Хэрхэн өөрт тохирсон стилийг бүрдүүлэх вэ?
Америкийн нэрт зохиолч Gore Vidal "Стиль гэдэг бол бусдад таалагдах албагүй гэсэн уриатай, чиний хэн, бас юу хэлэх гэснийг чинь тодорхойлдог зүйл юм" хэмээн хэлсэн удаатай. Иймэрхүү төрлийн ишлэлүүдээс харахад стиль, имиж гэдэг нь зөвхөн загварын тодорхойлолт бус хүний нэрийн хуудас мэт оршиж чаддаг нэр хүндтэй асуудал юм.
Стиль бол улирал тутамд өөрчлөгддөг загварын чиг хандлага биш, ямар ч дүрэмгүй, дагаж мөрдөхөд хэцүү биш чөлөөт ертөнц юм. Гагцхүү та өөрт таарсан, тохирсон, биед чөлөөтэй тэр зүйлийг олох хэрэгтэй.
1. Өөрийнхөө галбирыг зөв тодорхойлох
Энэ нь өөрийгөө тарган, туранхай, муухай биетэй, гоолиг гэж тодорхойлно гэсэн үг огтхон ч биш. Таны биеийн аль хэсэг илүү сайхан, бас аль хэсгээ далдлах хэрэгтэй, танд юу зохидог гэдгээ тодорхойл. Энэ бол сайхан хувцаслах бас сайхан харагдах хамгийн эхний алтан дүрэм.
2. Өөрт зохидог өнгөө мэдэх
Хүмүүс тэр бүр анзаараад байдаггүй ч өнгө хүний сэтгэлзүйд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Ийм учраас таны сэтгэл зүйн байдал ямар өнгийн хувцас өмсөхөөр яаж өөрчлөгдөж байна, ямар өнгө бас таны арьсны өнгө, зан ааштай зохицож байна гэдгийг зөв тодорхойлж түүнийхээ дагуу хувцаслаж эхэл.
3. Таалагддаг, эсвэл өөрийн хүсэж буй стильтэйгээ ойролцоо зургуудийг цуглуул
Цахим сүлжээ асар өндөр хөгжсөн өнөө үед янз бүрийн зураг интернетээр сонирхож хардаггүй хүн бараг л байхгүй. Тийм учраас та өөртэйгөө ижил төстэй стильтэй оддын эсвэл тийм төрлийн зураг утсандаа хадгалаад хувцаслалтын олон санаа аваарай. Үүний тулд загварын блогууд, Pinterest, Tumblr, LookBook гэх мэт загварын сонирхолтой санаануудаар дүүрэн байдаг сайтуудаар байнга зочил.
4. Өөрийн хувцаслалтад шүүмжлэлтэй ханд
Хувцасныхаа шүүгээг нээгээд сайн хар. Хэд нь танд үнэхээр зохидог сайхан хувцас, хэд нь "алдаа" мэт хувцас байна? Тэр "алдаа" хувцаснуудыг яагаад худалдан авсан талаараа сайн бод. Дараагийн удаа худалдан авалтандаа тийм төрлийн хувцас авахаас зайлсхийн, аль болох өөрт зохицдог буюу өөрийн стилийнхээ хувцсыг аваарай.
5. Худалдан авалт хийж байхдаа бас дахин бод
Хүссэн зүйл чинь зүгээр л таны нүдэнд гоё харагдсан эсвэл хямд учраас өөрт зохисон зохиогүй хамаагүй худалдаж авна гэдэг хамгийн буруу. Таараагүй хувцас хүнд хэзээ ч гоё харагддаггүй. Тийм учраас худалдан авалт хийхдээ бас дахин хянуур бодож, өөрт таарсан, мөн мэдээж өөрийн стилийн хувцсаа л худалдаж авахыг танд зөвлөе.
6. Загварын чиг хандлагыг дагах гэж буй бол зөвхөн өөрт тохирохоо л сонгох нь зүйтэй
Хувцаслалтандаа сүүлийн үеийн "мода"-наас бага зэрэг нэмэх нь хүнийг илүү ганган харагдуулах ч өөрт зохихоо л сонгох нь чухал.
7. Өөрийн тань стильд байж болох, хэрэгцээтэй хамгийн энгийн зүйлсээ худалдаж ав
Энэ нь ямар ч үед өөрийнхөөрөө, гоё сайхан харагдахад тусална. Үүнд дуртай өнгийн тань энгийн хувцсан дээр зохицох бусад зүйлс багтана.
8. Акссесуарны донжийг олж хэрэглэх, мөн өөрийн нэрийн хуудас мэт нэг гоёлтой болох
Хэрэв та нэг бугуйвч зүүх дуртай бол, тэр бугуйвчаа өөрийн нэрийн хуудас болтол нь байнга зүү. Хүмүүс таныг түүгээр тань таньдаг таны салшгүй хэсэг болтол дасал болгох нь тун сонирхолтой. Үүнээс гадна ямар ч энгийн хувцсыг гоёмсог харагдуулж чадах аксесуарын донжийг тохируулж хэрэглэх нь зүйтэй.