Монголчуудын “Энгэр зөрүүлэх” ёс заншил, зан үйлийг эргэн санахуй

2014 оны 7 сарын 16

“Энгэр зөрүүлэх” хэмээн Монголчууд тун энгийн нэрлэдэг энэ ёс нь нийт хүн төрөлхтний өсөн үржихийн шалтгаан, байгалиас заяасан зайлшгүй үйлдэл бөгөөд ертөнц дахинд нэгэн шинжтэй ч Монголчуудын хувьд өвөрмөц зан үйл, нарийн дэг журамтай явж иржээ.Энэ нь дэлхийн улс орон бүрийн нийгмийн байгуулал, үндэсний зан заншил, байгаль, цаг уурын байдлаас шалтгаалж эхлэх насны байдал, нөхцөл хандлага нь ялгаатай байдагтай холбоотой. Нүүдэлчин монголд урьд нүүдлийнхээ ахуй нөхцөлд нөлөөлөгдөн хүүхэд, залуучуудын бэлгийн бойжилт, бэлгийн харьцаанд арай эртэвтэр эхэлж заримдаа задгай шинжтэй. Гэхдээ Монголчуудын энгэр зөрүүлэх ёс нь хэдийнээс нарийн журамтай ариун нандин зүйл байсан.

Энэ талаар монголчуудын хамгийн их эрхэмлэн баримталдаг ёс бол энгэр зөрүүлэх эсэх асуудлыг эмэгтэй хүн зөвшөөрөөгүй цагт эр хүн шахаж албадаж, хүч түрэмгийлж болохгүй, бага насны хүүхэдтэй энэ талаар ойртохыг цээрлэж, жигшиж ирсэн уламжлалтай. Эмэгтэй хүн айлын бэр болохоосоо өмнө эр дагаж айлд очиж хонох, эцэг эхийн дэргэд эр хүнтэй өвөрт нь орж унтахыг эрт үед цээрлэдэг байжээ. Жинхэнэ журамт монгол бүсгүй амьдралынхаа ханьтай болтлоо бусадтай энгэр зөрүүлэхийг тэвчдэг ёстой. Монголчууд XII-XIX зууны үед хүчирхэг байсны нэг үндэс маш чанга нарийн дэг ёс, өндөр сахилгатай байсных. 

Тэр үед эхнэртэй эр хүн өөр хүнтэй ойртвол сайн сүүтэй үнээгээр торгодог, энэ явдал давтагдвал уг нутгаас нь хөөн цөлдөг. Хэрэв цэрэг дайнд явсан хүний эхнэртэй ойртсон байвал цаазаар авдаг байсан гэдэг. Ер нь энгэр зөрүүлэх ёсны тухайд монголчууд шиг тийм нарийн ёстой ард түмэн цөөн байдаг. Эр, эмийн цэвэр ариун ёс нь хүн хүнээ хайрлах, хүндэтгэх хүн ёсны ухаан юм. Монголын нэгдсэн тулгар төрийн “Их засаг” хуулинд эр эмийн зүй бус үйлдлийг гэмт хэрэгтэнтэй адил жигшин цээрлэл үзүүлдэг байжээ.

Жишээ нь: Хэн бусадтай самууран явалдваас эхнэртэй эсэхийг ялгаварлахгүйгээр цаазлах.
1540-1586 онд зохиогдсон Алтан ханы цаазад :
-эхнэр хүнийг татваас, хувцсыг нь урваас морь, үхэр ав;
-ор дэвсгэрээс нь татваас ёсоор торго;
-цэвэр бага охиныг гутааж, эцэг эх нь хүргэнд барьж өгвөөс цаазтай гэжээ.

Энгэр зөрүүлж, үр тогтооход хориглох үе, өдөр, жил
- хүчтэй салхи, аадар бороо, газар хөдлөлтийн үе,
- хурц гэрэл, сэтгэлийн хэт хөөрөл, саатал (уурлах, баярлах, айх, цочих, гашуудах гэх мэт)
- час өдөр, од гариг болон улаан, улаагчин өдрүүд,
- жилийн дөрвөн улирлын эхний хоног,
- өвлийн нар буцсаны дараахь улаан хулгана, улаагчин үхэр өдөр,
- зуны нар буцсаны дараахь цагаан бич, цагаагчин тахиа өдөр,
- нууцын харш жилтнүүд (хулгана туулайтай, үхэр бартай, луу могойтой, нохой гахайтай, морь тахиатай, бич хоньтой нууцын харш байдаг),
- нар хиртэж байх үе,
- сар хиртэх үе,
- тэргэл сартай ба битүүн, шинийн нэгний өдрүүд,
- айж сандарсан үед

Эр, эм хоёрын харьцаж үр тогтоохыг хориглосон үе, цаг, мөчлөгийг зөрчих нь гарах хүүхдийн оюун ухаан, бие эрхтэн, өрх бүлийн аз жаргал, заяа хийморь доройтох нөлөөтэй гэж үзэж ирсэн уламжлал байдаг аж.

Эрүүл саруул үр хүүхэд олох хамгийн зохистой үе нь өмнө дурдсан тохиолдлуудаас бусад нөхцөлд эрэгтэй, эмэгтэйн бие эрүүл чийрэг, сэтгэл санаа тайван, чөлөөтэй нөхцөлд тухайлбал: шөнө дундаас хойш тэгэхдээ үүр цайхаас өмнөх хугацааг гэдэг.

Энэ цээрийг зөрчвөл…
Шөнө дунд олдсон хүүхэд харах, сонсох, хэл ярианы согогтой,
Айж сандарч, ядарсан үед олдсон хүүхэд аймхай, дорой, уцаар зантай,
Нууцын харш жилтнүүдийн дундаас гарсан хүүхэд өвдөж бэртэх, богино наслах гэмтэй болдог зэргийг сургамжилсаар иржээ.

Энгэр зөрүүлэхэд ивээл сайн гариг:
- Хулгана, Гахай жилтэй хүн Буд-Лхагва гаригт – Үхэр, Луу, Нохой жилтэй Санчир-Бямба гаригт – Бар, Туулай жилтэй хүн Бархасбадь-Пүрэв гаригт – Могой, Морь жилтэй хүн Ангараг-Мягмар гаригт – Хонь, Бич, Тахиа жилтэй хүн Сугар-Баасан гаригт

Энгэр зөрүүлэхэд харш гариг өдөр:
- Хулгана, Гахай жилтэй хүн Санчир-Бямба гаригт энгэр зөрүүлбэл ходоод өвдөж, ам гэмтдэг – Үхэр, Луу, Нохой жилтэй Бархасбадь-Пүрэв гаригт энгэр зөрүүлбэл толгой, хоолой өвддөг болох – Бар, Туулай жилтэй хүн Сугар-Баасан гаригт энгэр зөрүүлбэл өвдөг бэлхүүс өвддөг өвчтэй болох – Могой, Морь жилтэй хүн Буд-Лхагва гаригт энгэр зөрүүлбэл бөөр хөл өвддөг өвчтэй болох – Хонь, Бич, Тахиа жилтэй хүн Ангараг-Мягмар гаригт энгэр зөрүүлбэл зүрх, эгэм далаар хөшдөг өвчтэй болох

Энгэр зөрүүлэхэд харш жилтэй хүмүүс:
- Хулгана, Гахай жилтэй хүмүүс Үхэр, Луу, Нохой жилтэй хүнтэй энгэр зөрүүлвээс шороон саа тусаж, гар тахийх аюултай
- Бар, Туулай жилтэй хүмүүс Бич, Тахиа жилтэй хүнтэй энгэр зөрүүлвээс төмөр саа тусаж, хамар муруйх, тагжрах битүүрэх
- Могой, Морь жилтэй хүмүүс Гахай, Тахиа жилтэй хүнтэй энгэр зөрүүлвээс усан саа тусаж, бөөр татаж, бөгтгөр болох аюултай
- Бич, Тахиа жилтэй хүмүүс Могой, Морь жилтэй хүнтэй энгэр зөрүүлвээс гал саа тусаж, хэл татах аюултай
- Хонь, Үхэр, Луу, Нохой жилтэй хүмүүс Бар, Туулай жилтэй хүнтэй энгэр зөрүүлвээс модон саа тусаж, нүд өвдөх гэмтэй гэж “Тусалсан бурханы судар”-т айлджээ.
- Хулгана жилтэн Морь, Үхэр жилтэй хүнтэй энгэр зөрүүлвээс ходоод, ам гэмтэнэ
- Үхэр жилтэн Хонь, Бар жилтэй хүнтэй энгэр зөрүүлвээс толгой, хоолой өвдөнө
- Бар жилтэн Бич, Могой жилтэй хүнтэй Сугар-Баасан гаригт энгэр зөрүүлвээс төмөр саа өвчин тусаж, хамар муруйна
- Туулай жилтэн Тахиа, Морь жилтэй хүнтэй Сугар-Баасан гаригт энгэр зөрүүлвээс төмөр саа тусна, муруйж тахийна.
- Луу жилтэн Нохой, Хонь жилтэй хүнтэй Бархасбадь-Пүрэв гаригт энгэр зөрүүлвээс төмөр саа тусаж, гар тахийна.
- Могой жилтэн Гахай, Луу жилтэй хүнтэй Буд-Лхагва гаригт энгэр зөрүүлвээс усан саа тусаж, бөөр татна.
- Морь жилтэн Хулгана, Тахиа жилтэй хүнтэй Буд-Лхагва гаригт энгэр зөрүүлвээс бөөр өвдөж, хоолойны өвчин тусна.
- Хонь жилтэн Үхэр, Бич жилтэй хүнтэй Бархасбадь-Пүрэв гаригт энгэр зөрүүлвээс модон саа тусаж, нүд өвдөж, хараа муудах гэмтэй.
- Бич жилтэн Бар, Могой жилтэй хүнтэй Ангараг-Мягмар гаригт энгэр зөрүүлвээс гал саа тусаж, хөл татах гэмтэй.
- Тахиа жилтэн Туулай, Морь жилтэй хүнтэй Ангараг-Мягмар гаригт энгэр зөрүүлвээс зүрх, эгэм, цээж өвдөх гэмтэй.
- Нохой жилтэн Луу, Гахай жилтэй хүнтэй Бархасбадь-Пүрэв гаригт энгэр зөрүүлвээс модон саа тусаж, толгой, хоолойн өвчин тусна.
- Гахай жилтэн Морь, Үхэр жилтэй хүнтэй Санчир-Бямба гаригт энгэр зөрүүлвээс хоолой өвдөж, ам гэмтэх гэмтэй гэж сударт номолжээ.

Дээрх өвчний нигуурууд баттай биелэнэ гэдэгт огт сүслэхгүй байгаа ч, гэрлэх суух хүнээ сонгохдоо эдгээр уламжлал сургаалыг бага ч болов бодолцож үзэх нь ирээдүйд тустай байж ч мэдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5881
2 эможи
keyboard_arrow_up