Саамыг хэтрүүлж уувал бөөрөнд ачаалал өгдөг
Гүүний саам нь хүний биеийн дархлааг сайжруулах юугаар ч сольшгүй амин дэм, чухал эмчилгээ болдог байна. Нэг ёсондоо биед уураг, амин дэм, эрдэс бодисыг нөхөн сэлбэдэг гэсэн үг. Ёстой л нөгөө манай нийслэлийн дэлгүүр, эмийн сангуудаар дүүрэн байдаг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм. Гүүний саам ууснаар элэг, судасны хатуурал болон архаг өвчин, цөс, бүдүүн гэдэсний шархлаа, мэдрэл, сульдаа зэрэг өвчнийг анагааж эдгээдэгийг эмч, эрдэмтэн, мэргэжилтнүүд хэлж байна.
Гэхдээ гүүний саамыг хэтрүүлж ууж болохгүй, бөөрөнд ачаалал өгдөг байна. Тиймээс биеийн жиндээ тааруулан (нэг кг-д 1 мгр гэсэн харьцаагаар) тооцож, эхлээд шаазан аяганы гуравны нэгээр ууж, дараагийн өдрүүдэд нь бага багаар нэмж тохируулан уудаг байна. Ингэхдээ өдөрт 3-4 удаа, хоолны өмнө ууна. Тухайн айл өдөрт гүүгээ хэдэн удаа сааж байгаагаас тохируулан 4-5-аас хэтрүүлэлгүй ууна.
Манайхан түүхий саам зориуд ууж огиулж, суулгах маягаар гэдэс ходоодоо цэвэрлэдэг гэдэг нь худлаа юм байна. Эмч нарын зөвлөж байгаагаар энэ нь сайн юм биш, бүр эсрэгээр тухайн хүн шингэнээ алдаж, дутагдалд орох муу талтайг хэлж байна.
Саамыг саахарын буюу диабеттэй хүн их ууж болдоггүй юм байна. Учир нь саам хурц, чихэрлэг ихтэй тул харшилж чихрийн өвчинг ихэсгэдэг байна. Мөн ясны хугарал, гэмтэл, хоолой болон үе мөчний цочмог үрэвслийн өвчтэй хүн ууж болдоггүй аж. Харин жирэмсэн болон нярай хүүхэдтэй, ялангуяа хөхний сүү дутагдалтай эмэгтэй, өндөр настнууд биеэ сайжруулах, дархлаагаа идэвхжүүлэх зорилгоор ууж болдог байна. Гүүний саам нь эхийн сүүтэй найрлага ойролцоо байдаг аж. Саам нь арьсны болон эмэгтэйчүүдийн өвчин болон харшилд тун сайн, гоо сайханд мөн түрхэж хэрэглэдэг байна.