Өглөөний цай яагаад ЧУХАЛ вэ?
Зөв зохистой хооллолт бол эрүүл амьдралын салшгүй нэг хэсэг юм. Эрүүл хооллолт гэдэг нь чанга хатуу хоолны дэглэм барих, хэтэрхий туранхай байх, хоол хүнснийхээ хэрэглээг хязгаарлаж, дуртай хоол хүнснээсээ татгалзана гэсэн үг биш юм. Харин хоол, хүнсээ зөв сонгон, зохистой бэлтгэн хэрэглэж, түүгээрээ дамжуулан таатай мэдрэмж, эрч хүч авах явдал билээ.
Эрүүл хооллолт нь хоол хүнсээ зөв танин мэдэх, зөв хооллох дадалд суралцах, эзэмшихээс эхлэх бөгөөд таны юу идэж байгаа төдийгүй, ямар хэмжээгээр идэж байгаагаас ихээхэн шалтгаална. Хоол хүнснийхээ зүйлийг зөв сонгож, зохистойгоор хэрэглэх нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэлийг багасгах төдийгүй, сэтгэл санааны хямралд орохоос урьдчилан сэргийлж чадна. Үүний зэрэгцээ зөв хооллож сурснаар таны эрүүл мэнд, ой ухаан сайжирч, эрч хүч нэмэгдэж, сэтгэл санаа тань тогтвортой болно.
ЭРҮҮЛ, ЗӨВ ХООЛЛОХ ЗӨВЛӨМЖ
1. Эрүүл хүнсний талаар мэдлэгтэй байж, эрүүл хооллох дадал эзэмших, шийдвэр гаргах сэтгэлзүйн бэлтгэлтэй байх
2. Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг давамгайлан хэрэглэх
3. Хэрэглэж байгаа хоол хүнсний ихэнх хэсэг нь цардууллаг байхаас гадна эслэг агуулсан байх хэрэгтэй.
4. Төрөл бүрийн жимс, жимсгэнэ, хүнсний ногоог илүү их хэрэглэх
5. Сүү, сүүн бүтээгдэхүүн, загасны мах, ногоон өнгийн навчит ургамал зэрэг кальци ихээр агуулдаг бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх
6. Өөх тос, сахарын хэрэглээг хязгаарлах
7. Давсыг бага хэрэглэх
8. Аль болох цэвэршүүлсэн бүтээгдэхүүний хэрэглээг багасгаж байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн хэрэглэх
9. Хөдөлгөөний хомсдолгүй, илүүдэл жингүй байх
10. Ус ихээр хэрэглэх
11. Өглөөний цайгаа заавал уух
ӨГЛӨӨНИЙ ЦАЙ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Өдрийн амжилт, үр бүтээл өглөөг хэрхэн угтсанаас шалтгаалдаг. Тухайн өдрийн эрч хүч, тархины ажиллагаа өглөө юу идэж, ууснаас ихээхэн хамааралтай.
Шинжлэх ухааны нотолгоогоор өвчин туслаа гэдэг нь био хэмнэл алдагдсан гэсэн үг. Хэмнэл алдагдах нь амьдралын дэглэм, зөв хооллолттой холбоотой гэнэ. Хүн 100 тэрбум орчим эсээс бүтдэг гэж эрдэмтэд тооцоолжээ. Шөнө унтаж байх явцад эсийн нөхөн сэргээлт явагддаг байна. Эс хуваагдаж, муу эсээ устгаж, шинээр сайн эсийг төрүүлж байдаг. Шөнөжингөө ажилласан эсүүд урьд өдөр нь хүний идсэн хоолноос өөрт хэрэгтэй шим тэжээлээ авч хэрэглэчихсэн байдаг. Эс амьд, мөн ухаантай. Өөрт хэрэгтэй гэсэн тэжээлээ л хэрэгцээтэй тоо хэмжээгээр авч хэрэглэдэг. Хэзээ ч маргааш хэрэглэнэ гэж нөөцөлдөггүй. Иймээс өглөө босонгуут л “тэд” биднээс ажлынхаа хөлс болгож 114 төрлийн шинэ тэжээл, хоол нэхэж байдаг. “Тэд” биднийг амьсгал хураатал ажиллах бөгөөд өглөө бүр биднээс хоол тэжээлээ нэхсээр л байх болно. Хэрвээ тэр нэхэж байгаа үед нь л хэрэгтэй бодисыг нь өгч чадахгүй бол эс өвчилдөг, эсийн буруу өсөлт буюу мутаци явагддаг. Мутаци явагдсанаар хавдрын болон үрэвслийн эсүүд олноор үржиж бий болдог. Ингээд хүн өвддөг. Өглөө эсдээ хэрэгцээтэй хоол тэжээлийг нь өгч чадвал бие организм сэргэлэн цовоо, эрч хүчтэй болж эхэлдэг. Хэрвээ өгөхгүй бол ямар ч эрч хүч байхгүй, хүний бие унтаа байдалтай байдаг ажээ.
ДЭМБ-ын судалгаагаар “Өглөөний унд хүний өдөр тутмын эрч хүчний 25% өгдөг” гэдгийг баталсан байгаа. Эрдэмтдийн судалснаар таргалалттай хүмүүсийн 75% нь өглөөний ундаа уудаггүй зуршилтай байдаг. Турах хүсэлтэй эмэгтэйчүүдийн гол алдаа бол өглөөний цайг цэснээс хасчихдаг явдал юм. Ингэснээр турахад нөлөөлнө гэвэл эндүүрэл. Учир нь өглөө амандаа юу ч хүргээгүй хүн үдийн цайны үед хэтрүүлэн идчихдэг.
Хэдийгээр хүн бүхэн өглөөний цайгаа уух нь эрүүл байхад сайнаар нөлөөлдөг гэдгийг мэддэг ч бидний биеийн хэлбэрт хүртэл нөлөөлдөгийг тэр бүр мэддэггүй шүү дээ.
Minnesota –н нийтийн эрүүл ахуйн сургуулийн судлаачид өсвөр насныхан өглөөний цайгаа тогтмол ууж занших нь тэдний бие бялдарын хөгжилд сайнаар нөлөөлөн жинг нь хэвийн хэмжээнд барьж байхад тусалдгийг тогтоосон аж.
АНУ-ын судалгаанаас үзэхэд өглөөд сайн хооллодог оюутнуудын сурлага илүү сайн байдаг байна. Өглөө босоод сайн хоол идэх нь бие махбодь ба оюуны хөдөлмөр хийхэд эрч хүч өгдөг.
ӨГЛӨӨНИЙ ЦАЙНД ЮУ ХЭРЭГЛЭВЭЛ ЗОХИСТОЙ ВЭ?
• Жимс, уураг ихтэй хоол нь өдрийн эрч хүчийг өгөх болно. Цэвэр жүрж, болон алимны шүүс нь өглөөний унданд хамгийн тохиромжтой. Өндөг бол хангалттай бага илчлэгтэй хэр нь уургийн хамгийн сайн эх үүсвэр. Хүнс судлаачид өдөрт нэг ширхэг өндөг идэхийг зөвлөдөг. Ингэхдээ чанасан өндөг, өндөгний нухаш, омлет гээд ямар ч аргаар боловсруулан хэрэглэж болно.
• Өглөө хэт их чихэрлэг зүйл идэх нь тохиромжгүй. Учир нь цусан дахь холестирины хэмжээг огцом нэмэгдүүлдэг талтай.
• Өглөөдөө хагас бэлэн бүтээгдэхүүн хэрэглэвэл дээр үү, эсвэл шинэхэн бэлтгэсэн хоол хүнс сонговол дээр үү? Мэдээж шинэхэн ногоо, жимс, эрдэс бодис бүхий хүнсийг сонгох хэрэгтэй.
• Төрөл бүрийн эрдэс бодис, аминдэмээр баялаг үр тариа, будаа нь өглөөний унданд хамгийн тохиромжтой. Будааны зутан идэх нь жингээ барих хүсэлтэй хүмүүст хамгийн зөв сонголт болно. Сүүтэй овсянк, хүүхдийн будаа бүхий каша нь зүрхний өвчин, чихрийн шижин тусах магадлалыг эрс бууруулдаг.
• Талх бидний хоол хүнсэнд онцгой байрыг эзэлдэг. Ялангуяа өглөөний унданд. Эрүүл хүний хувьд өдөр тутмын хооллолтыг талхгүйгээр төсөөлөх аргагүй. Хүнсний бүтээгдэхүүн дотроос хамгийн онцгой шинж чанарыг талх л агуулдаг. Талх нь ургамлын гаралтай уургийг агуулснаараа хамгийн үнэ цэнэтэй хүнс болдог. Уургаас гадна метионин, лизин гэсэн аминхүчлүүдийг агуулна. Цагаан талх бус харин хөх тарианы хар талх сонгож идээрэй. Улаан буудайн талханд хөх тариагаар хийсэн талхыг бодвол уураг илүү их хэмжээгээр агуулагддаг. Талханд нүүрс ус 40 – 50 хувьтай байдаг төдийгүй В-гийн төрлийн аминдэмийн эх ундарга болж, кали, кальци, магни, натри, фосфор, төмөр зэрэг эрдэс бодисыг агуулдаг.
Талх бол маш өндөр калори бүхий хүнс. Дээд гурилаар хийсэн зуун грамм талх 233 ккал байдаг бол хөх тарианых 190 ккал байх жишээтэй. Бага калори бүхий хөх тарианы талх эрүүл мэндэд илүү тустай байдаг. Гэхдээ ходоодны шарх, ходоодны архаг үрэвсэл, арван хоёр нугалаа гэдэсний өвчлөл, ходоодны хүчил ихэссэн үед хар талх идэх нь тохиромжгүй. Энэ тохиолдолд цагаан талх, хатаасан талх идэх нь илүү тохиромжтой. Эмчилгээний зориулалттай талхыг дээд зэргийн гурилыг хивэгтэй холин хийдэг. Ингэснээр аминдэм ихээр агуулах боломжтой болдог тул судасны хатуурал, өтгөн хатах, даралт ихдэх үед илүү тохиромжтой байдаг. Давсгүй талх нь бөөрний өвчин, зүрх судасны зарим төрлийн өвчний үед хэрэглэхэд тустай.
• Ханасан тос агуулсан хоол, ялангуяа давс, өөх ихтэй махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байвал сайн. Хэрвээ та өглөөгүүр мах идэх дуртай бол өөхгүй махыг л сонгоорой. Тахиа, загасны мах бол бүр сайн. Туна загастай, нимгэн майонез түрхсэн хачиртай талх нь тосны хүчил омега–3 –ийн хамгийн сайн эх үүсвэр болдог юм.
ӨГЛӨӨД ХААН ШИГ ЗООГ БАРЬЖ, ӨДӨРТ ХААН ШИГ ХООЛЛОЖ, ОРОЙД ГУЙЛГАЧИН МЭТ ИДЭЖ БАЙГТУН.