Наранд борлох нь АРЬС ГЭМТСЭНИЙ шинж
Наранд борлох нь арьс эрүүл байгаагийн шинж огтхон ч биш бөгөөд эсрэгээс арьс гэмтсэний илрэл ажээ. Их Британийн “Эрүүл мэндийн үндэсний албанаас явуулсан судалгаанд дурдсанаар, наранд арьсаа борлуулах хүүхдүүдэд хэрэгтэй гэж британичуудын гуравны нэг нь үздэг бол дөрөвний нэг нь хүүхдүүдээ наранд биеэ шарахыг нь дэмждэг гэнэ.
Наранд биеэ борлуулахын ашиг тус гэж огт байдаггүй бөгөөд харин эсрэгээрээ наранд борлох гэдэг нь арьс ихээр гэмтэж, нарны туяаны хорт хөнөөлөөс өөрийгөө хамгаалахаар оролдож буйн шинж тэмдэг аж. Биед хортой хэт ягаан туяанд өртсөн хүний арьсан дахь меланоцит хэмээх эсүүд нь нарны туяаг шингээн авахын тулд меланин гэдэг хар өнгийн пигментийг ялгаруулдаг байна. Ингэснээр хүний арьс борлодог ажээ. Наранд байнга байх нь нас ахисан үед арьсны хорт хавдраар өвчлөхөд хүргэх магадлалтай гэнэ. Ийм учраас Английн Эрүүл мэндийн үндэсний алба “CoverUpMate” гэдэг кампанит ажлыг өрнүүлж, арьсны хорт хавдрын талаарх мэдээллийг иргэдэд өгч эхэлжээ.
Хэдийгээр нарны туяа нь бие организм дахь Д витамины хэмжээг нэмэгдүүлдэг боловч ийм боломжийг хэтрүүлэн ашиглах хэрэггүй гэж Английн Эрүүл мэндийн үндэсний албаны ажилтан, доктор Найжел Ачесон зөвлөн байна. Тэрбээр “Ямар нэгэн хамгаалалтгүйгээр долоо хоногт нийтдээ 10-15 минутын хугацаагаар хэд хэдэн удаа наранд зогсоход л хангалттай” гэж зөвлөжээ.