МЭДҮҮШТЭЙ: Англи хэлээ сайжруулахад туслах 5 апп
Англи хэлийг сайн сурна гэж өөртөө нэг амлачихаад системтэйгээр эхэлж чадахгүй яваад л байдаг уу? Өдөр тутмын ажил амьдралдаа түүртээд нэг л орхигдуулчихаад байна уу? Ийм л үед технологийн үеийн хүн болохоо харуулж, аль хэдийн бидний амьдралын салшгүй хэсэг болсон ухаалаг гар утсыг ашиглах хэрэгтэй. Ингээд өнөөдөр бид, англи хэл сурах үйл явцыг өдөр тутмын дадал болгоход туслах 4 апп-ийг танилцуулж байна.
Vocabulary Builder
GRE, TOEFL, SAT зэрэг гадаадад сурахын тулд зайлшгүй өгөх шаардлагатай англи хэлний тестүүдэд хэрхэн бэлдье дээ гэж бодлогоширч байна уу? Үгсийн сангаа баяжуулах нь эдгээр шалгалтуудад амжилт үзүүлэх гол нөхцөлүүдийн нэг байдаг болохоор бид танд Vocabulary Builder from Magoosh-ийг санал болгож байна. Энэхүү апп нь мэргэжилтнүүдийн сонгосон 1200 гаруй үгсийг үе давдаг тоглоом хэлбэрээр цээжлүүлдэг юм. Vocabulary Builder нь үгсийн санг анхан, дунд, ахисан түвшнүүдэд хуваан үг бүр дээр жишээ өгүүлбэр оруулдаг болохоор өдөр тутам үгсийн сангаа баяжуулах бүрэн боломжтой болно.
Татах: iOS, Android
Busuu
Англи хэл сурах гэтэл юунаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл англи хэл дөнгөж сурч эхэлж байгаа хүмүүст Busuu гэх энэ апп тохиромжтой. Уг апп нь анхан шатны 3000 үгийн сан, дүрмийн хичээлүүдтэй. Харилцан яриа, асуулт хариулт, дасгалууд болон апп-ийн сошиал сүлжээний тусламжтайгаар та англи хэлний суурь мэдлэгийг эзэмших боломжтой.
Татах: IOS, Android
Elsa speak
Ярианы чадвар болон үгийн дуудлагаа сайжруулахыг хүссэн хүнд ELSA Speak апп тохиромжтой болов уу. Хиймэл оюун ухаанаар "зэвсэглэсэн" энэ апп нь таны хүссэн сэдвийн дагуу тодорхой өгүүлбэрийн дуудлагыг заан эргүүлээд ярилцдаг ажээ. Ингэхдээ тестийн тусламжтайгаар таны дуудлагын түвшинг үнэлэн, ямар төрлийн үгсийг дуудахад хүндрэл гарч байгааг тодорхойлж, зөвхөн танд зориулсан хөтөлбөр гаргадаг. Үүнээс гадна ELSA Speak нь зөвхөн үгийн дуудлагад зориулсан толь бичигтэй бөгөөд таны дуудлагын түвшний ахицыг харуулан, англи хэлний сонсох, ярих чадварыг хөгжүүлэх болно.
Татах: IOS, Android
English Listening And Speaking
Хэдий та дүрмээ сайн мэддэг, үгсийн сан ч муугүй бол сонсголоо сайжруулахад туслах English Listening And Speaking апп-ийг санал болгож байна. BBC Learning English болон VOA Learning English-ийн хичээлүүдийг багтаасан энэ апп-ийн тусламжтайгаар дотроо түвшингээр нь хуваан, өдөр тутамд хэрэглэгддэг өгүүлбэрээс авахуулаад Уинстон Черчиллийн яриаг хүртэл сонсох боломжтой. Ингэхдээ доор нь байрлах текстыг хамт уншин сонсох чадвараа хөгжүүлэх боломжтой юм. Үүнээс гадна англи хэлэнд түлхүү хэрэглэгддэг хэллэгүүд, хэлцүүдийн үлэмж цуглуулгаас сурч болох ажээ.
Татах: iOS, Android
LearnEnglish Grammar (UK Edition)
Англи хэлний дүрмийг судалж эхэлж буй хүмүүс гэлтгүй англи хэлийг тодорхой төвшинд эзэмшээд өөрийн мэдлэгийг сорихыг хүссэн хүмүүст уг апп хамгийн тохиромжтой. Англи хэлэнд байдаг маш олон дүрмийг нэгтгэн тест болон бусад хэлбэрээр хэлний мэдлэгийг сайжруулах боломжийг LearnEnglish Grammar апп олгодог.
Татах: iOS, Android
Unread-ийн өмнө нь санал болгож байсан апп, вэбүүдтэй мөн танилцаарай.
Memrise: Гадаад хэлийг зугаатай суралцъя
Гадаад хэл суралцагчдад зориулсан мэдүүштэй сайтууд
Таны утсанд байх ёстой англи толь бичгийн апп-ууд
Нийтлэлийг Ө.Насанбаяр