МЭДҮҮШТЭЙ: Ажил дээрээ аз жаргалтай байхад туслах 6 зөвлөгөө

2017 оны 8 сарын 30

Ажил дээрээ 'аз жаргалтай байх' гэдэг таны бодож байгаагаас илүү амархан юм шүү. Фэйсбүүк, Твиттер жаахан ухахаар хүн бүр ажилдаа дуртай, амжилттай, аз жаргалтай, товчхондоо бол 'алаад' байгаа мэт харагддаг. Та заримдаа 'надад яагаад бусдын адил тэгж санагдахгүй байна' хэмээн боддог байж магадгүй. Хэрвээ тийм бол огтхон ч санаа зовох хэрэггүй юм. Хааяа тийм бодол төрөх, эсвэл хэцүү өдөр тохиолдох нь тун энгийн үзэгдлээс гадна судалгаагаанаас үзэхэд хүмүүс ажилдаа дуртай, эсвэл амжилттай яваа гэдгээ бусдад харуулах зорилгоор сошиалаар хуваалцах магадлал тав дахин өндөр байдаг гэнэ. Шинжлэх ухааны дүгнэлтээр бол ажилдаа дуртай байх эсэх нь товчхондоо ажилтай чинь бус өөртэй чинь илүү холбоотой. Тиймээс хэрхэн өөрийгөө аз жаргалтай болгох вэ гэдэг дээр илүү анхаарч, өөртөө хөрөнгө оруулаарай. Тэр хэрээрээ таны үр бүтээмж, амжилт нэмэгдэх нь дамжиггүй.

1. Гаргаж буй үр дүнгээ хэмж

Сэтгэл зүйчдийн дүгнэснээр хүн зорьж буй зүйлдээ дөхөж, ойртож буйгаа мэдрэх тусам өөрийгөө сэтгэл хангалуун, аз жаргалтайд тооцдог аж. Тиймээс ажил дээрээ аз жаргалтай байх эхний алхам бол зорилгоо тодорхойлж, өөрийн хийж буй ажлаа, гаргаж буй үр дүнгээ хэмжих юм. Хийх ажлын жагсаалт хөтлөх нь үр дүнтэй аргуудын нэг боловч заримдаа ажил ихтэй үед тэрхүү жагсаалт багасахгүй нэмэгдээд байвал хүний эрч хүчийг багасгадаг байна. Үүнээс сэргийлэхийн тулд өдөр бүр хийсэн ажлаа дүгнэж, зорилгодоо хэр ойртсоноо хэмжиж байгаарай.

2. Аз жаргалтай хормыг бий болго

Ямар нэгэн эерэг хүлээлт, итгэл найдвар байх нь хүнд аз жаргал авчирдаг. Ажил дээр ч мөн ялгаагүй. Өглөө сэрүүлэгний дуунаар орноосоо арай ядан босож, нойроо харамлан суух нь таныг шууд аз жаргалгүй болгож байгаа юм. Ажил биш өөрийнхээ нойртой тэмцэлдэн аз жаргалаа хумслах нь харамсалтай биш гэж үү. Тиймээс та ажил дээрээ очоод 'ингэнэ дээ' гэсэн хүлээлтийг бий болгох хэрэгтэй. Тэр нь зөвхөн ажилтай холбоотой байх албагүй. Очиход өглөөний хоол байгаадаа, өдөр гарч кофе ууна даа, тэр хүнтэй уулзана даа гэх мэтчилэн юу ч байсан болно. Ажил дээрээ аз жаргалтай байхад үүнийг хэрэгжүүлэх нь маш чухал юм шүү.

3. Өөрийгөө сорих зүйлсийг хий

Дюкийн Их Сургуульд явагдсан туршилтаар хэцүү ажлыг амжилттай гүйцэтгэвэл хийж буй ажлаараа, өөрөөрөө бахархаж, улмаар аз жаргалтай болдгийг баталжээ. Амархан ажил хийх нь биенд хялбар ч урт хугацаандаа хүнийг аз жаргалгүй, нэг хэвийн уйтгартайгаас гадна үнэ цэнгүй мэт болгодог байна. Харин хэцүү, ур ухаан шаардсан ажил хийж өөрийгөө сорих нь илүү үнэ цэнтэй, чухал гэсэн мэдрэмжийг өгч, өөрийгөө дайчлах, хөгжихөд дэм болдог ажээ. Тиймээс санаачилгатай байж хэцүү ажлыг хариуцаж ажиллах нь таныг аз жаргалтай болгодог байх нь ээ.

4. Хамтрагчдаа туслах цаг гарга

Саяхны судалгаагаар хамтран ажиллагсдадаа туслах цаг гаргадаг хүмүүс, цаг гаргадаггүй хүмүүсээс илүү аз жаргалтай байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Эерэг зүйл хийх нь аз жаргал руу хөтөлдөг байх нь. Нэг нь чадаад, нөгөөх нь чадахгүй байна гэсэн утгаар харалгүй биендээ тусалж, туслалцаа хүсэж сурах нь асар чухал. Заавал хэн нэгэн тусламж хүсэхийг хүлээлгүй, туслалцаа хэрэгтэй байгаа нь ойлгомжтой байвал та очоод асуудлыг нь хамт шийдэлцээд нэг үзээрэй.

5. Нэг л төрлийн өдрийн хоол битгий ид

Бидний идэж буй хоол, хоолонд агуулагдаж буй амин дэмүүд аз жаргалтай байхад ихээхэн нөлөө үзүүлдэг байна. Жишээлбэл, мөөгөнд агуулагдах селениум хэмээх бодис стресстэх, сэтгэл зовних, ядрах зэргийг багасгах үйлчилгээтэй байдаг бөгөөд жимс, ногоо нь бидний энергийг ихэсгэж өгдөг. Хар шоколад идвэл стресс гормоны хэмжээг багасгадаг аж. Хэрвээ та өдөр бүр иддэг зүйлээ л идээд байвал стресстэх, аз жаргалгүй болох магадлал ихсээд л байна гэсэн үг. Тиймээс болж өгвөл янз бүрийн орц, амттай өөр өөр төрлийн хоол идэж, хааяа амттангаар өөрийгөө болон бусдыг дайлж байгаарай.

6. Хийж буй ажлаа түр хугацаагаар орхих

Бидний уураг тархи яг хүсэж байгаагаар ажиллах нь ховор. Зарим үед ажил тань бус ажлаас гадуурх асуудлууд, хувийн амьдрал гэх зэрэг зүйлс таны сэтгэл санааг түгшээж аз жаргалгүй болгох нь элбэг. Хэчнээн ажилдаа төвлөрөх гэсэн ч сэтгэл санаа, бодол өөр тийшээ тэнүүчлээд алга болдгийг бид бүгдээрээ мэднэ. Тийм үедээ дэмий тарчилж суухын оронд 1 цагийн чөлөө хүсээд, сэтгэлийг чинь зовоож буй зүйлсийг зохицуулчихаад ирсэн нь дээр. Мөн заримдаа ямар нэгэн хувийн асуудалгүй ч гэсэн үр бүтээмж гарахгүй, гацчихаад байвал 10 минут ч юм уу хийж байгаа зүйлээ орхиод гарч салхилах, аяга кофе уух, хүмүүстэй ажилтай холбоогүй зүйлсийн талаар ярилцах зэргээр тархиа амраа. Ингэснээр та ажилдаа санаа зовч стресстэхгүй илүү тайван, аж жаргалтай, үр бүтээмжтэй болдог байна.

Эх сурвалж: Inc.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46479
0 эможи
keyboard_arrow_up