Харшил дархлаа суларсан үед мөн УДАМШЛААР дамждаг
Зуны цагт хүний харшил ихэсдэг. Ургамалын харшил наадмын дараа эрс нэмэгддэг. Тиймээс иргэдэд хэрэгтэй зөвлөмжийг хүргэж байна.
Арьс, өвчин судлалын үндэсний төвд эдгээр өдрүүдэд ачаалал ихтэй байгаа аж. Тус төвөөс иргэдийг аль болох харшилтай гэдгээ ойртуулахгүйгээр эрт оношлуулахыг зөвлөж байна.
Ургамалын аллерги буюу харшил нь модлог, үетэн, хогийн буюу шарилжийн харшил түлхүү байдаг. Ялангуяа наадмын дараа эрс нэмэгддэг байна. Хэдийгээр энэ үед иргэд агаар салхинд их гардаг ч харшилтай гэдгээ мэдсээр байж архи, дарс болон айраг ихээр хэрэглэхгүй байхыг анхааруулав. Мөн модлог ургамлын харшилтай бол алим, түүхий лууванг хэрэглэхийг бүү яараарай.
ХАРШИЛ ДАРХЛАА СУЛАРСАН ҮЕД МӨН УДАМШЛААР ДАМЖДАГ
Аливаа бодисын эсрэг хүний бие махбодын дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг харшил буюу аллерги гэж нэрлэнэ. Харшил хүний дархлаа суларсан үед, мөн удамшлаар дамждаг байна. Зарим иргэд харшилтай болсноо мэдэлгүй олон явж, хүндэрсэн хойно нь эмнэлэгт ханддагийг эмч нар хэлж байв. Мөн харшилтай эцэг, эхийн хүүхэд харшил авах 75 хувийн магадлалтай бол эцэг, эхийн аль нэг нь харшилтай байхад харшил авах 50 хувийн магадлалтай аж.
Ургамалын харшил нь манай оронд дөрөвдүгээр сараас есдүгээр сарыг дуустал үргэлжилдэг улирлын чанартай өвчин юм. Энэ нь дэлхийн хөгжилтэй холбоотой эмгэг аж. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар жил бүр харшлын өвчлөлт тодорхой хувиар нэмэгдэж, 2020 он гэхэд дэлхийн хүн амын 50 орчим хувь нь ямар нэгэн харшлаар өвчлөх магадлалтай байна гэсэн тооцоог гаргасныг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Иргэд хоол хүнс, эм тарианаас харшлахаас гадна олон төрлийн цэцэгт ургамал түүний тоосонцор, үйлдвэрийн болон ахуйн тоос, агаарын бохирдол зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлдөг байна.
УРГАМАЛЫН ХАРШИЛТАЙ ХҮМҮҮС ӨВӨЛ, ХАВАР, НАМАР СОРИЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
Улаанбаатар хотод долоодугаар сараас есдүгээр сар хүртэл шарилж, лууль, шорной, бударгана зэрэг хөл газрын ургамал цэцэглэх үед харшил хөдөлдөг. Энэ үед аль болох хөдөө явах буюу хол байрлах хэрэгтэй. Хэрвээ хол байрлах боломжгүй бол өглөөний 04.00-09.00, оройн 07.00-10.00 цагийн хооронд хаалга, цонхоо онгойлгохгүй өрөөндөө чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэйг зөвлөж байна.
Мэргэжлийн байгууллагаас иргэдийг өвдсөн хойноо эмнэлэгт ханддагийг хэлж байна. Тиймээс аль болох өөрийгөө харшилтай гэдгээ мэдсэн бол эрт шинжилгээ өгч, оношоо зөв гаргахыг хэлж байв. Эрүүл мэндийн даатгалаа тогтмол бөглүүлж байгаа иргэд Арьс, өвчин судлалын үндэсний төвд эрт хандахыг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
Манай улсад одоогоор харшлын эсрэг хоёр вакциныг хийж байгаа аж. Цацлага, тарилгын хэлбэрээр Ээрэм шарилжийн вакцин болон ОХУ-аас/Казахстан/ оруулж ирдэг Антиполлин гэсэн вакцин аж. Сүүлийн үед иргэд харшлыг үр дүнтэй сайн эдгээхийг тулд вакцинд хамрагдах нь ихэсчээ. Вакцин хийлгэсэн иргэд эмчийн хяналтанд байнга байдаг байна. Гэхдээ 4-9 сарын хооронд өвс ногоо ургадаг учир сорилго тавьдаггүй байна. Ургамалын харшилтай иргэд өвөл, хавар, намар сорил өгөх хэрэгтэй аж.
ХАРШИЛ ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
Иргэдэд харшил илрэх дараах шинж тэмдгүүд илэрвэл эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөж байна. Шингэн нус их хэмжээгээр гоожих, хамрын салст эд хөөж хавдсанаар хамар битүүрэх, ойр ойрхон хүчтэй найтаалгах, хамрын салст сэрвэгнэх, нүд улайх, загатнах, эсвэл хорсох шинж тэмдэг илэрнэ. Мөн гэрэлд мэдрэмтгий болж, нулимс гарах ихсэх, амны хөндий загатнах, толгой өвдөх, ядрах, сулдах эсвэл уур уцаар нэмэгдэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Мөн тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалаад янз бүрээр илэрч болох аж.
ХОРИОТОЙ ЗҮЙЛС:
Шарилжийн харшилтай бол
- Наранцэцэгийн самар
- Зөгийн бал
- Апельсин
- Мандарин
- Тарвас
- Амтат гуа
- Айраг
- Гүүний саам
- Помидор
Үетэн ургамалын харшилтай бол
- Киви
- Тоор
- Кофе
- Какао зэргийг идэх хэрэггүйг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Арьсны өвчтэй хүмүүст хориглох хоол, хүнс:
- Архи, дарс, пиво, тамхи
- Өндөр, өндөг орсон бүтээгдэхүүн
- Халуун ногоотой хоол, хиам
- Лаазалсан бүтээгдэхүүн, дарсан ногоо
- Хийжүүлсэн ундаа, жүүс
- Цитрусын төрлийн жимс
- Шоколад, зөөлөн чихэр, бохь
- Хуурсан, шарсан хоол
- Кофе, какао, сүү хэрэглэх хориотой аж.