр болон ар модон дээр цууралт байх эсэхийг шалгах.

Мод бол уур амьсгал болон цаг агаарын өөрчлөлтөнд идэвхитэй дагаж өөрчлөгддөг материал юм. Тэр тусмаа гитарыг маш нимгэн модоор хийсэн болохоор уур амьсгал нь гитаранд маш эмзэгээр нөлөөлнө. Хэрвээ гитар нь маш хуурай орчинд удаан байвал гитарын нүүр нь гадны нөлөө байхгүйгээр цуурч хагарна.

Энэ дөрвөн шалгуурыг гитар худалдан авахдаа анхаарсан байхад дуу хөг болон чанар сайтай гитартай болно гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнд амжилт хүсье!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6049
4 эможи
keyboard_arrow_up