ТАНИЛЦ: Энэ намрын онцлох таван ТРЕНД

2017 оны 8 сарын 23

Тийм ээ, бид ч бас зун дуусч байгаад сэтгэл дундуур байна. Гэхдээ хувцас загварын тал дээр намар-өвлийн улирал хамаагүй илүү сонирхолтой бас өргөн сонголттой байдаг шүү дээ. Тиймээс шинэхэн авсан загварлаг пальтогоо өмсөхийн тулд нартай өдрүүдэд баяртай гэж хэлсэн ч яах вэ?

Жил бүрийн өдийд бүсгүйчүүд бид нэгэн хүндхэн асуудалтай тулгардаг. Тэр нь одооноос эхлэн дараа жилийн зун хүртэл өмсөх, загварлаг атлаа дулаахан гадуур хувцас хайж олох явдал юм. Монголын зун ердөө гуравхан сар (бодитоор яривал хоёрхон сар) үргэлжилж, жилийн бусад сарууд салхитай бас сэрүүхэн өнгөрдөг тул гадуур хувцас нь бидний хувьд их чухал үүрэг гүйцэтгэдэг. Аз болж энэ намрын улиралд дизайнерууд бидэнд маш өргөн сонголт санал болгож, хүн бүрийн сэтгэлд таарах, төрөл бүрийн трендүүдийг дэлгэрүүлж байна. Бид зөвхөн сонголтоо хийх л үлдлээ. Намрын таван гол трендийг тодотгосон энэхүү жагсаалтыг үзээд та анхны цасыг тэсэн ядан хүлээх болно гэдэгт итгэлтэй байна.

Хар хөх өнгийн давхар энгэртэй пальто

Улирал бүр эргэн ирдэг цэргийн сэдэв энэ удаад улам хүчтэй ноёрхох болно. Дизайнерууд ногоон гэхээсээ илүү хар хөх өнгийг онцолж, өвдөг давсан урттай, давхар энгэртэй пальто өмсөхийг уриалж байна. Цэргийн эсгүүрээр мэргэшсэн, түүхэн туршлагатай Burberry загварын ордон энэ трендийг дэлгэрэхэд чухал нөлөө үзүүллээ. Тэд олон жилийн турш цэргийн сэдэвтэй пальто ба цув урлаж байгаа ч энэ намарт зориулсан алтан товчтой, улаан кант бүхий оруулгатай загварууд нь шүүмжлэгчдээс онцгой магтаал хүртэж байна.

Хөвөнтэй куртка

Хоёр жилийн өмнө бид хөвөнтэй курткийг “загварлаг бус” катеорид хамруулдаг байлаа. Энэхүү загварыг өмсөх нь яг л хүйтний өмнө бууж өгөн, аргагүй сонголт хийж байгаа мэт санагддаг байсан шүү дээ. Харин энэ намар дизайнерууд бидний бодлыг орвонгоор нь эргүүлж байна. Хамгийн гол нь этгээд пропорцтой, тод өнгөтэй куртка сонгох хэрэгтэй. Ингэснээр та дулаахан ч байна, бусдын харцыг ч булаана.

Анхаарал татам үслэг хүрэм

Энэ улирлын үслэг хүрмүүд даруухан байх учиргүй. Тэд аль болох тод өнгөтэй, сонирхолтой хээ ба дүрстэй, этгээд загвартай байх ёстой хэмээн дизайнерууд зарлалаа. Хүн бүрийн анхаарлын төвд байхдаа бэлдэж, зоригтой сонголт хийгээрэй.

Лаакан арьсан тренч цув

Бороо, цастай намрын улиралд энэ чиг хандлага нь нэгэн зэрэг загварлаг бас практикт тустай байгаа биз? Хэрвээ та анзаарсан бол энэ жил ерөнхийдөө бусдаас өөр, өөрийгөө илэрхийлж чадсан, этгээд хэв маягууд моодонд орж байна. Ямар ч хил хязгаарыг хэтрэхээс айлгүй хувцаслах нь жинхэнэ орчин үеийн загварлаг бүсгүйн шинж чанар юм.

Ирвэсний хээтэй пальто 

Минимализмын ноёрхол суларсан энэ үед ирвэсний хээ нь нэгэн төрлийн саармаг өнгө болон хувирч байна. Загварын салбарын “It girls” энэ трендийг ямар ч хэмжээ хязгааргүйгээр өмсөж байгаа харагдана. Тэд хослол, даашинз, юбка гээд хөлөөсөө толгой хүртэл ирвэсний хээгээр бүрхэгдэж байна. Гэхдээ тэр дундаас ирвэсний хээтэй пальто нь хамгийн дэгжин сонголт юм. Энгийн жийнсэн өмд ба футболкатай хослуулж, хайхрамжгүй рок хатагтайн төрх бүрдүүлээрэй.


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46271
0 эможи
keyboard_arrow_up