Зуны амралтаараа юу хийх вэ?
Томчууд, хүүхдүүд гэлтгүй зуны улиралд манайхан аль болох ая тухтай амрахыг хичээдэг. Зарим нь гэр бүлээрээ хөдөө аялж, зугаалж өнгөрөөдөг бол зарим нь ажил, гэр хоёрын хооронд амрах завгүй гүйсээр намрыг угтдаг. Нэг хэсэг нь зав байлаа ч юу хийхээ мэддэггүй. Энэ тэндхийн дугуйлан секцэнд хүүхдээ явуулах эсэхдээ эргэлзэж суудаг. Тиймээс хүүхдийнхээ зуны амралтыг хэрхэн үр дүнтэй өнгөрөөхөд тань тус болох зарим мэдээллийг сонирхуулж байна.
ЗУСЛАНД ГЭР БҮЛЭЭРЭЭ АМАРЧ БОЛНО
Сурагчдын зуны амралт дундаа орж байгаа энэ өдрүүдэд амралтаа зугаатай, үр дүнтэй өнгөрөөх хүсэл хүүхэд бүрт бий. Тэдний энэ хүслийг биелүүлэхээр улсын хэмжээнд 50 гаруй, нийслэлийн хэмжээнд 20-иод зуслан нэг, хоёрдугаар ээлжийнхээ амрагчдыг авч эхэлжээ. Энэ жил хүүхдийн байгууллагууд гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллаж буй учраас зуслангууд ч мөн адил амралтынхаа энэ хугацаанд гэр бүлийн гишүүдэд зориулсан сургалтыг ч мөн адил явуулахаар болжээ. Монголын зуслангуудын холбооноос бүлгийн багш, ахлах удирдагчдад холбогдох сургалтыг зохион байгуулж, үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Тухайлбал, цэвэр агаар, тохилог орчинд хүүхэдтэйгээ амарч болох “Хусхан”, “Сэлбэ”, “Тэлмэн”, “Жавхлант” зэрэг зуслан байна. Эдгээр зуслан нь сурагчдын амралтанд зориулж зөвхөн сурагчдад хямдралтай үйлчлэх тарифтай, шинэхэн сурагч болох зургаан настангууддаа онцгойлон бэлэг барьж, өдөр бүр ядаргаа тайлах массаж болон ясны шөлөнд оруулах зэрэг онцгой бэлэгтэй юм байна.
ХҮҮХДИЙН ОРДНЫ ЗУНЫ СУРГАЛТ ӨНӨӨДӨР ДУУСНА
Монголын хүүхдийн ордны зуны сургалтуудыг эцэг, эхчүүд олонтаа асуудаг. Тэгвэл энэ жил тус төвийн зуны сургалт дугуйлангууд энэ сарын 5-ныг хүртэл хичээллээд дуусч байгаа ажээ. Харин ирэх хичээлийн жилд есдүгээр сарын 4-өөс намрын сургалтдаа хүүхдүүдээ бүртгэж эхэлнэ. Нийт 30 гаруй төрлийн дугуйлан хичээллэх бөгөөд 4000 гаруй хүүхэд элсэн ордог гэдгийг албаныхан хэлж байна. Мөн ирэх намар бүртгүүлсэн хүүхдүүдээс сонгон шалгаруулалт явуулах бөгөөд есдүгээр сарын 11-нд нээлтээ хийснээр албан ёсоор эхлэнэ гэв. Ирэх хичээлийн жилд буюу есдүгээр сард урлаг уран сайхны дугуйлан буюу бүжгийн, дуулаачийн, драмын ерөнхий эрдмийн хичээлүүд мөн англи, япон, солонгос хэлний хичээлүүдээс сонгон суралцах боломжтой. Шатар даамны сургалтуудаас ч сонгон суралцаж болно гэв.
УРЛАН БҮТЭЭХ ТӨВИЙНХӨН РОБОТЫН АНГИ ШИНЭЭР НЭЭНЭ
Гавьяат багш Б.Цэрэндоржийн нэрэмжит Монголын хүүхдийн урлан бүтээх төвд одоогоор зуны сургалт байхгүй байна. Сурагчдын амралттай зэрэгцээд зуны гурван сард амардаг гэв. Харин шинэ хичээлийн жилийн элсэлтээ есдүгээр сарын 1-нээс авна. Бүртгэл есдүгээр сарын 15-нийг хүртэл өдөр бүр 09.00-17.00 цагийн хооронд Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд болно. Харин есдүгээр сарын 17-ноос хичээл эхэлнэ. Суралцагчид 2-5 жилийн хугацаатай суралцах бөгөөд үнэ төлбөргүй. Харин бүртгэлийн хураамж 20-40 мянган төгрөг байдаг. Тус төв уран зураг, монгол зураг, хүүхэлдэй, бэлэг дурсгал, сүрлэн урлал, хувцас дизайн, эсгий урлал, баримал, ханын чимэглэл, сийлбэр, баримал керамик, уран хайчилбар, арьсан урлал, уран дархан зэрэг төрлөөр 17 ангид элсэлт авах юм байна. Мөн шинэ хичээлийн жилд роботын анги шинээр нээгдэнэ гэдгийг тус төвийн мэргэжилтэн Н.Долгорсүрэн танилцууллаа.
УСАН БАССЕЙНУУД ЭРЭЛТ ИХТЭЙ БАЙНА
Зуны улиралд усан спортоор хичээллэхэд хүний зүрх судсанд ачаалал бага өгч биеийг эрүүлжүүлж, хөдөлмөрийн чадвар түр алдалтыг бууруулдаг гэдэг. Тэр дундаа нөхөн сэргээх эмчилгээ буюу эмчилгээний сэлэлтийг бүх эмнэлэг, урьдчилан сэргийлэх ба нөхөн сэргээх байгууллагууд буюу эмнэлэг, сувилал янз бүрийн үе шаттай явуулдаг байна.
Тухайлбал, бие султай хүн, хүүхдүүдэд эрүүлжүүлэх сэлэлтийг тусгай ангилж, зохион байгуулагчийн хатуу хяналт дор бэлтгэсэн программын дагуу явуулснаар эмчилдэг төдийгүй усан дотор идэвхтэй хөдөлгөөн хийснээр бодисын солилцооны үйл ажиллагаа идэвхжин оюуны болон биеийн хөдөлмөрийн бүтээмж дээшилдэг гэдгийг усан бассейны багш нар хэлж байна.
Улаанбаатар хот дотор үйл ажиллагаагаа явуулдаг усан спорт сургалтын төвүүдийн хаяг, үнэ ханш зэрэг ерөнхий мэдээллийг сонирхож үзлээ. Ихэнх бассейнуудын үнэ ханш нэг удаа 20-50 мянган төгрөг, хүүхэд багачууд бүтэн сар хичээллэх нь 150-180 мянган төгрөгийн төлбөртэй байна.