Гэртээ гүзээлзгэнэ тариарай
Амтат гүзээлзгэнэ идэх дуртай л биз дээ. Зөөлөн бас чихэрлэг, сайхан үнэртэй энэ жимсэнд дургүй хүн гэж үгүй байх. Тиймээс Амука нь гүзээлзгэнийг гэртээ тарьж ургуулаад идэх боломжтой аргуудыг танилцуулж байна. Гүзээлзгэнийг төрөл бүрийн аргаар ургуулж болдог гэнэ.
Үрээр үржүүлэх
Гүзээлзгэнэ нь зөөлөн жимс юм. Үр нь жимснийхээ гадаргад байрлана. Үр нь жимсний хананд шигдэн тогтож барзгар гадаргууг үүсгэсэн байдаг.
Түүнийг ялгаж авахдаа жимсний хальсыг үрийн хамт нимгэн зүсэн авч уудаг цаасан дээр зүссэн талаар нь нааж тавина. Ингэхэд хоёр хоногт хатаж үрийг ялган авахад хялбар болно. Хатсан гадаргууг зөөлөн үрэхэд үр нь ялгарч унана.
Үрийг тарихын өмнө манганы сулавтар уусмалд 30 минут дүрж ариутгаад цэвэр усаар зайлаарай. Гүзээлзгэний үр маш жижиг тул услахад урсаж гарах учир үрийг хэд хэдэн шат дамжлагаар үрслүүлэн шилжүүлж тарина.
Юуны өмнө үрийн соёололт тодорхойлох аргаар чийгтэй уудаг цаасан дэвсгэрт соёолуулна. Жижиг хавтгай сав дотор шил, хуванцар зэрэг хавтгай тавиурыг савны ёроолоос 2-3 см зайд тулгуур хийж хөндий байрлуулаад дээрээс нь уудаг цаасаар бүтээж үзүүрүүдийг нь савны ёроолд хүрэхээр тохож тавиад усны төвшин тавиураас 1-1,5 см доогуур байхаар ус хийнэ.
Ингэхэд тавиурыг бүтээсэн уудаг цаас байнга чийгтэй байна. Дээрээс нь 0.5-0.8 мм зузаантай шороо хийнэ. Ингэж чийглэгдсэн шороон дээр үрийг хооронд нь 0.5х1,0 см зайтай жигд тарааж байрлуулна. Уудаг цаас олдохгүй бол ариун цэврийн цаас, салфетка ашиглаж болно.
Соёолуулах сав нь ямарч хэлбэр хэмжээтэй байж болно. Үрийг соёолуулахаар тавьсан савыг шилээр юмуу гялгар уутаар таглаж дулаан газар тавина. Шилэн таглаа нь агаарын температурын хэлбэлзлийг сааруулж сав дотор байх агаарын чийгшлийг тогтмол өндөр байлгах зориулалттай боловч өдөрт 1-2 удаа 10-20 минутын хугацаагаар сөхөж агаарын солилцоо хийж байхгүй бол хөгцөрч бохирдоно.
Усыг дундрах үед нь байнга сэлбэж байна. Соёолуулах үрийг 18-25 хэмийн дулаан байранд байлгана.18 хэмийн дулаанд үр 45-56 хоногт, 25 хэмийн дулаанд 30-35 хоногт жигдрэн соёолно. Үрийг соёолтол гэрэл үзүүлэх шаардлагагүй бөгөөд шилэн таглаа дээгүүр бүтээж байна.
Соёолох үед таглааг авч гэрэлтэй газар байлгана. Гэхдээ шилэн таглаатай нь цонхны болон ил газар наранд шууд тавихад бэхжээгүй ургамал түлэгдэх гэмтэй тул болгоомжтой ажиллах хэрэгтэй. Үрийг соёолмогц хөрс бүхий тусгай савд шилжүүлэн суулгана.
Төл ургамлаар үржүүлэх
Гүзээлзгэнийг үржүүлж олшруулах гол арга бол сахлын зангилаан дээр үүсч үндэслэсэн төл ургамлыг салгаж суулгах явдал юм.
Хамгийн чанартай суулгац бол сахлын зангилаануудын эхэнд эх ургамалдаа хамгийн ойр байрласан төл ургамал байдаг. Тэр нь хамгийн түрүүнд үүсч томордог. Сахлын нэг зэлэн дээр гурваас илүүгүй төл ургамал үлдээж сахлын оройг таслах нь зүйтэй. Тэгвэл цааш хэт олширч шим тэжээл хуваагдах нь зогсож амархан томорно.
Тэрчлэн нэг бутанд таваас илүүгүй сахлыг ургуулж бусдыг нь зайлуулах хэрэгтэй. Ингэхэд нэг бутнаас 15 сайн чанарын суулгац гарган авна. Сахлын тэвгэн навч бүхий зангилааны дорхи хөрсийг ялзмагаар баяжуулж, сайтар сийрүүлж хангалттай чийгтэй байлгахад амархан үндэслэнэ.
Мөн жижиг хуванцар савд тусгай хөрс бэлтгэж зангилааны дор тавьж үндэслүүлээд савтай нь салган авахад тохиромжтой. Төл ургамлыг шилжүүлэн суулгах талбайн хөрс ялзмаг ихтэй хөнгөн сэвсгэр байх нь тохиромжтой. Эх ургамлаас төл ургамлыг цаг хугацаанд нь салган авахгүй байх нь эх ургамлыг сульдааж, хөрс сийрүүлж арчилгаа хийхэд төвөгтэй болгодог.
Төл ургамлыг шилжүүлэн суулгахдаа ургамал хооронд 5-7 см, эгнээ хооронд 10-12 см зайтайгаар нилээд шигүү суулгана. Долоо хоноход ургамлын үндэс хөрсөндөө бэхжиж 2.5-3 долоо хоногийн дараа байнгын талбайд суулгахад бэлэн болно.
Бут хувааж үржүүлэх арга
Сахал үүсгэдэггүй сортуудыг энэ аргаар үржүүлнэ. Зэрэгцээ олон нахианууд үүсэж тус бүр нь өөрийн үндсээрээ салан үржинэ. Ингэж бутлан ургасан ургамлуудыг ухан авч нахиа тус бүрийг үндэсний нь хамт салган суулгана.
Гүзээлзгэнийг талбайд суулгах
Суулгах үрслэг нь богино бахим иш бүхий 3-4 навчтай, оройн нахиа нь сайн хөгжсөн, сахлаг үндэстэй байвал зохино. Гаднаас авчирсан үрслэгийг тарихын өмнө заавал ариутгана. Аюултай өвчин үүсгэгч , хортон шавьжны өндөг, авгалдай суулгац материалаар дамжин тархдаг.
Ингэхдээ 10 литр усанд хоолны гурван халбага хүнсний давс, нэг цайны халбага зэсийн байван уусгаад 10-15 минутын хугацаанд үрслэгийг дүрж ариутгана. Дараа нь цэвэр усаар сайтар зайлж суулгана. Янз бүрийн химийн бодис шаардахгүй хамгийн энгийн арга бол дулааны аргаар ариутгах явдал юм.
Энэ аргын үндэс нь 450-480 температуртай усанд тодорхой хугацаагаар дүрж ариутгах явдал юм. Ингэж ариутгахад ариутгалын үр дүн 95-98 хувьд хүрдэг. Эхлээд халуун усанд сайтар дүрж угаагаад 100-150 температуртай хүйтэн усанд 15-20 минут дүрж хөргөнө. Оройн нахиаг хэт гүн суулгавал түүний өсөлт нь саатаж ялзрах, хэт дээр суулгавал хатаж хуурайших муу нөлөөтэй.
Суулгах ажлыг бүрхэг өдөр юмуу цэлмэг халуун өдөр бол оройн сэрүүнд хийнэ. Энэ нь тухайн нөхцөлдөө зохицох боломжийг олгоно. Суулгасан бутыг тойруулан жижиг тогоо гаргаж усалгаа хийнэ.
Гүзээлзгэнийг харьцангуй нягт буюу ургамал хооронд 15 см, эгнээ хооронд 60 см зайтайгаар суулгана. Ингэж суулгасан гүзээлзгэнээс эхний удаа арвин ургац авна. Дараа жилээс ургамал томрох үед хоёр ургамал тутмын нэгийг сийрүүлэн ухаж аваад өөр талбайд суулгана. Энэ нь бут томрохоос өмнө эхний жил талбайг бүрэн дүүрэн ашиглах боломжийг олгоно.
Сахлыг зайлуулах: Төл ургамлыг авч үржүүлэх шаардлагагүй бол сахлыг 10 см-аас илүүгүй байхад нь авч зайлуулах хэрэгтэй. Энэ нь эх ургамлын шим тэжээлийг ашиггүй зарцуулахгүй байж, түүнийг бэхжүүлж дараа жилийн ургацыг нэмэгдүүлэхэд сайн нөлөө үзүүлнэ.
Ургац хураасны дараа сахлын ургалт идэвхжих тул сахлыг 3-5 удаа авч зайлуулах шаардлагатай. Энэ цэцгийн нахиа суухад таатай нөлөө үзүүлж дараа жилийн ургацыг 10-15 хувиар нэмэгдүүлнэ.
Ургац хураалт: Орчин үед тариалж байгаа бүх сортууд өөртөө тоос хүртээдэг боловч солбицуулан тоос хүртээх арга хэмжээ авахад ургацын чанар дээшилнэ. Хур бороо ихтэй чийглэг жил жимс газарт хүрснээс гэмтэх ялзрах үзэгдэл ажиглагддаг тул жимс боловсрох үед дор нь цаас сүрэл зэргийг дэвсэж бохирдож ялзрахаас хамгаална. Гүзээлзгэнэ нь зөөлөн амархан гэмтдэг жимсгэнэ тул хэт болголгүйгээр хураах нь зүйтэй.
Хатуу нягт гүзээлзгэнийг гурав, зөөлөн жимстэй сортуудыг нэг өдрийн зайтайгаар хураалт хийнэ. Гүйцэд боловсорсон жимсийг тэр дор нь хурааж байхгүй бол амархан муудаж ялзран, өвчин тараах голомт болдог. Талбайд тарьсан гүзээлзгэний бутыг өвөл 20-30 см үртэс, шороо, бууц зэргээр хучиж өвөл цасаар зузаалан манаж өвөлжүүлнэ.