ЭРЧҮҮД арьсаа арчлахдаа юуг анхаарах вэ?
Бусдад таатай сэтгэгдэл төрүүлэхэд таны арьс хамгийн чухал нөлөө үзүүлдэг гэдэгтэй санал нийлэх биз. Зарим эрчүүдийн арьс арчилгаа нэг удаагийн сахлын хутга, хямд саван зэргээр хязгаарлагддаг. Гэтэл тэд арьсандаа үүнээс илүү анхаарал тавих шаардлагатай байдаг. Эрүүл сайхан арьстай байх талаар Канадын Арьс судлалын холбооны арьс судлаач Иэн Ланделлс эрчүүдэд эдгээр зөвлөгөөг хүргэж байна.
Сахлаа ургалтын эсрэг чигт хусахгүй байх
Эрчүүд сахлаа хусах явцдаа үсний ургалтын эсрэг чигт хусах нийтлэг алдаа гаргадаг. Иэн Ланделлс эмчийн зөвлөснөөр, “Ихэнх эрчүүд сахлаа үсний ургалтын эсрэг чигт хусахаар сахлын үс илүү сайн авагдаж байна гэж боддог. Гэтэл энэ нь нөгөө талаараа сахлын хутганы ир үсний уутанцрыг зүсч, үрэвсүүлдэг.” Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? “Сахал илүү саадгүй, зөөлөн хусагдаж байгаа чигт дагуулан сахлаа хусаарай. Сахлаа хусах явцдаа нэг хэсгийг олон дахин хусахгүй байхыг хичээгээрэй.” гэжээ.
Нүүрээ усаар чийглэхээс эхлээрэй
Нүүрээ чийглээгүй, хуурай чигээр нь сахлаа хусах маш их өвддөг. Хуурай арьс сахлын хутга хооронд үрэлт үүссэнээр арьсаа зүсэх, арьсан дээр батга гарах, үс дотогшоо ургах асуудал үүсдэг. Усаар чийглээгүй, хуурай нүүрэн дээрээ сахлын хөөс түрхлээ ч адил үр дагавар дагуулна.
Үүний оронд нүүрээ зүгээр л сайхан усаар булхчихад таны арьс танд "баярлах" болно. “Эмзэг, мэдрэмтгий болон сахлаа хусахдаа зарим нэг хүндрэлтэй тулгардаг эрчүүдэд би шүршүүрт орж байхдаа эсвэл шүршүүрээс гарсан даруйдаа сахлаа хусахыг зөвлөдөг. Яагаад гэвэл энэ үед арьс, үс зөөлөн, дуулгавартай болсон байдаг учраас сахлаа хусах үйл явц илүү амар болдог.
Арьс нойтон, бүлээн байхад та сахлын гель, сахлын хөөс зэргийг ашиглан арьс үсээ нэмж зөөлрүүлэх боломжтой. Эдгээрийг түрхээд минут хэртэй байлгасны дараа сахлаа хусч эхэлж болно.” хэмээн арьс судлаач Иэн Ланделлс онцоллоо.
Сахлын хутгаа зөв сонго
Дөрвөн иртэй, таван иртэй, зайгаар ажилладаг гээд сүүлийн үед сахлын хутга янз янзаараа худалдаанд гарах болсон. Жил болгон л компаниуд сахлын хутганы ирээ илүү олон болгон шинэчлэн гаргаж байгаа ч эмзэг, батга гарамтгай, үс нь дотогш ургадаг сахалтай эрчүүдийн хувьд хутганы ир цөөн байх нь илүү тохиромжтой. “Үс дотогш ургах асуудал ихэнхдээ буржгар үстэй, үс нь бүдүүн ширхэгтэй, эсвэл үснүүд нь өөр өөр чигт ургадаг эрчүүдэд тохиолддог.
Үс нь жаахан ургаад ирэнгүүт багасгахаар нөгөө жижиг богинохон үснүүд нь хажуугийнхаа арьс руу өргөс аятай л шигдэн орж, улаан булдруу үүсгэдэг. Олон иртэй сахлын хутга нь олон дахин сахлаа хусах дургүй хүмүүст таатай байж болох ч сахлынх нь үс дотогш ургаад байдаг асуудалтай эрчүүдэд хоёр иртэй сахлын хутга ашиглах нь илүү ээлтэй.” хэмээн Иэн Ланделлс эмч зөвлөж байна.
Түүнчлэн никелийн харшилтай эсэхээ анзаарахыг зөвлөжээ. Хэрэв тийм харшилтай бол титанаар хийгдсэн сахлын хутга хэрэглэх нь зүйтэй гэнэ.
Сахлаа хуссаны дараа түрхэх бүтээгдэхүүн (aftershave) болон үнэртэй бүтээгдэхүүнүүдээс аль болох зайлсхийгээрэй
Эрчүүдийн тансаг, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид гоо сайхны салбарт түрэн орж ирж байгаа ч тэдгээрийн ихэнх бүтээгдэхүүнүүдэд эрчүүдийн арьсыг цочроох будагч болон үнэртүүлэгч бодис орсон байдаг. “Сүүлийн үед үнэртэн түрхэх явдал ихэссэн. Frangrance free буюу ямар ч үнэртүүлэгч ороогүй гэсэн үг нь дангаараа юу ч илэрхийлж чадахгүй, яагаад гэвэл компаниуд эдгээрийг өнгөлөн далдлаад хийчихдэг болсон.
Та ямарваа бүтээгдэхүүн авахдаа эмзэг арьсанд зориулсан гэсэн бичгийг л харах хэрэгтэй. Aftershave бүтээгдэхүүнүүд нь ихэнхдээ арьсыг түлдэг учраас эмзэг арьстай эрчүүд огт хэрэглэхгүй байх нь зохимжтой. Үүний оронд хөнгөн, тосны найрлагагүй (oil free) чийгшүүлэгчийг чийгтэй арьсан дээрээ түрхэх нь зөв.” хэмээн Канадын арьс судлаач зөвлөжээ.
Батга үүсгэх бүтээгдэхүүнээс зайлсхийгээрэй
Батга аль ч насанд үүсэх боломжтойг хэн ч мэднэ. “Батга нь шилжилтийн насны үеийн асуудал биш, зарим эрчүүдийг энэхүү асуудал насан туршид нь дагадаг. Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү тослог арьстай байдаг. Энэ нь эрчүүдийн тестостерон даавар үсний уутанцарт тос үүсэх үйл явцыг өдөөдөгтэй холбоотой юм.” Батга гарахаас сэргийлэх нэг арга зам нь найрлага дээрээ тосгүй (oil free) эсвэл батганаас сэргийлэх (non-comedogenic) гэсэн бичигтэй бүтээгдэхүүн хэрэглэх юм.
Иэн Ланделлс, “Тосгүй буюу oil free нь non-comedogenic бүтээгдэхүүнтэй бараг ижил ч non-comedogenic гэж бичсэн байвал илүү сайн. Ийм бичигтэй бүтээгдэхүүнийг сайтар туршиж, боловсруулсан гэсэн үг.” хэмээн онцолжээ. Түүний хэлж байгаагаар эдгээр бүтээгдэхүүн нь салициллийн хүчил эсвэл бензилийн хэт исэл агуулсан бол зүгээр гэнэ.
Чийгшүүлэгчийг хэт ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй
Иэн Ланделлс, “Хүмүүс надаас ямар чийгшүүлэгч хэрэглэх вэ гэж их асуудаг. Та хуурай арьстай бол өөрийнхөө арьсанд тохирсон чийгшүүлэгчийг сонгож, арьсаа нойтон байхад нь л түрхэж байгаарай. Чийгшүүлэгчийг арьс чийгтэй байхад буюу дөнгөж нүүрээ угаасны дараа эсвэл шүршүүрээс гарсны дараа түрхэх ёстой. Чийгшүүлэгч нь тосны найрлагагүй, батганы эсрэг үйлчилгээтэй хөнгөн лосьон байх нь зөв. Харин кремүүд нь илүү тослог учраас арьсны нүх сүвийг бөглөх хандлагатай байдаг шүү.” хэмээн зөвлөжээ.