Эцэг, эхчүүд хүүдүүдийнхээ хамгий сайн НАЙЗ нь байх ёстой
Сүүлийн үед өсвөр насныхан болоод залуучуудын дунд амиа хорлолт ихэсч байгааг албаныхан анхааруулсаар байгаа. Тэднийг сэтгэл санааны тогтворгүй байдал, нийгмийн сөрөг муу нөлөөнөөс болж ихэнхдээ амиа хорлох болсон хэмээн сэтгэл зүйчид хэлж байгаа юм. Гэвч томчууд ч гэсэн тэднийг амиа хорлох үйлдэл рүү түлхэж байгааг тэр бүр ярьж, хэлэхгүй байгаа нь энэ үйлдлийг таслан зогсооход саад учруулж буйг зарим хүмүүс хэлж байна.
Харин биднийг ийнхүү сууж байх зуур цэцэг цэврүү шиг охид маань хоёр хоёроороо хорвоог орхих сонголтыг хийсээр байна. Та бүхэн санаж байгаа байх хэдхэн сарын өмнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Тuul one” хотхоны 14 давхраас ЕБС-ийн 12 дугаар ангийн хоёр охин үсэрч амиа хорлосон хэрэг гарч байсан. Тэд үсэрсэн байрныхаа ханан дээр “Нөхөрлөл мандугай” гэж бичсэн нь анхаарал татав. Амиа хорлосон охидуудын хувьд хичээл сурлага сайтай, ар гэрийн хүмүүжил сайн урлаг спортод байнга амжилт гаргадаг байсан мундаг хүүхдүүд байсан тухай ангийн нөхөд нь ярьж байлаа. Гэтэл тэд нэг л өдөр хэний ч төсөөлж чадахгүй тийм шийдвэр гаргаад хорвоог орхичихсон. Тэгвэл өчигдөр цайны цагаар нэгэн харамсалтай мэдээ цахим ертөнцөөр тархаж мөн л арван хэдэн настай хоёр охин Эрдэнэт хотод есөн давхар байрны дээрээс хамтдаа үсэрч, эмнэлгийн орон дээр амь гарахын төлөө тэмцэж байна.
Тэгвэл охид юуны учир ийнхүү амиа хорлох сонголт хийж байна вэ. Хүн болж төрнө гэдэг ширхэг зүүн дээр арвай будаа тогтоохтой ижил ховор хувь тохиол гэдэг. Гэтэл аав ээжийнхээ өврөөс гараагүй, амьдралд хөл тавьж амжаагүй хүүхдүүд яагаад амьдралаас уйдаж, амиа бүрэлгэнэ вэ.
Хүн болж төрнө гэдэг ширхэг зүүн дээр арвай будаа тогтоохтой ижил ховор хувь тохиол. Үүний шалтгааныг сэтгэл зүйчид өсвөр насныхны “хямрал” гэж тайлбарладаг. 10-аадхан настай хүүхдүүдээ хайр дурлалаас болж зовж шаналаад явааг нь эцэг эхчүүд тэр бүр мэддэггүй. Гэтэл “Энэ насанд бэлгийн бойжилт явагддагтай холбогдон эсрэг хүйстэндээ татагдаж эхэлснээр хайр дурлал үүсдэг” гэдгийг сэтгэл зүйчид анхааруулж байна.
Бид энэ талаар сэтгэлзүйч Ж.Үйлстээс тодруулахад “Өсвөр насныхны хувьд аав ээж нь хэт завгүй, үр хүүхэдтэйгээ ярилцдаггүй, дотоод сэтгэлийг нь уудалж, онгойлгоогүйгээс, ангийнхан дундаа байр сууриа олж чадахгүй, найз нөхөдгүй байх нь тэднийг сэтгэлд гуртралд оруулах хамгийн том шалтгаан болдог. Мөн өсвөр насныхан хайр дурлалын асуудалтай учрахаараа сэтгэл гутралд амархан ордог. Энэ нь цаашлаад буруу алхам хийхэд хүргэж байна. Гэр бүлийн уур амьсгал таарамжгүй байгаа нь хайр дурлалын асуудлаасаа болж сэтгэлээр унаж байгаа хүүхдэд амиа хорлоход нь сэдэл болж өгдөг. Гэр бүлээсээ мэдэрч чадахгүй байгаа тэр хайрлагдах сэтгэлээ өөр хэн нэгнээс авахыг хүсдэг. Ингээд найз хөвгүүн, охинтой болж, хайрлуулахыг хүсдэг. Тэр нь л өөрийг нь хорвоогийн төв гэж харж, маш ихээр хайрлах ёстой гэж үздэг. Ингээд харамсалтай нь салалт гэдэг зүйлтэй тулгарах юм бол энэ нь маш хүндээр тусдаг. Өөрөөр хэлбэл гэр бүлээсээ авч чадаагүй зүйлээ өөр хүнээр орлуулахыг хүсээд тэр нь бүтэлгүйтвэл тухайн хүүхдэд гарах гарцгүй санагдаж, сэтгэл гутралд ордог. Тэгэхээр гэр бүлийн уур амьсгал өсвөр насныханд хамгийн чухал” гэлээ.
Мөн сэтгэл засалч эмч Д.Эрдэнэбаатар энэ асуудалтай холбогдуулан дараах зөвлөгөөг хүргэж байна. “Энэ бол хувь хүний хөгжлийн жам гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй Хэдийгээр өөрсдийнх нь үеийн нийгэм, хүмүүжил өөр байсан ч бүгд шилжилтийн насыг дайрч гарсан байгаа. Одоо үед 11, 12 наснаас өсвөр нас эхэлж байна. Энэ насандаа хүүхэд өөрийн үзэл бодолтой, бие авч явах байдал нь төлөвшиж, өөрийн хүрээлэлтэй болсон байдаг. Гэвч энэ байдал нь эцэг эхийнх нь харилцаа хандлагатай зөрчилддөг. Эхчүүд хүүхдээ сонсохын оронд аав, ээж гэдэг утгаараа өөрийн үзэл бодлоо туйлын зөв гэж үзэн тулгах хандлага байдаг.Өсвөр насныхан нийгэмд бие даах чадварын суурь тавигдаж, өөрийгөө илэрхийлэх нь нэмэгдэж, дасан зохицох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг дааврын ялгарал явагдаж гэдгийг сайн ойлгоорой гэж байв
Одоогийн хүүхдүүд чөлөөт сэтгэлгээтэй, өөрийн үнэлэмж өндөр, тэмүүлэлтэй амбицтай болсон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Ийм мундаг хүүхдүүд өсч байна гэдгийг эцэг эхчүүд мэдэхгүй сайн талаас нь илүү мууг нь харж, буруутгах байдал их байна. Тиймээс эцэг эхчүүд сэттэлгээний хайрцгаа өөрчлөхгүйгээр хүүхдээ ойлгож харьцаж чадахгүй. Хүүхдийнхээ идэх хоол өмсөх хувцсыг бэлдэхээс илүү оюун санаа, сэтгэл зүрхний гүнд нэвтэрч, тэнд юу дугагдаж байгааг мэддэг болох нь өнөөгийн эцэг эхчүүдийн чухал үүрэг юм.
Хүүхдээ сэтгэлзүйн дархлаатай болгон хүмүүжүүлжчадсан цаггэнэ нийгмийн олон асуудал, төрөл бүрийн донтолтоос аварч чадна гэдгийг мэргэжлийн сэтгэл зүйчид сануулж байна. Өсвөр насны хүүхдийн хамгийн ойр дотно хүн бол найз нь байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ найз болох хэрэгтэй. Өсвөр насны синдромыг тойрч гарсан хүн байхгүй байх. Тиймээс хүүхдээ ойлгож мэдэрч, ухаарлын нүдээр хүүхдээ харж ойлго мэдэр.
Эцэст нь аз жаргалтай, элэг бүтэн гэр бүлд өссөн хүүхэд сэтгэлийн хаттай болж амьдралын нугачаанд нугардаггүй юм шүү гэдгийг Д.Эрдэнэбаатар эмч зөвлөж байна.