Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх
Хүүхдийн нэмэгдэл хоол
1. Тараг
2. Хүүхдийн будааны агшаамал
3. Тэжээллэг зутан
4. Ээдэмтэй сүүн зутан
5. Сүүтэй төмсний зутан
6. Цагаан будааны зутан
7. Ногооны зутан
8. Махны шөлийг бэлтгэх
9. Ээдэм гаргаж авах
1.Тараг
Орц: хөөрүүлсэн сүү - шаазан аягаар 1
Хөрөнгө /тараг/ - хоолны халбагаар 1
Ургамлын тос - хоолны халбагаар 1
Элсэн чихэр - цайны халбагаар 1
Гарц: 200 гр
Тэжээллэг чанар:
Уураг 5.6 гр
Тослог 16.3 гр
Нүүрс ус 13.1 гр
Илчлэг 222.7 ккал
Бэлтгэх арга: Тараг бүрэхдээ сүүгээ хөөрүүлэн хөргөж өрмийг нь хамж авна. Хөөрүүлсэн сүүг 37-40 граджс /хуруу дүрэхэд халуун бүлээн/ хүртэл халааж дээрээс нь хөрөнгөө дээрхи хэмжээгээр хийгээд 4-6 цаг дулаан газарт хөдөлгөөнгүй тавьж бүрэлдүүлнэ. Таргийг бүрэлдэж дуусмагц сэрүүн газарт тавьж хурдан хөргөнө. Таргийг хөрсний дараа ургамлын тос, элсэн чихрийг хийж жигдэртэл сайн хутгаж өгнө. /бүрсэн таргийг сэрүүн газарт 48 цагаас илүүгүй хугацаагаар хадгалж хэрэглэнэ./ Хүүхдэд 6 сараас эхлэн өгнө.
2. Хүүхдийн будааны агшаамал
Орц: хүүхдийн будаа - хоолны халбагаар 1
Сүү - шаазан аяганы 2/3
Ус - шаазан аяганы ½
Элсэн чихэр - цайны халбараар 1
Цөцгийн тос эсвэл ургамлын тос - цайны халбагаар 1
Гарц: 200гр
Тэжээллэг чанар:
Уураг 6.7 гр
Тослог 9.5 гр
Нүүрс ус 30.7 гр
Илчлэг 235.2 ккал
Бэлтгэх арга: Буцлаж байгаа усанд жорын дагуу хэмжиж авсан хүүхдийн будааг тасралтгүй хутган хийж 15-20 минут чанана. Дараа нь сүү, цөцгийн тос, элсэн чихэр хийж дахин 5 минут буцалгаж гүйцэт болгоно. Хүүхдэд 6 сараас эхлэн өгнө.
3. Тэжээллэг зутан
Орц: шар сүү - шаазан аяганы 2/3
Ээдэм - хоолны халбагаар 1
Хүүхдийн будаа - хоолны халбагаар 1
Төмсний гурил - цайны халбагаар 1/3
Цөцгийн тос эсвэл ургамлын тос - цайны халбагаар 1
Гарц: 200 мл
Тэжээллэг чанар:
Уураг 5.7 гр
Тослог 10.7 гр
Нүүрс ус 26.9 гр
Илчлэг 226.8 ккал
Бэлтгэх арга: Зутан бэлтгэхэд сүүгээ ээдүүлж ээдмийг шүүж гарсан сүүг буцалтал нь халааж дээр нь хүүхдийн будааш цацаж хийн зөөлөн гал дээр 15 минут хутгаж буцалгана. Дараа нь сайтар нухсан ээдэм, цөцгийн тос, элсэн чихрээ хийж модон хутгуур буюу зориулалтын холигчоор жигдэртэл нь хольж хутгана. Бэлэн болсон тэжээллэг зутанг бэлдсэн даруйд хүүхдэд өгнө. /шүүсэн ээдмийг халуунаар нь сайтар няцалж нухаж жижиглэсэн байна./ Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.
4. Ээдэмтэй сүүн зутан
Орц: сүү - шаазан аяганы 2/3
Ус - шаазан аяганы ½
Элсэн чихэр - цайны халбагаар 1
Цөцгийн тос эсвэл ургамлын тос - хоолны халбагаар 1
Гурил - цайны халбагаар 1
Ээдэм - хоолны халбагаар 1
Гарц: 200 мл
Тэжээллэг чанар:
Уураг 8.7 гр
Тослог 15 гр
Нүүрс ус 16.6 гр
Илчлэг 243.4 ккал
Бэлтгэх арга: Гурилаа тосгүй хайруулын тавганд шаргал өнгөтэй болтол нь хуурч дээр нь хайлуулсан цөцгийн тос эсвэл ургамлын тосоо хийж бөөнгүй болтол нь сайтар хутгаад буцалгасан халуун сүү, халуун усыг хийж 3 минутын турш хутгаж буцалгана. Энэ явцад нухсан ээдмийг /урьдчилан ээдмийг жигдэртэл нухаж бэлтгэсэн байна/ хийж жигдэртэл хутгаад чихрийг хийж амтална. Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.
5. Сүүтэй төмсний зутан
Орц: сүү - шаазан аягаар 1 бүтэн ¼
Төмс - дунд зэргийн 2 ширхэг төмс
Цөцгийн тос эсвэл ургамлын тос - хоолны халбагаар 1, Цайны халбагаар 1
өндөг - ¼ ш
гурил - цайны халбагаар 1
Гарц: 400 мл
Тэжээллэг чанар:
Уураг 15.8 гр
Тослог 24.2 гр
Нүүрс ус 65.3 гр
Илчлэг 542.2 ккал
Бэлтгэх арга: Төмсөө угааж хальслаад дахин угаана. Тэгээд давстай халуун усанд бүтнээр нь хийж болтол нь чанана. Болсон төмсийг халуунаар нь нухаад тусгай саванд хийж өндөг /өндгөө тусад нь түүхийгээр сайтар хутгаад хоолны халбагаар 1 авна/, давс, цөцгийн тос эсвэл ургамлын тос нэмж, сүүгээр шингэлэн найруулна. Найруулсан шөлөнд гурил цацаж буцалгана. Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.
6. Цагаан будааны зутан
Орц: цагаан будаа - хоолны халбагаар 2
Цөцгийн тос эсвэл ургамлын тос - хоолны халбагаар 1, Цайны халбагаар 1
Гурил - цайны халбагаар 1
Сүү - шаазан аягаар 1
Ус - шаазан халбагаар ½
Элсэн чихэр - цайны халбагаар 1
Давс - бага зэргийн /чимх/
Гарц: 400 мл
Тэжээллэг чанар:
Уураг 18.2 гр
Тослог 22.8 гр
Нүүрс ус 77.5 гр
Илчлэг 588.3 ккал
Бэлтгэх арга: Цэвэрлэсэн цагаан будаагаа сайтар угааж болтол нь чанана. Дараа нь жигдэртэл нь нухаж давс, элсэн чихэр, цөцгийн тосоор амлтан сүүгээр шингэлж буцалгана. Буцалгах явцдаа гурилаа цацаж хийж дахин буцалгаж болгоно. Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.
7. Ногооны зутан
Орц: лууван - дунд зэргийн 1/8
Төмс - дунд зэргийн ½
Манжин - дунд зэргийн 1/8
Улаан лооль - дунд зэргийн ½
Яс буюу махны шөл - шаазан аягаар 1
Цөцгийн тос эсвэл ургамлын тос - хоолны халбагаар 1
Цөцгий - хоолны халбагаар 2
Гурил - цайны халбагаар ½
Гарц: 250 мл
Тэжээллэг чанар:
Уураг 2.3 гр
Тослог 14.3 гр
Нүүрс ус 9.7 гр
Илчлэг 176.6 гр
Бэлтгэх арга: Ногоогоо /улаан лоолиос бусад/ сайтар угааж цэвэрлээд давстай усанд чанана. Чанасны дараа махны машин буюу жижиг нүхтэй шүүрэнд шахаж, нухаж нунтаглана. Нухсан ногоог ясны буюу махны шөлөнд хийж байнга хутган буцалгана. Шөлний амтыг сайжруулахын тулд гурилыг шарах шүүгээ буюу хайруулын тавганд хуурна. Шөлөө буцалгах явцдаа хуурсан гурилаа цацан хийж буцалгана. Гаргахдаа сайтар нухсан улаан лоолийг хийж өгнө. Хүүхдэд өгөхдөө цөцгийг нэмж өгнө. Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.
8. Махны шөлийг бэлтгэх
Махаа томоор хавтгай хэрчиж ус, махаа 3:1 –ийн харьцаатайгаар хийж зөөлөн гал дээр махны төрлөөс хамаарч 2-3 цаг орчим чанана.
Чанах явцдаа шөлний дээр ялгарч байгаа тос, нитгэлийг тогтмол хамж авна. Болсны дараа шөлийг шүүн хүүхдийн хоолонд хэрэглэнэ.
9. Ээдэм гаргаж авах
Сүүг хөөрүүлэн самарч хөргөөд өрмийг нь хамж авна. Өрмийг нь хамсан сүүгээ халааж дээр нь исгэлэн тараг хийж буцалгахад сүү ээднэ. Бүрэн ээдсэн эсэхийг шалгахдаа халбагаар ээдсэн хэсгийн нэг талаас сөхөхөд ээдэм нь дээрээ үелэн тогтож шар сүү нь доороо тунасан байна.
Сүүг бүрэн ээдсэний дараа сүүгээ 4 давхарласан самбай буюу зориулалтын шүүлтүүрээр шүүн авч хэрэглэнэ. 1 аяга сүүнд 2 хоолны халбага хийхээр тооцно. Тарагны оронд 10% -ийн кальци хлоридын уусмалыг хэрэглэж болно. 600 мл сүү ээдүүлэхэд дундажаар 100 гр ээдэм унана гэж тооцдог.