ЗӨВЛӨГӨӨ: Япон улсад зорчих иргэдэд өгөх зөвлөмж

2017 оны 8 сарын 28

Нэг. Японы хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:

Японы визийг авснаар тус улсад саадгүй нэвтрэх бүрэн баталгаатай боллоо гэсэн үг биш юм. Японд нэвтрэх эсэхийг тус улсын Цагаачлалын алба (Immigration Bureau) шийдвэрлэдэг бөгөөд нэвтрүүлэхгүй байх эрхтэй байдаг. Иймд Японд байх хугацаандаа байрлах байр /зочид буудал/, урилга өгсөн хүний нэр, хаягийг сайн мэдэж байх ёстойг зөвлөж байна. Японд хилээр нэвтрэх орох хуудсанд уригч тал болон байрлах хаягаа үнэн зөв бөглөх шаардлагатайг анхаарна уу. Иргэн Та очих хаягаа орох хуудаст буруу бичих, асуусан асуултад зөрүүтэй хаяг хэлэх, аяллын зорилгоо үнэн зөв тайлбарлаж чадахгүй бол тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байх үндэслэл болдог.

Хоёр. Японд байх хугацааны талаар анхаарах зүйлс

Японы цагаачлалын албаны ажилтан тухайн иргэний Японд байх хугацааг зааж, паспорт дээр нь дарж өгдөг. Монгол иргэд аялалын визтэй ирээд, визийн хугацааг хэтрүүлэн үлдэх, хөдөлмөр эрхлэх зэрэг тохиолдол гардаг нь Японы виз дахин авах үед виз олгохоос татгалзах үндэслэл болдог. Сүүлийн үед ажлын виз гаргаж өгнө гэсэн зарын дагуу иргэд 8,0-9,0 сая төгрөг төлж, хохирох явдал ихсэж байна. Иргэдийг 90 хоногийн виз гаргаж өгнө, японд угтан авч, ажлын байраар хангана, дараа нь ажлын визээр сольж өгнө хэмээн их хэмжээний мөнгө авч, 15 хоногийн аялалын виз гарган өгч залилж байгааг анхаарна уу. Аялалын визийг цагаачлалын алба ажлын визээр сольдоггүй. Зөвхөн өвчтэй эсхүл зайлшгүй тохиолдолд визийн хугацааг сунгадаг.

Гурав. Японы хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ

Япон улсын хилээр орох ба гарахдаа 1 сая ба түүнээс их хэмжээний иен биедээ авч яваа бол Гааль, хилийн албанд энэ талаар мэдэгдэж, хилийн хуудсанд бөглөх ёстой. Их хэмжээний ам.доллар, евро зэрэг бэлэн валютыг иенд хөрвүүлэх нь хүндрэлтэй байдаг нь терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаатай нь холбоотой юм.

Дөрөв. Хилээр нэвтрэхдээ бусдаас ачаа авахгүй байх

Японд зорчихдоо бусдын дайвар зүйлсийг авахгүй байхыг онцгой анхаарна уу. Дайвар зүйлст элдэв хориотой зүйл байж болзошгүй тул хилээр хориглосон, хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх нь гэмт хэрэг юм.

Тав. Гадаад паспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байгаа эсэхийг шалгах

Зургаа. Япон улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүн:

Олон улсын жишгийн дагуу хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, түүх дурсгал, соёлын үнэт зүйлс зэргийг оруулахыг хориглосон байдаг. Мөн түүнчлэн дараах зүйлсийг хязгаарладаг.

Үүнд:

  1. Ургамал, амьтныг гаалиар оруулахаас өмнө хорио цээрийн хяналтын байцаагчид шалгуулсан байх ёстой.
  2. Эмийн төрлийн бүтээгдэхүүний хэмжээ 2 сар хүртэлх хугацаанд хэрэглэх хэмжээтэй байх
  3. Гоо сайхны бараа нэг төрлөөс 24 ширхэгээс дээшгүй байх
  4. Эзэмшлийн зөвшөөрөлгүйгээр ангийн буу, хийн буу, сэлэм зэрэг

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж үзнэ үү.  http://www.customs.go.jp/english/summary/prohibit.htm  

Долоо. Монгол иргэдийн хувьд гол төлөв хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор мах, махан бүтээгдэхүүн, чихэр, гурилан бүтээгдэхүүн, архи зэргийг хилээр оруулах, улмаар хураалгах тохиолдол түгээмэл байдаг. Тус улсын хилээр дараах хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглодог. Үүнд:

1. Мах, махан бүтээгдэхүүн

Японы хуулиар гарал үүсэл нь тодорхойгүй мах, махан бүтээгдэхүүн /үхэр, гахай, шувууны мах, махан бүтээгдэхүүн/ нэвтрүүлэхийг хориглодог. Сүүлийн үед МИАТ-ын онгоцны ачаанд нохой гүйлгэж, мах, махан бүтээгдэхүүн ихээр хурааж байгааг анхаарна уу.

2. Архи болон согтууруулах ундаа, тамхи болон бусад

Японы хилээр татваргүй оруулах архи, тамхи болон бусад зүйлсийн тоо, хэмжээг тогтоож өгсөн байдаг. Үүнд:

  • Архи, согтууруулах ундаа - 3 шил 
  • Навчин тамхи - 100 ш
  • Тамхи - 400 ш
  • Бусад төрлийн тамхи - 500 гр
  • Үнэртэй ус - 2 ш
  • Бусад - 200,0 мянган иен хүртэлх үнэ цэнэ бүхий зүйлс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46385
0 эможи
keyboard_arrow_up