ШИЛДЭГ ЗӨВЛӨГӨӨ: Эрүүл мэндийнхээ төлөө хийж болох 6 энгийн зүйл
Бага зэргийн өөрчлөлт таны эрүүл мэндэд маш их ач тустай болохыг шинжлэх ухаан баталсан. Уламжлалт бус цагийн хуваариар олон цаг сууж ажилладаг энтрепренерүүд эрүүл мэнддээ сайн анхаарал тавих хэрэгтэй. HuffingtonPost-н сэтгүүлчид салбартаа нэр хүндтэй эрдэмтэдтэй холбогдон энгийн мөртлөө онцгой үр дүнтэй эрүүл мэндийн зөвлөгөөнүүдийг нийтэлсэн болохыг та бүхэнд хүргэж байна. Эдгээр аргыг та өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх боломжтой.
#1. ХАР ШОКОЛАДНЫ ГАЙХАМШИГ
Колумбын Их Сургуулийн доктор Mehmet Oz: Бүтээмж буураад нэг тийм дорой, үлбэгэр болоод байна уу. Аль эсвэл ямар нэг амттай зүйл идмээр болоод байвал бага зэрэг хар шоколад идэхийг зөвлөж байна. Тэр тусмаа 70%-н какаоны агууламжтай хар шоколад. Какао өөртөө зүрх, судасны үйл ажиллагаанд нэн тустай флаванол хэмээх уурагт бодисын нэгдлийг агуулдаг юм. Энэ нь даралт тогтворжуулах, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, чихрийн шижингээс сэргийлэх гээд олон ач тустай. Мөн кафейнаас нь та эрч хүч, сэргэлтийг олж авах боломжтой хэмээн зөвлөж байна.
#2. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХИЙГ ДАСГАЛ МЭТЭЭР БҮҮ ОЙЛГО
Cornell-н их сургуулийн доктор Brian Wansink нэгэн сонирхолтой судалгааг явуулсан байна. Түүний баг хэсэг бүлэг хүмүүсийг хоёр хэсэгт хуваан хэдэн километр замыг туулуулсан туршилт хийжээ. Тэд эхний хэсэг хүмүүст үүнийгээ дасгал хэмээн ойлгуулсан байна. Харин нөгөө хэсэгт нь үүнийг ердөө байгалийн сайхныг харах зугаалга хэмээжээ.
Алхаад ирсний дараагаар бүгд хоолонд оров. Зугаалга хэмээн ойлгож явсан хүмүүс дасгал гэж бодсон хүмүүсээс 35 хувиар бага дессерт захиалж идсэн байна. Хэрвээ хүн биеийн идэвхтэй хөдөлгөөнийг дасгал мэтээр бодож хийвэл сүүлд нь өөрийгөө шагнах хандлагатай байдаг аж. Хэрвээ та үүнийг ямар нэг сайхан үйл явдал, баярт явдал мэтээр хийх аваас ижил хандлагаар хандахгүй. Жишээлбэл та өөртөө ингэж хэлэх ч юм уу. “Ихэнх хүмүүс 40 насан дээрээ над шиг ийм зүйлийг хийж чадахгүй байх" гэх мэт.
#3. АРЬСАА ВИТАМИН С-ГЭЭР ТОРД
Нью-Йорк хотын арьс өнгөний эмч Judith Hellman: Би витамин С агуулсан чийгшүүлэгч хэрэглэдэг. Энэ нь арьсан дахь колагены нөхөн төлжилт, арчилгаанд эерэг нөлөөтэй. Юун түрүүнд ямар нэг сөрөг үр дүн үзүүлэх эсэхийг шалгах үүднээс дор хаяж 10 хувийн витамин С агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Тухайн бүтээгдэхүүн гэрэл нэвтрүүлдэггүй, битүү савлагаатай үгүйг сайн нягталж үзээрэй. Тийм биш аваас үр дүн гарахгүй.”
#4. БЯСАЛГАЛ
Мэдрэлийн мэс засалч, доктор Sanjay Gupta: Би бясалгал хийх гэж маш их оролдсон боловч бүтээгүй. Хэдийгээр би шаргуу оролдсон ч бодлоо цэгцэлж чадаагүй. Мастер Deepak Chopraхүртэл надад заах гэж оролдсон ч миний оюун бодол дэндүү эмх замбараагүй байсан. Дараагаар нь би Benson-Henry Институтыг үүсгэн байгуулагч доктор Herbert Benson-тай танилцсан. Тэр надад маш үнэ цэнэтэй хэдэн зөвлөгөөг өгсөн: Үнэндээ бол гол түлхүүр нь оюун ухаанаа хоослоход биш юм. Харин тайван бус болгодог тэр зүйл дээрээ төвлөрөх юм. Ихэнхдээ энэ бүхэн усны урсгал, далайн эрэг гэх мэт зураглалыг бодохыг зөвлөдөг. Тиймээс би үүнийг тайвшрал гэх үгээр дүрсэлж тус үгэн дээр л төвлөрөх болсон. Одоо бол би 15 минутын турш бясалгаж чаддаг болсон.”
#5. ХҮНСНИЙ НОГОО ИХ ИД
Health and Eating Lab at the University of Minnesota–н үүсгэн байгуулагч, Доктор Traci Mann: Маш олон төрлийн, шим тэжээлтэй хүнсний ногоо бий. Хүмүүс хоолныхоо ногоог идээгүй орхисон тохиолдол их гардаг. Тиймээс бид аливаа хоолныхоо ногоог нь түрүүлж идэх зарчмыг баримталсан юм. Оюутнууд дээр энэхүү судалгаагаа явуулахад тэд илүү их ногоо идэхийн хэрээр илүү бага калори авч байсан. Аль аль талдаа ашигтай загвар гэж хэлж болно.
#6. УНТАЖ АМРАХЫГ УРЬТАЛ БОЛГО
Зүрхний эмч, доктор Tara Narula: Олон жилийн өгөгдөл дээр үндэслэн нойр зүрхэнд хэрхэн яаж нөлөөлж буйг судлахад, нойрны дутагдал(6 эсвэл 7-оос бага цаг унтах) нь зүрх зогсох, цус харвах гэх мэт өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Тэр тусмаа ажилтай, хүүхэдтэй хүмүүсийн хувьд бүтэн нойртой хононо гэдэг бэрх асуудал байх. Гэхдээ би өдөрт дор хаяж 7 цаг унтахыг урьдал болгосон. Хэрвээ хангалттай нойр аваагүй л бол өглөөний бэлтгэлээ хүртэл цуцална.