МЭДҮҮШТЭЙ: Элон Маскаас суралцах нь буюу бизнес санаагаа бусдад хэрхэн танилцуулах вэ?

2017 оны 8 сарын 29

Сүүлийн үед манайд гарааны бизнес сонирхогчид олширч, стартап хүрээлэл улам тэлж, олон төрлийн хакатон тэмцээнүүд зохиогдох болсон билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр, бизнесийн санаагаа бусдад танилцуулах яриа/илтгэл буюу бизнес найрааг (pitch) хэрхэн амжилттай хийх талаар зөвлөгөө нийтлэлийг бэлдлээ. Та бүхний сайн мэдэх Элон Маскийн 2015 онд "Powerwall" батерейг танилцуулсан илтгэл дээр тулгуурлан амжилттай бизнес найрааны ерөнхий бүтцийг танилцуулья.

1. ДАЙСНАА ЗАРЛА

Элон Маскийн дайсан "шатах бодисууд" (нүүрс, байгалийн хий г.м.)

Илтгэлээ эхлэхдээ өөрийнхөө, багийнхаа, бүтээгдэхүүнийхээ, зах зээлийнхээ талаар ярих хэрэг байхгүй. Оронд нь, хэрэглэгчийн тань аз жаргалд саад болж байгаа тэр зүйлийг бусдад зарлаж эхлүүл. Хэрэглэгч тань яаж зовж байгаа талаар, энэ зовлонгийн шалтгаан нь юу, буруутан нь хэн болох талаар сэтгэл хөдөлтөл харуулах хэрэгтэй. Элон Маскийг үзэгчдэд малтмал түлш шатааж буй зургийг харуулахад "Оддын дайн" дээр гардаг Дарт Вэйдэрийн заналхийлсэн амьсгаа сонсогдох мэт сэтгэгдэл төрүүлж байна.

2. "ЯАГААД ЗААВАЛ ОДОО ГЭЖ?" ГЭХ АСУУЛТАНД ХАРИУЛ

"The Keeling Curve" буюу агаар мандал дах CO2-ын төвлөрлийн өсөлт

Таныг сонсож буй хүмүүс, тэр дундаа хөрөнгө оруулагчид байнга эргэлзэж байдаг. Тэд дотроо "Хүмүүс ийм байдалтай өнөөдрийг хүртэл амьдраад ирчихсэн шүү дээ. Одоо тэд өөрчлөгдөнө гэж үү?" хэмээн бодож байх нь олонтаа. Элон CO2 буюу нүүрс төрөгчийн давхар ислийн төвлөрөл ноцтой хэмжээнд ирсэн, үүнийг шийдвэрлэх мөч бидний урд ирээд байгааг тодотгон "Одоо л хөдлөхгүй бол бүх зүйл бүр төсөөлшгүй хэмжээнд хүртлээ муудах болно" хэмээн энэ тээнэгэлзээг арилгаж байна. Түүнийг "Бид үүний эсрэг хамтдаа ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй" гэж хэлэхэд үзэгчид дэмжин дуугарах нь сонсогдоно.

3. ЯАЖ ОЧИХОО ТАЙЛБАРЛАХААС ӨМНӨ ОЧИХ ГАЗРАА ХАРУУЛ

Батерейний талаар дурдахаас өмнө тэрээр аз жаргалтай төгсгөлийг тайлбарласан нь "Нар хэмээх тэнгэрт орших халуун цөмийн реактор"-т суурилсан иргэншил аж. Яаж ялахаа хэлээгүй байж дайсны ялагдлын талаар ярих нь шинэхэн илтгэгчдэд буруу мэт санагдаж магадгүй. Яг л онигоо ярихаасаа өмнө оргил хэсгийг нь ам алдахтай адил. Гэхдээ үзэгчид таныг хаашаа явж буйг мэдэж байгаа бол илүү анхааралтай сонсох нь элбэг байдаг.

4. СААД БЭРХШЭЭЛИЙГ ТОДОРХОЙЛЖ ТҮҮНИЙГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХЭЭ ТАЙЛБАРЛА

Мөрөөдлийн ирээдүйг харуулсны дараагаар, (a) үүнд хүрэхэд саад болж буй асуудлыг дэлгэн харуулж, (б) хэрхэн таны компани/бүтээгдэхүүн/үйлчилгээ эдгээрийг шийдвэрлэхийг үзүүлэх хэрэгтэй. (Ямар нэг том, аюултай бэрхшээл байсан нь дээр. Үгүй бол хэн таны зарж буй зүйлийг худалдаж авах болж байна?)

Элон нарны эрчим хүчээр цэнэглэгдсэн дэлхийг бий болгоход тулгарч буй 3 асуудлыг онцолсон:

1. Нарны дэлгэцийн үүсгэх эрчим хүчний хэмжээ өдөр, шөнийн туршид ялгаатай байдаг (Иймд батерейний шаардлага гарч байна):

2. Ихэнх хүмүүст АНУ дахь бүх малтмал түлшийг орлох хэмжээний батерейг хадгалах газрын хэмжээ хэмжээлшгүй их мэт санагддаг (харин Элоны ярьж буйгаар энэ нь Техас мужийн тэр жижиг улаан цэг л аж):

3. Элон өнөөгийн зах зээл дээр бэлэн байгаа батерей 7 сул талтайг тайлбарласан:

Үнэтэй, найдваргүй, интеграц муу, богино настай, хүчин чадал бага, багасгах ихэсгэх боломжгүй, үзэмж муутай

Илтгэлийн энэ хэсэгт үзэгчид энэ 7 дутагдлыг шийдвэрлэж чадсан Powerwall-ын бичлэгийг хүлээж бараг л "шүлсээ асгаруулж" байх болно. Гэхдээ нэг юмыг сайтар ойлгох хэрэгтэй. Элон Powerwall-ыг зүгээр нэг батерей биш хүн төрөлхтөний авралын гарц гэж харуулсан учраас л эдгээр гоё сайхан дизайн, сүртэй ая үр дүнтэй байгаа юм.

5. ХИЙ ХООСОН ЯРИАГҮЙ ГЭДГЭЭ БАРИМТААР НОТЛОХ

Ахиад л үзэгчид эргэлзэж байгаа. Тийм учраас тэдэнд харуулсан ирээдүй үнэхээр хүрч болохуйц юм шүү гэдгийг баталж харуулах шаардлагатай. Элон энэ үед нэгэн "нууцыг" задалсан юм. Түүний ярьж буй танхимыг Powerwall батерей эрчим хүчээр хангаж байгаа гэдгийг зарласан бөгөөд нотолгоо болгож дээрх зургийг үзүүлжээ.

Бизнесээ эхлүүлээд удаагүй байгаа компаниудын хувьд ийм төрлийн демо буюу туршилтын бүтээгдэхүүн бусдыг ятгахад үр дүнтэй байдаг ч эхний үеийн буюу бета хэрэглэгчдээс хүлээж авсан үр дүнг харуулах нь бүр илүү хүчтэй байдаг аж. Харин хамгийн тааруу арга нь боломжит хэрэглэгчдийн энэ бүтээгдэхүүнийг яагаад худалдаж авахаа хэлсэн тайлбарууд юм. Гэхдээ мэдээж энэ нь оргүйгээс дээр л дээ.

ИЛТГЭЛ БҮРЭН ЭХЭЭР

БИЗНЕС НАЙРААНЫ ПРЕЗЕНТАЦИЙН ЗАГВАР

Элон Маскийн илтгэл дээр үндэслэн бизнес найраа ямар дараалалтай, яаж явбал зохих загвар презентацийг бид гаргалаа. Хөтөч болгон ашиглах мөн яаралтай илтгэл бэлдэх шаардлагатай хүмүүст зориулав.

ЭНДЭЭС ҮЗЭХ

Энэхүү нийтлэлийг цуврал болгож пресентаци бэлдэх програмууд болон хэрэгслүүд, шилдэг гарааны бизнесүүдийн найраанууд ба тэднээс юу сурч болох вэ гэсэн хоёр нийтлэлийг удахгүй оруулах болно.

Эх сурвалж: Want a Better Pitch? Watch This, How to Create a Winning Investor Pitch-Deck, The Ultimate Cheat Sheet for your Startup’s Investor Pitch Deck, How to Design a Pitch Deck: Lessons from a Seasoned Founder

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46436
0 эможи
keyboard_arrow_up